Т.САЙХАН

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, түүний үр дүн, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Ирэх оны төсвийн төслийг боловсруулж буй энэ үед аймаг бүрт Ерөнхий сайд, танхимын сайд нарын хамт очиж асуудлыг судлаад саналыг нь тусгаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд улс оронд бий болсон хүндрэлүүдийн шалтгаан, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилгахад чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого” эхнээсээ үр дүнгээ өгч байна. Ялангуяа “Тав Ш” ажиллагаа, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, нүүрсний экспортыг ил болгож,  боомтуудыг төмөр замаар холбох ажлын үр дүн гарч байгааг тэрбээр онцоллоо.

Эдийн засгийн 93 хувь нь уул уурхайгаас хамаарч байгаа өнөөгийн бүтцийг задлах нь чухал. “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн мэдэлд авснаар анх удаа энэ онд 1,8 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлсэн. Нүүрсний худалдааг цахимжуулж, үнийг ил тод болгосноор валютын нөөц өнөөдрийн байдлаар 3.9 тэрбум ам.доллар болсон. Энэ бүхний үр дүнд 2023 оны төсвийн орлого батлагдсан дүнгээс 1.7 их наяд төгрөгөөр давсныг Ерөнхий сайд дурдлаа. Цаашид “Шинэ сэргэлтийн 5 цагариг”-ийг хэрэгжүүлснээр 21 аймгийг бүсчлэн хөгжүүлж, “Мянганы зам”-ын дараагийн үе шат буюу аймгуудыг хооронд нь, боомтуудыг авто замаар холбож, дулаан цахилгаанаар бүрэн хангах боломж бүрдэж, эрчим хүч, дулаан цахилгаан, авто зам, төмөр замын сүлжээ нэмэгдэнэ гэлээ.

Хөвсгөл аймгийн иргэдийн уулзалтад 600 гаруй хүн оролцож, 70 гаруй нь санал, хүсэлтээ илэрхийлж, Ерөнхий сайд болон салбарын сайд нар асуултад нь хариулжээ.  Хөвсгөл аймгийг аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжүүлэх Засгийн газрын зорилт, авлигын эсрэг Ерөнхий сайдын эхлүүлсэн тэмцлийг дэмжиж буйгаа иргэд хэлсэн бөгөөд орон нутгийн чанартай асуудлыг түлхүү хөндлөө. Өөрийгөө санхүүжүүлэх боломжтой аймгуудын нэг нь Хөвсгөл. Тиймээс боломж бүхнээ ашиглах ёстойг Ерөнхий сайд хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 194 (7179)