Х.ХУЛАН
“Эрүүл төрсөн нярай эмнэлгийн орон дээр амиа алдлаа” гэсэн манай нийтлэлийн дараа Хоёрдугаар амаржих газрын Төрсний дараах тасгийн ор 20-оор нэмэгдсэн байна. Салбарын удирдлагууд тус эмнэлгийн нөхцөл байдалтай очиж танилцсаны дараа цоо шинэ орнуудыгөгчээ. Түүнчлэн тусламжийн “Ротари” клубынхан өчигдөр дутуу төрсөн хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлдэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч болон амьсгал соруулагч аппарат тус бүр нэгийг, түүнчлэн нярайн боолтны хэрэгсэл гээд гурван сая гаруй төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл бэлэглэсэн байна.
Хоёрдугаар амаржих газарт өнгөрсөн жил 186 сая төгрөгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг төсвөөс шийдэж өгчээ. Жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулж тоног төхөөрөмжийн шинэчлэл хийдэг ч аль алинд нь элэгдэл хоргодол гардаг болохоор хангалттай биш. Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат л гэхэд дутуу төрсөн хоёр нярайн дунд нэг байх жишээтэй.
Хамгийн гол бэрхшээл нь эмнэлгийн багтаамж, байрны хүртээмж. Сонгинохайрхан дүүргийн 34 хорооны эхчүүдийг Хоёрдугаар амаржих газарт хүлээж авдаг. Өнгөрсөн 2005 онд 300 эх төрж байсан бол өнгөрсөн жил энэ тоо 6590 болж өсчээ. Монголын үрс маш олон болж байна. Энэ үнэхээр сайн. Төрөөс барьж буй хүн амаа өсгөх бодлого биеллээ олж байгаа ч бидэнд олон бэрхшээл байна.
“Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг” шинээр төрж буй үрсийг хүлээж авах эмнэлэг, ор даанч хангалтгүй байна. Үүнээс болж, Хоёрдугаар амаржих газрын Төрсний дараахь тасгийн нэг орон дээр хоёр ээж, хоёр хүүхэд нийлсэн дөрвөн хүн зэрэгцэн унтаж байх үед дөнгөж төрсөн нярай ээжийнхээ хөхөнд даруулж нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Эцэст нь эмнэлэгт ор нэмж тавьсан ч энд ирж нярайлж буй эхчүүдийн тоог гүйцэхгүй нь ойлгомжтой байна. Ийм байхад тэнд ажиллаж байгаа хэдэн эмчч сувилагчийг буруутгаад нэмэргүй. Шинэ эмнэлэг барихгүй л бол төрөлтийн механик өсөлтийг одоогийн байр сав, хүн хүчний тоо цаашид гүйцэж түрүүлэхэд улам л хүнд болох нь. 
Хэдийгээр, Хоёрдугаар амаржих газрын Төрсний дараахь тасагт 20 ор шинээр нэмж тавьсан ч энэ нь нөгөө талаас сөрөг үр дагавар авчирч мэднэ. Нэг хүнд ногдох зай талбай, нярайн амьсгалах агаар тэр багасч байгаа юм. Дөрвөн ор тавих ёстой газар 8-9 ор ногдож байна. Ямар зайд хэдэн ор байхыг стандартаар тогтоочихсон байдаг учраас мэргэжлийн хяналтынхны шалгалтад шууд бүдэрнэ. “Ингэж болохгүй, ороо цөөл” гэсэн шаардлага тавих нь ойлгомжтой. Хэн, хэнийх нь буруу биш болж таарч байна.
Хоёрдугаар амаржих газарт зургаан давхар өргөтгөлийн барилга барихаар өнгөрсөн хавар зураг төслийг нь бүрэн хийж дуусгажээ. Одоо байгаа эмнэлгийнхээ хажууд барихаар газрынх нь асуудлыг ч шийдүүлсэн байна. Зураг төслийг нь гаргахад нийтдээ 200 сая төгрөг зарцуулсан гэж байгаа. Ингээд энэ онд барилгын ажлыг эхлүүлэхэд ямар ч асуудал байхгүй болсон байж. Гэтэл өнгөрсөн оны сүүлчээр НИТХ хуралдаад “Амаржих газар барих хөрөнгө байхгүй” гэсэн шалтгаанаар энэ ажлыг хойшлуулжээ. Амаржих газрын барилгыг барихад ойролцоогоор долоон тэрбум төгрөг шаардлагатай гэж байгаа. Ийм хэмжээний мөнгийг эмнэлэгт зориулахад хүрэлцээгүй бололтой, нийслэлийн төсөв. Ерөөс эрүүл мэндийн салбарт зарцуулах мөнгө хотын төсвийн 3,8-хан хувийг эзэлж байна. Харин жил болгон болсон болоогүй зам тавьдаг, сайжруулдаг ажилд хотын төсвийн 37,6 хувийг цацна. Тодруулбал, хотын авто зам, нийтийн тээврийн салбарт 93.2, харин эрүүл мэндийн салбарт 9.5 тэрбумыг зарцуулах юм. Хэтэрхий харьцангуй тоо биш гэж үү.