Н.ЖАРГАЛМАА

 

Тэтгэврийн шинэчлэлийн талаар ахмадууд Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ.

Тодруулбал, энэ оны зургадугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын 238-р тогтоолоор итгэлцүүрээр ахмадуудын тэтгэврийг арван хувиар нэмэхээр болсон.

Энэ тухай ахмадуудын төлөөлөл “Залуу насандаа улс эх орныхоо бүтээн байгуулалтад гар бий оролцсон ахмадууд бид гомдолтой байна. Бидний тэтгэврийг итгэлцүүрээр тооцохдоо атар талхны үнээр тооцсон хэмээн бидэнд тайлбарлалаа. Итгэлцүүрээр өсгөсөн цалинг арван жилийн өмнөх цалингийн дээд хэмжээ болох 1,404,000 төгрөгөөр тооцож гаргасан байгаа юм. Энэ цалингийн хэмжээнээс тэтгэвэр тооцоход 500-600 орчим мянга гарч байна. Энэ бол байж болохгүй зүйл. Учир нь бид цаг тухай үедээ салбар бүрийнхээ боломжит цалинг авч, урамшуулал, нэмэгдэл цалинтай ажилласан. Үүнийг төр засаг үнэн зөвөөр тооцож гаргасангүй.  Тэтгэвэр нэмэгдсэн нэртэй хэдий ч бодит байдал дээр дөрөвхөн мянган төгрөг л нэмэгдэж байна” хэмээн ярилаа.

Үргэлжлүүлэн “Бид оргүй хоосон зүйл хүсээгүй. Авч байсан цалинг итгэлцүүрээр өсгөөд тэр хэмжээнд нь бодож өгөхийг л хүсэж байна. Гадны орны ахмадууд  тэтгэврээрээ аялж байна. Бидний тэтгэврийг ядаж цайны сүүтэй, үр хүүхдэдээ атга чихэр аваад өгчих хэмжээнд  хүргээд өгөөч л гэж төр засгаас хүсэж байна” гэлээ.

Эх сурвалж: www.zms.mn