Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

“Zero waste" клубийн үүсгэн байгуулагч, хог хаягдалгүй амьдралын хэв маягийг өөртөө дадал болгосон Д.Ууганзаяаг энэ удаагийн “Zero waste” буландаа онцолж байна.

Түүнийг Д.Ууганзаяа гэдэг. Тэрбээр хог хаягдлын салбарт менежментийн үйлчилгээ үзүүлэхээс гадна хэрхэн байгальд ээлтэйгээр амьдарч болох талаар үлгэрлэн яваа эмэгтэй юм. Тэгвэл түүний хог хаягдлын салбартай холбогдох болсон түүхийг сонирхуулъя. Д.Ууганзаяаг хөдөө аяллаар явах бүрт байгальд их хэмжээний хог хаягдал байгаа нь түүний сэтгэлийг ихэд эмзэглүүлжээ. Тиймээс “Zero waste” клубээ үүсгэн байгуулж, хог хаягдлын салбарт ажиллахаар ханцуй шамлан орсон байна. Энэ тухайгаа “2016 оны зун аяллаа дуусаж, гэртээ ирээд хог хаягдлын талаар судалж эхэлсэн. Ингэхэд Улаанбаатар хотын хэмжээнд хог хаягдлын 20 хувийг дахин боловсруулдаг гэдгийг мэдсэн. Үлдсэн хувь нь байгальд буюу хогийн цэгт хаягддаг юм билээ. Анх хогийг түүвэл болох юм байна гэж бодож бүтэн жил хог түүх аян зохион байгуулсан. Гэвч хог хаягдлын асуудал шийдэгдэхгүй байсан. Хог хаягдлын менежментийн хувьд ийм бага дахивар боловсруулж байгаа учир хувь хүн өөрөө л хогоо багасгах хэрэгтэйг ойлгосон. Ингээд өөрийн гаргаж буй хогийг багасгах арга буюу “Zero waste” хаягдалгүй амьдралын хэв маягийг олж уншсан. Ингэхэд гадаадад дөрвөн ам бүлтэй айлын нэг жилийн хог хаягдал 200 грамм байсан. Тэр мэдээллүүдийг уншаад өөртөө хэрэгжүүлэхээр шийдэж эхэлсэн” гэсэн юм.

 

Хог хаягдлаа эргэлтэд оруулснаар баялаг болдог

Д.Ууганзаяагийн алхам даавуун торноос эхлэлтэй. Худалдан авалт хийх бүртээ даавуун тор авч явахаас гадна хог бага гаргах сонголт хийх болжээ. Энэ тухайгаа тэрбээр “Гялгар тор хэрэглэхээ больж, ангилах боломжтой хогоо ангилан “Царцаа ногоон” гээд дуудлагын үйлчилгээнд өгдөг болсон. Гэхдээ одоогоор ажиллахгүй байгаа. Тиймээс “Түвшинсайхан” дахин боловсруулах үйлдвэрт аваачиж өгч байна. Ус, ундаа, лааз гэх мэт том оврын хогоо хогийн машин ирэхээр тусад нь гаргаад өгчихдөг юм. Хогийн машин өөрсдөө ялгаж аваад тушаадаг. Бусад гялгар уут, шил, цаасан хог хаягдал гэх мэт зүйлсээ гэртээ хадгалаад аваачиж өгдөг. Эдгээр хаягдал нь гэрт тийм ч их зай эзэлдэггүй. Хамгийн их зай эзэлдэг нь ус, ундааны сав л байдаг. Тиймээс би хогоо багасгаж, ангилж хаялаа гээд үр дүнгүй гэж бодож болохгүй. Таны уусан ундааны сав хөрсөнд 100-400 жил байсаар байна. Тэгвэл хогоо ангилснаар байгалиа хамгаалж, мөнгөтэй болох боломжтой. Дараа нь дахин боловсруулах боломжтой бүтээгдэхүүнүүд сонгох болсон. Өмнө нь идэж, ууж, хэрэглэдэг байсан бүтээгдэхүүнүүдийн бараг 10 хувь нь л одоо үлдсэн. Ийм байдлаар сонголтуудаа өөрчилсөн. Одоо бол миний хувьд энгийн л амьдралын хэв маяг болчихсон байна. Дэлгүүр ороод авдаг цөөхөн хэдэн бүтээгдэхүүнээ л авна. Хувцас авсан ч тоотой, эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Намайг хүмүүс их төвөгтэй амьдраад байна гэж харах нь бий. Гэхдээ энэ нь эсрэгээрээ энгийн амьдрахад минь л тус дэм болсон” гэв.

 

Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн 50 хувьд нь л "zero waste" шийдэл олсон

Жилд нэг шил хог хаягдал гаргана гэвэл хэний ч ой тоонд буухгүй. Судалгаагаар нэг айл өдөрт нэг тор хог гаргадаг. Харин хоногт багадаа хоёр уут хог хаягдал үүсгэдэг ажээ. Тэгвэл Д.Ууганзаяа нэг жилд нэг шил хог гаргасан байна. Энэ талаараа “Хогийг хогийн саванд хийх нь миний үүрэг гэж боддог байлаа. Гэтэл судлаад үзэхэд гадны улсад нэг айлын жилийн хэрэглээ нь нэг шил хог байсан. Үүнийг сонсоод боломжгүй мэт санагдсан ч туршиж үзэхээр 2019 онд шийдэж байсан. Ингээд дахин боловсруулах боломжтой бүтээгдэхүүн сонгож, түүнийгээ тушааж амьдарсан. Ингэхэд нэг жилийн дараа гэхэд нэг шил хог гаргаж чадсан.  Тухайн үед хог хаягдлаа тэг болгохыг их хичээж, зардал өндөртэй аргуудыг туршиж үзсэн. Гадаадын мэдээллийг хэтэрхий их авчихсан хэрэг. Тухайн улсууд өөрсдөө үйлдвэрлэгч орнууд учир тэндээ боломжийн үнэтэй. Харин Монголын нөхцөлд өртөг нь өндөр. Модон сойз гэхэд 15-20 мянган төгрөг, түүнийгээ гурван сар тутам солино гэхээр харьцуулахад өмнөх бүтээгдэхүүнээс үнэтэй болдог. Гоо сайхан болон угаалгын өрөөний бүтээгдэхүүнүүд хамгийн төвөгтэй нь. Одоогоор дахин боловсруулах боломжтой хуванцар эсвэл дахин ашиглах боломжтой материалаар хийгдсэн сав, баглаатай  гоо сайхны бүтээгдэхүүнүүд ашиглаж байна. Энэ нь эдийн засгийн хувьд ч арай зөв сонголт болж байгаа юм. Энэ талын байгальд ээлтэй бизнес, бүтээгдэхүүн, үйлчилгээ манайд маш бага байдаг. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн 50 хувьд нь л "zero waste" шийдэл олсон. Үлдсэн нүдний тень, харандаа, энгэсэг гэх мэт зүйлс яалт ч үгүй л хог хаягдал болж байна. Харин хөвөн, салфеткан маск гэх мэт зүйлсээс татгалзсан. Өөрсдөө маск найруулдаг хүмүүсээс очиж авдаг” гэв.

Швед, Япон гэх мэт улсад хогоо дахин боловсруулаад эрчим хүч ч гарган авч байна. Манайх шиг ихэнх бүтээгдэхүүнээ гаднаас оруулж ирдэг улсад хог хаягдлаа эдийн засгийн эргэлтэд оруулбал энэ нь өөрөө баялаг болгох боломжтойг ч тэр учирлаж байлаа. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 163 (7148)