Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Өнгөрсөн долоо хоногт болсон эдийн засгийн чухал үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх зорилготойгоор нийслэл бонд гаргахаар болсон. Тэгвэл дээрх хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид өнгөрсөн пүрэв гарагт хүргүүллээ.

Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдал, Өрийн удирдлага, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, журамд нийцүүлэн Улаанбаатар хот нь 500 тэрбум хүртэлх төгрөгийн бондыг нийтэд санал болгохоор төлөвлөжээ.

Бонд гаргах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр нийслэлийн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зэрэг стратегийн томоохон ач холбогдолтой төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэн, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэхэд зарцуулна гэдгийг НЗДТГ-аас мэдээлсэн юм.

Тэгвэл дээрх бондын 177 тэрбумаар урд хөршөөс коксожсон нүүрс авах хүсэлтэй байгаагаа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлсэн юм. Энэ тухайгаа тэрбээр “Дэлхий нийтээр агаарын бохирдлыг бууруулахад коксожсон нүүрс ашиглаж байна. Тиймээс энэ жил идэр гурван есийн хүйтэнд илчлэг сайтай, хоруу чанар багатай коксожсон нүүрс хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс энэ жил урд хөршөөс дээрх төрлийн нүүрс худалдан авч хэрэглэхээр төлөвлөөд байна. Хамгийн боломжит хувилбар энэ” гэсэн юм. Харин иргэдийн хувьд коксожсон нүүрс худалдан авахыг эсэргүүцэж байгаа юм. 

 

Экспорт 2.6 тэрбум доллароор нэмэгджээ

 

Энэ оны эхний хагас жилд манай улс 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 11.8 тэрбум болжээ. Үүнээс экспорт 7.6 тэрбум, импорт 4.3 тэрбум ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.6 тэрбум, экспорт 2.3 тэрбум, импорт 325.6 сая ам.доллароор нэмэгджээ.

Мөн өнгөрсөн зургадугаар сард экспорт 7.4 хувиар, импорт нэг хувиар өссөн юм. Харин гадаад худалдааны тэнцэл оны эхний хагас жилд 3.3 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.  Манай улсын гадаад худалдааны тэнцэл 2006 оноос хойш байнга алдагдалтай гардаг байсан бол 2014 оноос ашигтай гарах болсон. Худалдааны тэнцэл ашигтай гарах нь гадаад валютын орох урсгал, хуримтлалыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн идэвхжил, өсөлтөд эерэгээр нөлөөлдөг.

 

Үерт өртсөн 280 өрхөд таван сая төгрөг олгоно

 

Нийслэлийн хэмжээнд эхний найман сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын 1480 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 58 хүний амь эрстэж, 33 иргэн гэмтэж бэртэн, түлэгдэж, таван тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Тэгвэл Баянзүрх дүүргийн ИТХ-аас Дарь-Эхэд үерт өртсөн 280 өрх бүрд таван сая төгрөгийн нэг удаагийн тусламж үзүүлэх шийдвэр гаргасан байна. Энэ тухай БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр "Дүүргийн Онцгой комиссоос Дарь-Эхэд үерт өртсөн өрхүүдэд таван сая төгрөгийн дэмжлэг олгох санал гаргасан тухайгаа мэдээлж байсан. Үерт өртсөн өрхөд өнчин, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй ээжүүд байна. Орон гэргүй болж айл дамжсан, цэцэрлэг, сургуулийн хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангаж чадаагүй, гудамжинд гуйлга гуйгаад сууж байгаа тохиолдол ч байна. Тиймээс Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид үерт өртсөн 383 өрхөөс нэн шаардлагатай 280 өрх бүрд таван сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргалаа. Дүүргийн ЗДТГ-ын үйл ажиллагааны зардлаасаа танаж, энэхүү тусламжийг өгөх юм" гэлээ. Тусламжийн мөнгийг энэ намар иргэдийн данс руу нь шилжүүлэх ажээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 169 (7154)