Н.ЖАРГАЛМАА, Б.ТУУЛ

Монгол, Япон улсын эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан "Таван амьдрал" гэрэл зургийн үзэсгэлэн үзэгч олонд үүдээ дэлгэж, үзэсгэлэнгийн зургуудаа толилуулж байгаа билээ. Тус үзэсгэлэнгээс сэтгүүлч, гэрэл зурагчин Шаравын Отгонжаргалын "Ганц бие ээж"-ийн амьдралыг ийнхүү дурандав.

Гэрэл зурагчин Ш.Отгонжаргал:

Нэг ээжийн амьдралаас нийгмийн амьдралыг харж болно

Гэрэл зурагчин Ш.Отгонжаргал
 

Гэрэл зураг гэдэг дотроо маш олон төрөл жанр бий. Миний хувьд хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчнаар олон жил ажилласан. Энэ удаагийн хамтарсан үзэсгэлэнд оролцсноор би баримтат гэрэл зургийн төрлийг туршиж үзсэн. Энэ төрөлтэй танилцсан. Миний сонгон  авч хамтран ажилсан дүр бол ганц бие ээж.

Ганц бие ээж гээд нийгэмд ярихад өрөвдсөн хөөрхийлсөн дүр зураг их харагддаг. Гэтэл үгүй, эдгээр хүмүүс маш хөдөлмөрч, чанга хатуу амьдрлыг аваад явж чаддаг мундаг эмэгтэйчүүд байдаг юм шүү гэдгийг харуулахыг хичээсэн.

Энэхүү баримтат зургаар нэг хүний амьдралыг харуулаад байгаа мэт боловч үндсэндээ, тухайн цаг үе нийгмийн байдлыг тусгаж харуулж байгаагаараа онцлогтой. Үзэсгэлэнд танилцуулж буй эдгээр зурагнуудаас 10 жилийн уулзалт, ипотекийн зээл зэргийг харж болно. Энэ бол одоо энэ цаг үеийн л онцлог зүйл. 

Магадгүй хэдэн жилийн дараа түүх болоод өнгөрөх зүйлсийг мөнхлөж үлдээж байгаа нь энэ төрөл жанрын онцлог, үнэ цэн оршиж байгаа байх.

Гэрэл зургийн сурвалжлагч хүн маш өргөн хүрээтэй ажилладаг. Төрийн ордон руу орж улс төрийн гэрэл зураг авна. Тэндээс гараад найрын зураг үргэлжлүүлээд авна. Үргэлжлүүлээд спортын гэрэл зураг авах зэргээр ажилладаг.

Залуу гэрэл зурагчид маань өөрсдийн төрөл жанрыг олоод, тэр сэдвийнхээ хүрээнд ажиллаад явах нь маш сонирхолтой хийгээд түүхэн дурсамж болж үлдэх юм байна шүү гэдгийг хэлье. 

Эх сурвалж: www.zms.mn