Б.БЯМБАЖАРГАЛ

 

Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан Багшийн их дүйчэн өдрийг тохиолдуулан Очирваанийн орон номлол бүтээлийн хийдийн шинэ дуганы аравнай өргөх ёслол боллоо. Баянзүрх дүүргийн 27 дүгээр хороо буюу Дарь эхэд Жамсран уулын өвөрт байрлах энэхүү хийдийн шинээр байгуулж буй дуган нь Очирваань бурханы анхны дуган болж байгаа юм. Шинэ дуганы аравнай өргөх ёслолын талаар Очирваанийн орон номлол бүтээлийн хийдийн хамба лам, гэвш Г.Майбаяр “Бурхан багшийн их дүйчэн өдөр, зуны тэргүүн сарын шинийн 15-ны билигт сайн өдрийг тохиолдуулан Очирваанийн орон номлол хийдийн шинэ дуганы аравнай өргөх ёслол болж сүсэгтэн олон өргөнөөр оролцлоо.

Очирваань бурханы анхны дуганыг Жамсран уулын өвөрт байгууллаа. Очирваань бурхан бол Их монгол орныг даагч оройн дээд бурхан юм. Түүнчлэн дуганаас гадна хүүхдийн номын өргөө, хүүхдийн цэцэрлэг байгуулахаар ажиллаж байна. Удахгүй гэр хорооллын хүүхэд, багачуудад зориулсан хүүхдийн номын өргөө, цэцэрлэг үүдээ нээнэ” гэв. Очирваанийн орон номлол бүтээлийн хийдийн дэргэдэх Хүүхдийн номын өргөө, Хүүхэд сургалт, хамгааллын төв ашиглалтад орсноор гэр хорооллын алслагдсан бүсэд амьдарч буй хүүхэд, багачуудын боловсрол, хөгжил, төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

Түүнчлэн Очирваань бурхны дуганыг байгуулсан Жамсран уул нь Улаанбаатар хотод цөөн үлдсэн дагшин газрын нэг бөгөөд хуучин ариун номын газар байсныг хийдийн хамба лам онцоллоо.

Түүнчлэн Бурхан багшийн их дүйчэн өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд хүндэтгэлийн сүрт жагсаал, ёслолын үйл ажиллагааны нээлтийг зохион байгууллаа. Энэ үеэр Наро Банчэн гэгээнтэн сэтгэл тогтоох бясалгал зааж сүсэгтэн олон даган бясалгав. Тэрбээр “Жаргал, зовлон гэдэг бол хүний өөрийн хийж буй сайн, муу үйлийн үр дүн юм. Сайхан сэтгэлийн үүднээс бусдад тустай сайн үйл хийвэл түүний үр дүнд аз жаргал, сайн сайхан ирдэг. Харин бие, хэл, сэтгэл гурваар буруу сэтгэлд автаж бусдад хорлолтой үйл үйлдвэл түүний үр нь зовлон бэрхшээл байна. Энэ бол шашны номлол гэж тодотгохоос илүү байгалийн хууль, бодит байдал юм. Сэтгэлийн ханамжгүй, дотоод сэтгэл уур уцаартай байхад гадна талд хэчнээн амар амгалан байгаад боломжгүй. Аминч үзэл ихтэй байх тусам хүнд асуудал бэрхшээл, зовлон зүдгүүр үүсч учирдаг бол энэрэл нигүүлсэнгүй, нинж сэтгэл хүчтэй байвал амар амгалан ирнэ. Өөртөө аз жаргал хүсдэг шиг бусдад мөн чин сэтгэлээсээ аз жаргалыг хүсч бясалгах хэрэгтэй” гэсэн юм.

Түүнчлэн Монголын Бурхан Шашны төв Гандантэгчэнлин хийд болон бусад сүм, хийд, Бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд хамтран Тахил өргөх үйл ажиллагааг зохион байгуулж ном хурлаа. Сэтгэлийн төөрөгдлийг арилган үнэний зам мөрийг үзүүлсэн Бурхан багшийн ачийг санан дурдаж сургаал номлолыг бясалгаж нийгэмд эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний оюуны өв соёлын өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр Бурхан Багшийн их тэмдэглэлт өдөр буюу их дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар 2019 онд хуульчилсан ч энэ жил амралтын өдөр таарлаа. Бурхан Багш эхийн хэвлийд оршиж номоо номлож хутгийг олж нирваан дүрийг үзүүлсэн гурван том үйл нэг өдөр давхацдаг учраас Их дүйчэн өдөр гэж нэрийддэг. Тэгвэл энэ өдөр 10 хар нүглийг тэвчиж 10 цагаан буяныг туурвих учиртай гэж үздэг. Азийн Бурханы шашинтай улс орнууд 2000 жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн бол 1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 110 (7095)