Н.МӨНХЖИН
Хасан өвөө хэмээн алдаршсан Оросын хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийн нэг Аслан Усоян мафийн тухай кинон дээр гардаг шиг өчигдөр Москва хотын төвд мэргэн буучийн суманд өртөн амьсгал хураав. Хэвлэл мэдээллийнхэн түүнийг “Оросын мафийн хаан” хэмээн нэрлэдэг байсан юм. Түүнийг нэгэн зоогийн газар гүнцэг барьчихаад гарч ирэхэд хажуугийн байшингийн дээвэр дээрээс мэргэн бууч буудсан хэмээн цагдаагийн газраас мэдээлэв. Хасан өвөөг эмнэлэгт яаралтай хүргэсэн ч шархаа даалгүй нас баржээ. Зоогийн газрын ажилтан эмэгтэй бас суманд өртөн шархадсан хэмээн мэдээлж байна. Энэхүү аллага Кремлиэс нэг км-ийн зайд, Москва дахь Испанийн элчин сайдын яамны хажууханд болсон аж.
Гүржид төрсөн, 75 настай Усоян нь Орос болон хөрш орнууд дахь хууль бус наймааг атгадаг нэгэн байв. Хар залуугаараа гэмт хэргийн ертөнцөд хөл тавьсан тэрээр 19 настайдаа анх шоронгийн хаалга татаж байжээ. Хасан өвөөгийн аллагын дараа Оросын мафиудын хооронд дайн дэгдэнэ хэмээн зарим хүн үзэж байна.
“Өнөөдөр Оросын гэмт хэргийн ертөнц хуваагдаж, шинэ хуваарилалтад орж байна” хэмээн Думын нэгэн депутат Twitter-тээ бичжээ. Хасан өвөө нь Орос дахь хууль бус мөрийтэй тоглоом, хар тамхи, зэвсгийн наймаа, байгалийн баялгийн үйлдвэрлэл зэрэг гэмт хэргийн ихэнх салбарын “Загалмайлсан эцэг” хэмээн тооцогддог байсан юм. Тэрээр Тариел Ониани зэрэг мафийн толгойлогч болон бусад бүлэглэлтэй харгис өрсөлдөөн өрнүүлдэг байв. Түүний өрсөлдөгчид 1998, 2010 онд амь насанд нь халдсан ч тэрээр амьд үлдсэн юм. 2010 онд Хасан өвөөг мөн л хажуугийн байшингийн дээврээс мэргэн буудагч онилж буудсан ч тэсч үлджээ. Бие хамгаалагч нь халхалж түүний амийг аварсан гэдэг. Харин энэ удаа бие хамгаалагчид нь түүнийг халхалж амжсангүй. Өмнө нь түүний амь насанд халдаж байсан хүмүүс энэ хэргийг үйлдсэн хэмээн цагдаагийн нэгэн ажилтан “Интерфакс”-т ярьжээ. Хасан өвөөгийн нэртэй хамтран зүтгэгч, Япончик хочит Вячеслав Иваньков 2009 онд алуулсан билээ.