Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Хадгаламж бол ирээдүйд ашиглах зорилгоор өнөөдөр үүсгэж буй мөнгөн хуримтлал. Гэвч зарим гэнэтийн зүйлс тохиолдож хадгаламжаа хугацаанаас нь өмнө авах тохиолдол гардаг. Тэр бүрт хүмүүс хадгаламж барьцаалсан зээл авах эсвэл хадгаламжаа цуцлуулах нь бий. 

Тэгвэл хадгаламжаа цуцлахгүй бас барьцаалсан зээл авахгүйгээр мөнгө авч болдог болжээ. Учир нь “Арилждаг хадгаламж” итгэлцлэлийн бүтээгдэхүүн мөнгөний захад шинээр гарч ирсэн байна. Тус үйлчилгээг “Мони маркет фанд” компани болон “Капитрон банк” хамтран үйлчилгээнд нэвтрүүлжээ.

Энэ үйлчилгээ шинээр хадгаламж нээж буй хүмүүст хамааралтай юм. Хадгаламж шинээр нээлгэхдээ “Мони маркет фанд” компанийн цахим системд харилцагчаар бүртгүүлж, Капитрон банкны хадгаламжийн сертификат эзэмшснээр хадгаламжаа арилжах боломж бүрдэнэ гэсэн үг. Тус хадгаламжийн сертификат нь Олон улсад мөнгөний захын хамгийн том, түгээмэл хэрэглэгддэг санхүүгийн бүтээгдэхүүн юм. Тиймээс тус бүтээгдэхүүнийг Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс баталсан Сэндбоксийн зохицуулалтын орчинд, Санхүүгийн зохицуулах хорооны Сэндбоксын зөвлөлийн зөвлөмжөөр тодорхой хязгаарлалтын хүрээнд ийнхүү зах зээлд нэвтрүүлжээ.

Арилждаг хадгаламжийн талаар сонирхож Капитрон банкны төв салбарыг зорилоо. Энэ үеэр Капитрон банкны харилцагч Б.Батням хадгаламжаа цуцалж буйтай таарав. Тэрбээр “Эхнэрээ эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй болж хадгаламжаа цуцлахаар салбар дээр ирлээ. Гэтэл Капитрон банканд хадгаламжаа арилждаг шинэ үйлчилгээ нэвтэрсэн байна. Тэд шинээр хадгаламж нээлгэж байгаа хүн арилжих боломжтой сертификат олгож байгаа юм байна. Сертификатыг эзэмшснээр над шиг хугацаанаасаа өмнө хадгаламжаа цуцлахад хүүгээ бүтэн бодуулж авах боломжтой гэнэ. Шинээр хадгаламж нээлгэж байгаа иргэдэд сайхан боломж гэж бодож сууна” гэлээ.

Хадгаламжаа арилжихын давуу тал нь гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд хадгаламжийн сертификат эзэмшигч нь гэрээний хугацаагаа цуцалж анх тохирсон хадгаламжийн хүүгээ бууруулж авахгүй, эсвэл хадгаламж барьцаалсан зээл авч, нэмэлт хүү төлөхгүйгээр эзэмшсэн хоногоороо хадгаламжийн хүүгээ бүтнээр нь өөрөө авч бусад харилцагч нарт үлдсэн хүү, хугацаа дуусах хүртэл хадгаламжийн сертификатаа худалдах юм. Мөн хоёрдогч зах зээлээс хадгаламжийн сертификат худалдаж авсан харилцагч богино хугацаанд харьцангуй өндөр өгөөж хүртэх боломжтой. Хадгаламжийн сертификатыг анхдагч зах зээлд анх гаргасан банк, түүнийг эзэмшигч, хоёрдогч зах зээлд худалдах болон худалдан авсан харилцагч гэх мэт оролцогч бүх талуудад давуу талтай бүтээгдэхүүн юм байна.

Тэгвэл тус үйлчилгээний талаар "Мони маркет фанд" компанийн захирал Г.Батжаргал “Мөнгөний зах зээлд шинэ үйлчилгээг нэвтрүүллээ. Тус үйлчилгээ нь хадгаламж эзэмшсэн хугацааныхаа хүүг авч болдгоороо давуу талтай.  Жишээлбэл, иргэн жилийн хугацаатай хадгаламж байршуулахад 13.5 хувийн хүүтэй. Харин зургаан сарын хугацаатай бол 12 хувийн хүүтэй. Тэгвэл иргэн зургаан сар болоод хадгаламжаа цуцалвал жилийн хүүгээ авч чаддаггүй. Уг үйлчилгээ нь зарж буй иргэн хадгаламжийн хүүгээ бүтнээр нь авна. Мөн худалдан авсан иргэн үндсэн хугацааны хүүг бүтэн авдаг гэсэн үг. Нэг үгээр надаас миний хадгаламжийг авсан хүн жилийн 13.5 хувийн хүүтэй хадгаламж худалдаж авч байгаа юм. Мөн болзошгүй эрсдэлээс сэргийлж Санхүүгийн Зохицуулах Хороо, Сэндбоксын зөвлөл, түүний ажлын албаны дэмжлэгээр зохицуулалтын орчин бүрдүүлжээ. Тиймээс хууртах эсвэл залилуулах эрсдэл байхгүй. Цаашид бусад банкууд ч бас шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 183 (7168)