Ч.ОЛДОХ
Иргэдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хэрхэн эдлүүлэх талаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Л.Батсүхээс тодрууллаа.
- 2012 оны татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх тайланг гаргуулж авах бүртгэлийн ажил эхлээд удаагүй, ямар материал бүрдүүлэх талаар иргэд мэдээлэл багатай байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Иргэд харьяа дүүргийнхээ Татварын хэлтэс, тасагт хандан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах материалаа бүрдүүлж өгч байна. Бид иргэдийн материалыг хүлээж авахдаа Татварын ерөнхий газраас өгсөн удирдамж, Нийслэлийн татварын албанаас өгсөн чиглэлийг баримталж байгаа. Мөн энэ чиглэлээр сургалтад хамрагдсан байцаагч нар иргэдийн тайланг хүлээн авч хянан “Нэг цэгийн үйлчилгээ”-нд оруулан компьютерт шивээд Сангийн яам руу өгөхөд бэлтгэх шат дараатайгаар ажлаа зохион байгуулсан. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хоёр янз байгаа. Хувьдаа орон сууц барьсан буюу худалдаж авсан тохиолдолд хөнгөлөлт эдэлнэ. Мөн сургалтын төлбөрт хөнгөлөлт чөлөөлөлт олгоно. Орон сууц барьсан, худалдаж авсан тохиолдолд 30 сая хүртэл төгрөгт ногдох татвар төлөлтийн орлогоос, сургалтын төлбөр нь төлсөн төлбөрийн орлогын албан татвараас чөлөөлөгдөх журамтай.
-Орон сууцны татварын хөнгөлөлтөөр хүмүүс 30 сая төгрөг буцааж авна гэж ойлгоод байдаг. Энэ тухайд ямар тайлбар вэ?
-Тэр өрөөсгөл ойлголт. Харин хувь хүний орлогын албан татвараас нь чөлөөлж буй юм. Тухайн жилдээ татварт хэдэн төгрөг суутгасан байна, түүнийгээ буцааж авна гэсэн үг. Орон сууцаа 30 сая төгрөг гэж бодоход ерөнхийдөө гурван сая төгрөгийг буцаан авна. Энэ жил 200 гаруй мянган төгрөг буцаан авсан бол дараа жил 300 мянга гэх мэтээр татварт төлсөн мөнгөө буцааж авах юм. Сургалтын төлбөрийн хувьд нэг жилдээ багтаж хөнгөлөлтийн мөнгийг буцаан олгодог.
-Анх бүрдүүлж байгаа болон хоёр, гурав дахь удаагаа материал бүрдүүлж өгөхөд өөр байх уу?
-Анх удаагаа хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх гэж байгаа бол 10 төрлийн материал бүрдүүлнэ. 2-3 дахь удаагаа хөнгөлөлтөд хамрагдахад бүрдүүлэх материалын тоо цөөрнө. Хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах иргэд татварын албаны сайтуудаас мэдээлэл авч, материалаа бүрдүүлэх хэрэгтэй. Мөн татварын албаны утсаар мэдээлэл авч болно. Хамгийн гол нь ирэх сарын 15-ны дотор амжиж материалаа өгч байж татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах учиртайг сануулъя. Энэ жил цагаан сартай давхцаж байгаа учраас татварын байцаагчид шахуу ажиллаж байгааг хаана хаанаа анхаарах учиртай.