Насантуяагийн Жаргалмаа

Энэ жилийн Нобелийн шагналын физиологи, анагаах ухааны салбарын шагналыг Унгарын эрдэмтэн Каталин Карико, АНУ-ын мэргэжил нэгт Дрю Вейсман нар хүртлээ. Тэд 2019 онд дэлхий дахинаа гарсан цар тахлын эсрэг вакциныг гаргах анхны алхмыг нээсэн байна. Тэд вирусын гинжин хэлхээн дэх мэдээллийн РНХ-ийн химийн өөрчлөлтийн хамтдаа судалсан байна. Үүний ачаар цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэх боломж бүрдсэн. Тэдний ачаар олон сая хүний амийг аварч чадсан юм. Шведийн шагналын хороо "Вакцины хөгжилд өмнө нь хэзээ ч байгаагүй өндөр хувь нэмэр оруулсан” хэмээн тодотгосон.

Каталин Карико 1990 оноос эхлэн мРНХ-ийг судалж эхэлсэн байна. Тэрбээр мРНХ-ийн өөрчлөлтийг судалж эмчилгээний зорилгоор ашиглаж болохыг анх анзаарчээ. мРНХ нь бие махбод дахь уургийн  үйлдвэрлэлтэд голлох жор болдог, эсүүдэд уураг үүсгэх заавар өгдгийг нээсэн. Судалгааг үргэлжлүүлэхэд санхүүгийн асуудал тулгарснаас судалгааны тэтгэлэг авахаар шаргуу ажилласан байна. Гэвч тухайн үед шинжлэх ухааны нийгэмлэгүүд ДНХ болон генийн инженерчлэлийг илүүтэй анхаардаг байсан аж. Каталин Карико Пенсильванийн их сургуулийн бүтэн цагийн профессороор ажиллаж байсан ч тэтгэлэг авч чадаагүй учраас тэтгэвэрт гарахаас аргагүй болжээ. Гэвч тэрбээр бууж өгөлгүй судалгаагаа үргэлжлүүлсээр 1998 онд Дрю Вейсмантай танилцсанаар тэдний судалгааны ажил эхэлсэн байна. Тухайн үед доктор Вейсман ХДХВ-ийн эсрэг вакцины шинэ арга барилыг эрэлхийлж байсан. ДОХ-ын эсрэг эмчилгээг олон жилийн турш оролдоод бүтэлгүйтсэн эмч, вирус судлаач тэрбээр доктор Карикотой хамтран ХДХВ-ийн эсрэг вакцин хийж чадна гэсэн найдвар төрсөн байна.

Доктор Вайсман "Бид боломжуудыг олж харсан ч бууж өгөх хүсэлгүй байсан" гэжээ. Гэвч тэдний судалгаа олон удаа бүтэлгүйтэж байсан ч эцэст нь эрдэмтэд эсүүд өөрсдийн мРНХ-гээ химийн тодорхой өөрчлөлтөөр хамгаалдаг болохыг олж мэдсэн. Тиймээс тэд эсэд тарихаас өмнө лабораторит нийлэгжүүлсэн мРНХ-д ижил өөрчлөлт хийхийг оролдсоноор үр дүнгээ өгсөн байна. Өөрчлөлтөд орсон мРНХ-г эсүүд дархлааны сөрөг урвалыг идэвхжүүлэхгүйгээр таньж чадсан. Энэ нээлт нь мРНХ нь дархлааны системтэй хэрхэн харьцдаг талаарх бидний ойлголтыг үндсээр нь өөрчилсөн. 2005 оны энэ нээлтийг “Nature and Science” сэтгүүл хэвлэхээс татгалзсан ч “Immunity” хүлээн зөвшөөрч анх хэвлэн нийтэлжээ.

Удалгүй биотехнологийн хоёр компани судалгааг анзаарч харсан байна. Энэ нь АНУ-ын “Moderna”, Германы “BioNTech” компани юм. Судалгааны багийг доктор Карико ахлан томуу, цитомегаловирус болон бусад өвчний үед мРНХ-ийн вакциныг ашиглах талаар судалж эхэлсэн байна. Үүний дараа коронавирус гарч доктор Карико, Вейсман нарын ажил эхэлж хэд хэдэн судалгаан дээр зэрэг ажиллажээ. Үүнд Канадад хийсэн судалгаагаар хэврэг мРНХ-ийн молекулуудыг хүний эсэд аюулгүй хүргэх боломжтой болсон бол АНУ-д хийсэн судалгаа нь коронавирусын уургийг тогтворжуулах арга замыг нээж өгсөн байна. 2020 оны сүүлчээр дэлхий нийтээр тархсан цар тахлын эсрэг вакциныг үйлдвэрлэхэд бэлэн болсон. Доктор Карико, Вейсман нарын нээсэн өөрчлөлтүүдийг ашигласан аж. АНУ-д “Pfizer-BioNTech” вакцины 400 сая гаруй тун, “Moderna”-ын 250 сая тун вакциныг хэрэглэсэн байна. Мөн дэлхий нийтээр хэдэн зуун сая тунг хэрэглэсэн.

Доктор Карико өнгөрсөн даваа гарагт Пенсильванийн их сургуульд өгсөн ярилцлагадаа “Ээж минь жил бүрийн аравдугаар сард намайг Нобелийн шагнал авна гэж радио чагнадаг” байсан. Тэгэхэд нь би тэтгэлэг ч авч чаддагүй шүү дээ” гэж хэлдэг байсан. Доктор Карико нь 1901 оноос хойш физиологи, анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн 13 дахь, 2015 оноос хойшхи анхны эмэгтэй юм. Энэ шагналыг хүртсэн 227 хүний багахан хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Одоо томуу, хумхаа, H.I.V. өвчний эсрэг мРНХ-ийн технологийг ашиглан вакцин боловсруулж байгаа ч вакцинжуулалтад хүндрэлтэй хэвээр байна. Цаашлаад хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэж ч болох юм. Тэд өвчтөний хавдарт тохирсон мРНХ-ийг ашиглан хүний дархлааны системийг хавдрын  уургийн нэгдлийг устгах мэдээллээр хангаж чадна гэж үзжээ.

Доктор Карико, Вейсман нар мРНХ-ийн вакцины нээлт өвчтөнүүдийн дархлааны тогтолцооны устгалаас зайлсхийж, вакцины уургийн үр ашигтай үйлдвэрлэлийг бий болгоход чухал ач холбогдолтой хэмээн мэдэгдлээ. Кембрижийн их сургуулийн дархлаа судлаач Брайан Фергюсон “2020 оны вакцины технологи, хурдацтай хүртээмжтэй тархалт нь дэлхийн хамтын ажиллагааны үр дүн юм. Энэ хэмжээнд хүрэхэд олон жилийн судалгаа хэрэгтэй. Доктор Карико, Вейсманийн 20 жилийн турш хийсэн судалгаа үүнийг боломжтой болгосон. Тиймээс тэд энэ хүндэтгэлийг хүлээх эрхтэй” гэжээ.

Эх сурвалж: www.zms.mn