ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Өмнөговь аймаг дахь говь Гурвансайхан байгалийн цогцолборт газрын Зүүн сайханы аманд байх, нэгэн гүн хавцлыг Ёлын ам гэнэ. Энэ нь дархан цаазат газарт нэн ховор Ёл шувуу байдаг учраас ийн Ёлын ам хэмээн нэрлэсэн байна. Ёлын амыг гадна, дотны жуулчид ирж үздэг үзэсгэлэнт газруудын нэг юм. Ёлын ам нь мөнх цастай, өвөлдөө хэдэн км урт, хэдэн метр зузаан болдог. Гэвч дэлхийн дулаарлаас сүүлийн жилүүдэд цасгүй болжээ. Далайн түвшнээс дээш дунджаар 2800 метр өндөр. Талбай нь 64 ам км. Зүүн сайхан уулын зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийхан хавцал юм. Ёл нь зөвхөн Төв Азид байдаг агнахыг хориглосон ховор шувуу. 1500-3000 метрийн өндөрт үүрээ засаж амьдардаг онцлогтой. Нуруу нь хөхөвтөр шаргал, хэвлий толгойн хэсэг нь цайвар, эрүүн доороо сахалтай. Амьтдын сэг ясаар хооллодог онцлогтой. Газарт бараг бууж ирдэггүй маш сонор сэжигч шувуу юм.

Бороо хур ихтэй жил хавцлын дээрээс дөрвөн хүрхрээ урсан орж ирдэг байжээ. Нар тусахгүй мөнхийн сүүдэр бүхий сэрүүн газрууд олон байдаг учраас сэнгэнэсэн хүйтэн агаар хавцлын голоор нэвт урсаж байдаг. Хавцлын зарим хадан хана нь 200 метр хүртэл өндөр элгэн эгц байдаг. Зэргэлдээх Мухар шивэрт, Дүнгэнээ амыг бодвол Ёлын ам нь харьцангүй үзэсгэлэнтэй бөгөөд Баяжихын ам руу нэвт гарч болдгоороо онцлог ажээ.

Эх сурвалж www.zms.mn