Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Бид энэ удаагийн “Төрийн хишигтэн” булангийн ярилцлагын хоймортоо Монгол Улсын гавьяат багш С.Батсуурийг урилаа. Тэрбээр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуульд 40 гаруй жил биеийн тамирын багшаар ажиллахдаа хүүхэд залуусын бие бялдрын хөгжил, эрүүл монгол хүн төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажилласнаас гадна цана, тэшүүр, волейболын спортод хүүхдүүдийг дурлуулж, Хөвсгөл аймагт тус төрлүүд хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 

 

-Саяхан Цагаан-Үүр суманд таны нэрэмжит волейболын тэмцээн болсон гэж сонссон.  Тус тэмцээний сонин сайхнаар ярилцлагаа эхэлье?

-Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум жил бүр сургууль төгсөгчдийнхөө дунд волейболын тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Нэлээд хэдэн жилийн өмнөөс энэхүү тэмцээнийг миний нэрэмжит болгохоор шийдсэн. Ингээд энэ оны хувьд улсын баяр наадмын өмнөхөн болж өндөрлөлөө. Тэмцээнд 30 баг оролцож, гурван өдөр тоглож, аваргаа шалгаруулсан.

-Таны хувьд 40 гаруй жил багшлахдаа сүүлийн жилүүдэд волейболын хичээлийг түлхүү заасан юм билээ. Үүнийхээ үр шимийг хүртэж, өдгөө шавь нараараа бахархаж суугаа байх даа?

-Би 1970 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд бага ангийн багшаар нэг жил, 1974-2019 он хүртэл Цагаан-Үүр сумандаа багш дасгалжуулагчаар ажилласан намтартай хүн. Энэ хугацаанд буюу 1974-1984 он хүртэл биеийн тамирын хичээлийн нийт цагийн 60 хүртлэх хувьд нь цанын хичээлийг түлхүү орж, сургуулийнхаа нийт хүүхдийг цанаар гулгадаг, тэмцээнд оролцдог болгосон. Энэ үед цанын дэд болон мастерын болзлыг 10 гаруй хүн биелүүлсэн байдаг. Харин 1985-2019 он хүртэл биеийн тамирын хичээлийн нийт цагийн 60 хувьд нь волейболын хичээлийг түлхүү зааж бүх сурагчдыг волейболчин болгосон. Миний энэхүү хөдөлмөр зүтгэлийн үр дүн нь энэхүү нэрэмжит тэмцээн юм болов уу гэж баярлаж сууна.

-Танай сумын сургууль биеийн тамирын хичээлийн үзүүлэлт, тэмцээн уралдааны амжилтаараа аймагтаа үргэлж тэргүүлдэг гэж сонссон?

-Манай сургууль 1974 оноос өдийг хүртэл аймгийн аварга шалгаруулах тэмцээний нийлбэр дүнгээр эхний гурван байрнаас мултарч үзээгүй амжилттай яваа. Амьдралынхаа 40 гаруй жилийг тус сургуульд өнгөрүүлж, биеийн тамирын хичээл зааж явсны хувьд миний олон жилийн ажлын үр дүн, өгөөж ч энэ амжилтын буухиад нөлөөлсөн болов уу гэж боддог. Манай сургууль түүхэндээ улсын чанартай цана тэшүүрийн тэмцээнд 50 жил тасралтгүй орж байгаа улсын хэмжээний цорын ганц сургууль гэдгээрээ бахархаж явдаг. Өдгөө сургалтын таатай орчин бүрдүүлж, урлаг спортыг дэмжин ажиллах эрхэм зорилгоо ямагт санаж, 2022, 2023 онд гэхэд л цана, тэшүүрийн улсын аварга шалгаруулах болон хүүхдийн наадмаас 50 гаруй медаль хүртсэн байна. Эдгээр амжилтыг үзүүлэхэд цаг үргэлж дэмжиж ажилласан сумын хурлын дарга н.Мягмарсүрэн, сургуулийн захирал А.Раднаабазар, багш н.Отгонбаяр, Б.Энхбаяр болон сум, сургуулийн удирдлагын багт баярлаж явдагаа илэрхийлье.

-Гэтэл өнөөдөр манай ерөнхий боловсролын сургуулиуд биеийн тамирын хичээлийн цаг, агуулгад төдийлэн анхаарахгүй байгаа нь ажиглагддаг. Бүр заалгүй сургууль ч олон бий?

-Тиймээс л төр засаг, харьяа яам, биеийн тамир спортын агентлагууд биеийн тамирын хичээлийн агуулгыг эргэж харахаас эхлээд мэргэжлийн багш нарыг тал бүрээр дэмжих нь чухал байна. Үүний эхний алхам нь хөдөө орон нутагт тэмцээнд оролцох зардал, байр, хоолны мөнгийг улсаас гаргадаг, аймаг болоод хотод биеийн тамирын заалаар хангалттай хангадаг байх нь чухал. Мөн биеийн тамирын багшийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, санаачилга гаргаад секц хичээллүүлж байгаа багш нарыг урамшуулах нь зүйтэй гэж боддог. Энэ л Монголын ирээдүй болсон хүүхэд залуусыг эрүүл чийрэг, зөв хүн болж төлөвшихөд оруулж буй том хувь нэмэр юм. Гэтэл өнөөдөр дүр төрх эсрэгээрээ байна. Өнөөдөр бид энэ хичээлийн агуулга, бодлогыг хөсөр хаясан.

Гавьяат багш С.Батсуурийн нэрэмжит волейболын тэмцээнийг түүний шавь нар зохион байгуулж, 30 баг оролцож, гурван өдөр тоглон аваргаа шалгаруулжээ.

-Саяхан “Эрүүл монгол хүн” гэсэн аянг хэрэгжүүлэх шиг болсон. Үр дүн нь танд харагдсангүй юу?

-Би энэ аяны нэрийг “Эрүүл чийрэг монгол” гэж сольмоор санагдсан шүү. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүл чийрэг хүн болгож өсгөе гэвэл биеийн тамирын хичээлийн цагийг нэмж, багш нарыг нь дэмжээсэй. Өнөөдөр Монгол Улсын алдрыг тив дэлхийд тамирчид л дуурсгаж байна. Эдгээр амжилт нь багш дасгалжуулагч болоод ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийнх нь суурьтай салшгүй холбоотой. Тухайн багш тэр хүүхдийг спортод дурлуулж, сайхныг мэдрүүлж, суурийг нь зөв тавьсан гэсэн үг. 

-Таны хувьд орон нутгийн биеийн тамирын багш нараас гавьяат цолонд хүрсэн бараг л анхны багш байх гэж бодож байна?

-Ер нь орон нутагт хичээл зүтгэлтэй, сайн багш олон байдаг ч төр засгаас хөдөлмөрийг нь үнэлсэн нь цөөхөн болов уу.  Би 2015 онд 62 насандаа Монгол Улсын гавьяат багш гэдэг эрхэм цолоор шагнуулсан. Энэхүү хүндлэлийг олон зуун шавь нарын минь амжилтын үр дүн, хичээл зүтгэлийн минь шим гэж хүлээж авсан. Мөн 2011 онд Үндэсний олимпын хорооны тэргүүн дээд “Бөртэ-Чоно” шагналыг сургуулийн захирал А.Раднаабазартай хамт гардаж байсан түүхтэй. Үүнээс гадна анх 1982 онд аймгийн хөдөлмөрийн залуу аварга багшаар шалгарч, ХБНГУ руу аялах бичгээр шагнуулж байснаа мартдаггүй. Гал тэргээр долоон хоног явж очоод, их гүрний хөгжил цэцэглэлт сайхантай нь танилцаад ирж билээ. Залуу багшийн хувьд их л урамшиж байснаа санадаг.

-Таны багш болох хүсэл мөрөөдөл хаанаас эхтэй юм бэ. Яагаад заавал биеийн тамирын багш болохоор шийдэв?

-Би Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уугуул. 1970 онд Багшийн техникумыг төгсөөд нэг жил бага ангийн багшаар ажиллаад, өөрийн хүсэлтээр гурван жилийн цэрэгт татагдсан. Албаа хаагаад халагдаад очтол Хөвсгөл аймгийн Боловсролын газраас Ренчинлхүмбэ суманд монгол хэлний багшаар эсвэл Цагаан-Үүр суманд биеийн тамирын багшаар ажиллах санал тавьсан. Тухайн үед мэргэжлийн багш нар их дутмаг байсан үе.  Миний хувьд багшийн сургуульд байхдаа чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан нь энэ мэргэжлийг сонгоход түлхэц болсон байх.

-Таныг очиход Цагаан-Үүр сумын биеийн тамирын хичээл ямар программын дагуу явдаг, хэр хөгжилтэй байсан бэ?

-Намайг очиход тус сургуулийн биеийн тамирын багш нь ажлаа өгөөд удчихсан, сургууль багшгүй байсан юм. Энэ үед би хичээлийнхээ хажуугаар чөлөөт бөх, цана, тэшүүрийн сургалтыг ганцаараа хариуцаад хичээллүүлж эхэлсэн. Намрын цагт онолын хичээлүүдээ заагаад, цас орохоор цан тэшүүрээ өмсөөд гадаа бэлтгэл хийдэг байлаа.

-Зөвхөн бөхийн спортоор дагнаагүй цана, тэшүүрийн сургалт явуулах болсон юм бэ?

-Тухайн үед манай суманд хүүхдүүдэд цан тэшүүрээр гулгахаас өөр сонголт бараг байгаагүй юм. Учир нь өнөө үеийнх шиг зориулалтын том заал гэж байсангүй. Мөн нутаг орны байгалийн тогтоц, цаг агаарын нөхцөлд энэ спорт л төгс зохицдог. Цагаан-Үүр сум өвөлдөө их хүйтэн, өндөр уулаар хүрээлэгдсэн сайхан байгальтай. Тиймээс хүүхдүүд хичээлдээ явахдаа хүртэл цан тэшүүрээрээ тэшээд л ирдэг байсан үе. Дэлгүүрүүдэд ч хэрэглэгдэхүүнийг нь элбэг зардаг байлаа. Миний үеийн хүүхдүүд чинь хичээлээ тараад хацраа хөлдтөл мөсөн дээр хокей тоглож өнжинө. Сургуулийн зүгээс ч цана, тэшүүрийн олон уралдаан тэмцээнийг зохион байгуулдаг байсан юм. Тиймээс энэ спортын сургалт хийхэд надад торох зүйл байгаагүй.

-Хөвсгөл аймгийг хүчит бөхчүүдээр нь л сайн мэдэх юм?

-Цагаан-Үүр сумаас цагийг эзэлсэн Х.Дамдин, Цэвээнравдан, Бээжин гэсэн гурван их аварга төрсөн онцгой нутаг шүү дээ. Мөн улсын бүх цолтой бөх байдаг юм билээ. Тэгэхээр спортын их уламжлалтай газар байгаа биз. Харин хүн амын хувьд их цөөхөн. Сургууль нь дунджаар 500 хүүхэдтэй байсан санагдана. Харин хамгийн харамсалтай нь багш нь ажлаасаа чөлөөлөгдсөн учраас сүүлийн жилүүдэд хүүхдүүд биеийн тамирын ямар нэгэн сургалт, секцэнд хамрагдаагүй, тэмцээн уралдаанд ч ороогүй удчихсан байсан л даа. Хичээл орох заал ч байгаагүй. Би ажлаа хүлээж аваад хамгийн эхэнд цайны газрыг нь нүүлгээд, тухайн заалыг нь засаад биеийн тамирын анги болгож тохижуулж байлаа. Энэ зааландаа онол болоод гимнастикийн хичээлээ давтдаг байсан юм.

-Та хичээлийнхээ цагийн 60 хувьд нь цанын хичээл ордог байсан гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Миний багшаар ажиллаж байх хугацаандаа баримталдаг байсан нэг зарчим нь олон төрлийн спорт руу хөрвөх бус нэг спортоо дагнаж заах байсан. Энэ нь ч үр дүнгээ өгч байлаа. Хүүхэд олон спортын дунд эргэлдэлгүй нэг төрлөөр хичээллэх нь төлөвшил болоод бие бялдарт нь ч эерэг нөлөө үзүүлдэг. Ялангуяа цанын спорт биеийн бүхий л хэсгийг жигд хөгжүүлдэг онцлогтой.  Тиймээс хүүхдүүд ч бэлтгэл хийхдээ их дуртай байдаг. Миний энэ хичээлийн үр дүнд жилийн хугацаанд Цагаан-Үүрийн дунд сургуульд цанаар гулгаж чаддаггүй дунд ангийн нэг ч сурагч байхгүй болж, жишээлбэл,гурван хүүхэдтэй айлын хоёр нь энэ спортод хорхойсч, зөв төлөвшил, хүмүүжлийг олж авсан байдаг.

-Та 40 гаруй жил багшилсныхаа эхний 10 жилд нь цанын хичээлийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн гэлээ. Сүүлийн жилүүдэд нь яагаад больчихсон юм бэ?

-1976 онд Улаанбаатарын Биеийн тамирын улсын хорооноос Сандагдорж гэж дасгалжуулагчийг манай сум руу Цанын өдөр өнжүүлэх бүлэг гэж байгуул гэсэн үүрэг өгөөд явуулсан. Мэдээж мэргэжлийн биеийн тамирын багш ирсэн учраас би секцээ өгөх шаардлагатай болсон юм. Гэхдээ тухайн багш маань надтай хамтраад энэ сургалтаа явуулах хүсэлт тавьсан. Тус өдөр өнжүүлэх нь хичээлийн цаг их шахуу, долоо хоногийн дөрвөн өдөрт дөрвөн цагаар хичээл орж эхэлсэн. Энэ үед манай сумын цанын хүүхдүүд ч ур чадвараараа аймагтаа цойлоод эхэлсэн. Үүнээс нь урам аваад олон тэмцээн уралдааныг зохион байгуулж, сурагчдаа урамшуулдаг байлаа. Эргээд бодоход миний амьдралын, багшаар ажилласан замналын эхний 10 жил яг дүн өвлийн хүйтэнд гадаа өнгөрсөн юм билээ.            

-Ингээд та волейболын хичээлд түлхүү анхаарлаа хандуулах болсон юм уу?

-Би сүүлийн 30 гаруй жилд волейболын  хичээлээ түлхүү заасан. Яг л өнөөх системээрээ буюу биеийн тамирын хичээлийн цагийн 60 хувийг энэ спортод зориулсан. Энэ нь ч үр шимээ өгч, шавь нар минь чамгүй амжилт гаргадаг байлаа. Хэдийгээр Цагаан-Үүр сум хүн ам багатай ч спортын амжилтаараа үргэлж эхний гурван байрт явсаар ирсэн. Амжилт гэдэг хүний цөөнөөс бус тамирчны хөдөлмөр, багшийн зүтгэлээр бүтдэг гэдгийн том жишээ энэ. Гэтэл өнөөдөр манай улс тамирчнаа бэлтгэх ямар ч систем алга. Алга гэдгийн учир нь суурийг нь зөв тавьж чадахгүй байгаа юм. Суурийг зөв тавихын тулд биеийн тамирын багшийг чадавхижуулах нь чухал. Би багшилж байхдаа хичээлийн цагаар нэг ч хүүхдийг зүгээр суулгадаггүй байсан. Хөдөлгөөн гэдэг эрүүл мэндэд ямар хэрэгтэйг ойлгуулахыг, биеэр нь мэдрүүлэхсэн гэж хичээдэг байсан юм. Миний волейболын хичээл багаар бодоход 15 бөмбөгтэй явагддаг байлаа. Хүүхэд бүхэн бөмбөгтэй харилцаж сурсан. Их олон жил хуучин бөмбөгнүүдээ гэртээ аваачиж нөхсөн дөө. Гэтэл одоо зарим сургуульд биеийн тамирын хичээл ордоггүй гэж байх юм. Энэ хичээл монгол хэл, математикийн хичээлтэй эн тэнцүү чухал юм шүү дээ. Биеийн тамир орохгүй, хичээлийн агуулга нь муу байгаа учраас өнөөдөр хүүхдийн таргалалт дээд цэгтээ тулчихаад байна. Өсвөр насны хүүхдүүд элдэв өвчнөөр өвдөж байгаа нь хөдөлгөөн дутмаг болсонтой ч холбоотой.

-Тэгвэл биеийн тамирын хичээлийн агуулга, хөтөлбөрт юуг чухалчлах ёстой юм бэ?

-Одоогийн биеийн тамирын хичээлийн агуулгыг харахад жилийн хугацаанд их олон төрлийн спортыг заах маягтай байна. Үүний оронд нэг орон нутагт бол газар нутгийн онцлог, нөөц бололцооноосоо хамаараад нэг спортыг дагнаж заадаг болчихвол илүү үр дүнтэй юм болов уу. Мөн сумдын сургуулиуд хүүхдийг спортод дурлуулах ажлыг зохион байгуулах  хэрэгтэй. Ганцаарчилсан болон багаараа оролцох олон тэмцээн уралдаан хийж, бяцхан урамшуулдаг байвал их үр дүнтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин: 2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 178 (7163)