Ч.ЗОТОЛ

 

УИХ дахь Эдийн зас­гийн байнгын хороо  “Тө­мөр замын тээврийн та­лаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 32 дугаар тогтоол болон  Уул уурхайн хөгжил түр хороо байгуулах асуудлыг хэ­лэлц­лээ. Эхний асуудлыг хаалт­тай хэлэлцсэн юм. Харин Б.Бат-Эрдэнэ ги­шүүнээр ахлуулсан 18 ги­шүүний гарын үсэгтэй Уул уурхайн хөгжил түр хороо бай­гуулах саналыг хэлэл­цэж  дэмжсэнээр  Төрийн бай­гуулалтын байнгын хороо руу шилжүүлэхээр боллоо.

Байнгын хороогоор хаалт­­тай хэлэлцсэн төмөр замын асуудлыг сэтгүүл­чид ихээхэн  сонирхож    анхаарал хандуулсан. Энэ үүднээс байнгын хорооны хаалгыг сахиж  байсан юм. Хурлын дараа салбарын сайд  А.Гансүхээс  тодруу­лах гэтэл    “Хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийх боломжгүй” гэв.  Харин Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга сэтгүүлчдийн асуултад ингэж хариуллаа.

-М.Энхсайханыг “Монголын Төмөр зам” төрийн өмчит компанийн даргын үүрэгт ажлаас  чөлөөлсөн нь олон асуулт дагуулж байна. Өргөн, нарийн цариг сонгоход санал зөрсөн нь үнэн үү?

-“Төмөр замын талаар төрөөс баримтлах бод­лого”-ыг УИХ 2010 онд  баталсан. УИХ баталсан бол Засгийн газар бие­лүүлэх үүрэгтэй. Бодлогыг хэрэгжүүлэх ажлын хэс­гийг Засгийн газар бай­гуулсан. Түүнд багтсан сайд нар Ерөнхий сайдад  ажлаа тайлагнаж ирсэн. Тэр журмаараа явж байгаа.

-Нарийн цариг манай улсад ашиггүй гэж ярьж байгаагийн үндэслэл юу вэ?

-Төмөр замын өргөн, нарийн царигийн талаар их ярьж байна. Мэдээж бид аль нэгийг нь сонгож батлуулахдаа олон удаа судалгаа  хийж, түүнийгээ олон талаас  нягталж  байж сонгоно. Гэхдээ хүмүүст ойлгуулах үүднээс  эн­гийнээр тайлбарлахад  өнөөдөр бид гурван сая хүрэхгүй хүн амтай ч газрын асар их баялагтай. Үүгээрээ газрын баялгаар бизнес хийдэг дэлхийн бүх орны сонирхлыг татдаг. Энэ тохиолдолд хүн ам цөөн, газар нутаг том, мал аж ахуй эрхэлдэг манай орон газрын баялгаа  бодлогоор  зардаг болохын тулд өргөн, нарийн ца­ригийг маш болгоомжтой сонгох учиртай. Нөгөө­тэйгүүр, эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа, дэлхийн эдийн засагт тэргүүлэх хэмжээнд очиж байгаа манай урд хөршид  эрчим хүч зэрэг асар их баялаг шаардагдаж байна.   Манай улс БНХАУ-д явж буй нарийн царигийг сон­говол баялаг маань ямар ч  хяналтгүй урсч эхэлнэ гэсэн үг.

-М.Энхсайханыг аж­лаас халсны дараа Эдийн засгийн байнгын хороо хаалттай хуралдсан нь анхаарал татлаа. Ямар асуудал хэлэлцсэн бэ?  

-Өмнөх парламентад ажиллаж байсан УИХ-ын гишүүд энэ талаар мэ­дээлэл сайтай байгаа.  2012 оны сонгуулийн үр дүнгээр орж ирсэн ги­шүүдэд илүү их мэдээлэл хэрэгтэй учир дэлгэрэнгүй танилцуулах шаард­лага­тай байснаас хаалттай хуралдсан.

-Ерөнхий сайд хоёр талын байр суурийг сонсч, мэдээлэл авахаар товлосон өдрийн өглөө М.Энхсайханыг ажлаас халсанд  таныг  холбоотой гэж тайлбарласан. Төрийн өмчийн хороо танай яаманд харъяалагдсаны дараахан ийм шийдвэр гарсанд ямар хариу  өгөх вэ?

-Наад асуултаа  М.Энх­сай­ханаас асуу, би мэдэхгүй байна. “Мон­голын төмөр зам” бол тө­рийн өмчит компани. Тө­рийн өмчийн хороо шинэ бүтэцэд орж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд харъяалагдсан. Төрийн өмчөөр хийгдэх олон аж­лыг зангидахын тулд ин­гэж шийдсэн байх.