П.АМГАЛАН
Тайланд улсад зохион байгуулагдаж буй "Miss Grand International 2026" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 24 настай, Хятад улсын Amber Yuhan гэх эмэгтэй оролцож байна гэх мэдээлэл цахим орчинд гарсан билээ. Энэ талаар модель Х.Бадамгэрэл "Монгол улсын яам, холбогдох газрууд анхаарч албан анхааруулга илгээж байж бодитоор ажил болно. Тэгж гэмээн Монгол улс энэ мэт цаашид үл хүндлэгдэх үйлдэлд орохгүй болох боломж бүрдэнэ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монгол Улсын Гадаад Харилцааны Яам анхааралдаа авч эх орныхоо нэр төрийн аюулгүй байдалд анхаарна уу.Үүний зэрэгцээ Монгол Улсын төр, холбогдох яамд олон улсын гоо бүсгүйн томоохон тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож буй монгол бүсгүйчүүд, мэргэжлийн багуудын үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хангалттай хэмжээнд анхаарч, дэмжиж, эрх ашгийг нь хамгаалж ирээгүйг хэлэх ёстой. Монгол Улсын нэр, төрийн далбаа, үндэсний соёл, тусгаар улсын төлөөллийн эрхийг олон улсын тэмцээнд хэрхэн ашиглах талаар төрийн нэгдсэн бодлого, бүртгэл, хяналт, хариуцлагын тодорхой тогтолцоо дутагдалтай байна.
Энэхүү хамгаалалт, хяналтын сул байдлыг зарим гадаадын зохион байгуулагч болон лиценз эзэмшигчид далимдуулан Монгол Улсын нэрийг дур мэдэн ашиглах, олон нийтэд мэдээлэл өгөхгүйгээр төлөөлөгч томилох, Монголын мэргэжлийн салбарын байр суурийг үл хүндэтгэх нөхцөл үүсэж болзошгүй.
Монголын нэрийг олон улсын тайзан дээр гаргаж байгаа Монгол оролцогчид хувийн зардал, багийн хөдөлмөр, байгууллагын дэмжлэгээр эх орноо төлөөлдөг атлаа төрөөс бодитой дэмжлэг, хамгаалалт бараг авдаггүй. Харин нөгөө талд Монгол Улсын нэр, төрийн далбааг хэн, ямар үндэслэлээр ашиглаж байгаад тавих хяналт хангалтгүй хэвээр байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
