Т.САЙХАН

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

 

-Төсвийн тодотголыг өргөн барихад бэлэн болсон гэлээ.  Энэ талаар тодруулахгүй юу?

-Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай асуудал хэлэлцэгдэн, шийдэгдэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. 2020 онд Монгол Улсын эдийн засаг хасах 4.6 хувьд хүрч, уналтад орж байсан. Засгийн газар эдийн засгийн талаа оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр 2022 онд  нэмэх 4.8 хувь болж эдийн засаг өссөн. Өмнөх оныхоос 10 орчим хувийн өсөлт үзүүлсэн. Үр дүнд 2022 оны дөрөвдүгээр улиралд эдийн засаг сэргэж, өрийн дарамтаас гарах бодит боломж бүрдлээ.  2023 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын төсвийн орлого давж биелсэн. Эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7.9 хувьд хүрлээ. Энэ нь Азидаа тэргүүлэх өндөр хэмжээний өсөлт гэсэн дүн гарлаа.   Төсвийн орлого давж биелсэн учир сүүлийн хоёр жил нэмээгүй байсан төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, халамжийн тэтгэмжийг нэмэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.  Мөн төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварын сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого барьж байна. Энэ дагуу нэг сарын өмнө Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, ҮАБЗ-д танилцуулж зөвлөмж гарсан.  Монгол Улсын нийт ажиллах хүчний 15 хувь нь төрийн албан хаагч байх зөвлөмж гарсан. Тиймээс үүнтэй холбоотой Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа.  Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрд ажиллах зэрэг уян хатан зохицуулалтыг оруулж өгнө.

-Цалин, тэтгэврийн нэмэгдэлд хэдэн төгрөг зарцуулахаар тусгасан бэ?

 -1.8 их наяд төгрөгийг төсвийн тодотголд оруулж байна.  Үүнээс хамаараад инфляцид тодорхой хэмжээнд өөрчлөлт орно. Статистикийн газраас авсан судалгаагаар инфляцид хоёр орчим хувийн нөлөөлөл үзүүлэхээр байгаа. Гэхдээ ямар бодлого хэрэгжүүлэхээс хамаарч энэ инфляцыг богино хугацаанд буулгах вэ гэх асуудлыг ярьж байна.  Үнийн өсөлттэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан, Ч.Хүрэлбаатар болон ЗГХЭГ-ын дарга миний бие орсон ажлын хэсэг байгуулагдаж байна. Зах зээлд цэвэр өрсөлдөөнийг бий болгох замаар үнийн хөөрөгдлийг бууруулах арга хэмжээ авч ажиллана. Үүний тод жишээ нь агаарын тээврийн салбарт онгоц нисдэг есөн аймгийн тийзийн үнийг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50-70 хувь бууруулах шийдвэр гарсан.

-Хүүхэд хамгааллын асуудлаар ямар бодлого хэрэгжүүлж ажиллах вэ?

- Засгийн газрын барьж ажиллах тэргүүлэх чиглэлийг Монгол Улс дахь хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд анхаарлаа хандуулж ажиллах гэсэн зорилго тавьж байгаа. Энэ хүрээнд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлийн бодлогыг бодитой хийж хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Тэр утгаараа хүүхэд рүү чиглэсэн хөрөнгө оруулалт нь яг хүүхдийнхээ асуудлыг шийдвэрлэхэд зориулагдаж байх ёстой. Гэр бүл, хүүхэд залуучуудын агентлагийг Гэр бүл, хүүхдийн агентлаг болгож өөрчилж байгаа зорилго ч бас үүнтэй холбоотой. Жил бүр хүүхдэд зориулаад төсөв тавигддаг. Харамсалтай нь,  тавигдсан төсвийн 50 хувь нь хүүхдэдээ, үлдсэн 50 хувь нь өөр асуудалд зориулагдаж яваад байгааг цэгцлэхэд бодлого хэрэгжинэ. Хүүхдийн төлөө фонт нь амжилт гаргасан хүүхдүүдэд шагнал урамшуулал болж очихоос гадна энэ фондыг арвижуулах  энэ арвижсан фондоор хүүхдэд зориулсан хөрөнгө оруулалтуудыг бүх төрлөөр хийдэг болох зорилго тавин ажиллаж байгаа.

 

Төсвийн тодотголд ямар асуудлууд багтав

♦ Ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн соёл урлаг, биеийн тамир, спортын салбарын цалингийн доод хэмжээг 590 мянган төгрөг байгааг 1.0 сая төгрөг болгож, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 565 мянган төгрөг байгааг 750 мянган төгрөг болгохоор төсвийн тодотголд тусгажээ.

♦ Нийслэл, орон нутаг, яам, агентлагийн төрийн захиргааны албан хаагчдын үндсэн цалинг нэгдсэн сүлжээгээр зохицуулж, ижил зэрэглэлд хамаарах төрийн тусгай албан хаагчдын үндсэн цалинг адил болгоно. Нийт 213.9 мянган төрийн албан хаагчийн цалин 10-50 хувиар нэмэгдэнэ.

♦ Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спортын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдыг “Төрийн мэргэжлийн үйлчилгээ”-ний нэгдсэн ангилал, зэрэглэлээр цалинжуулна.

♦ Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 325.0 мянган төгрөг, харин хүүхэд, насанд хүрсэн хүн асарч байгаагаас үл хамааран асаргааны тэтгэмжийн хэмжээг 2023 оны амьжиргааны доод түвшинд хүргэж 275.0 мянган төгрөг болгохоор тооцоолжээ.

♦ Ижил ажил мэргэжлээр, ойролцоо хугацаанд ажиллан шимтгэл төлсөн боловч тэтгэвэр тогтоолгосон хугацаанаасаа хамааран зөрүүтэй тэтгэвэр авч байсан 164.6 мянган хүний тэтгэврийн зөрүүг ойртуулна. Үүнд 200.2 тэрбум төгрөг зарцуулна. Хүн бүрийн ажилласан жил, төлсөн шимтгэл хугацаа, авч байсан цалин хөлснөөс шалтгаалан харилцан адилгүй нэмэгдэнэ.

♦ Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэдийн тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан 10 хувиар нэмэгдүүлнэ. Энэхүү арга хэмжээнд 496.2 мянган тэтгэвэр авагч хамрагдан 194.4 төгрөг зарцуулна.

♦ Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, мөн 1-6 сард хамрагдаагүй хүүхдийн мөнгийг нөхөн олгохоор боллоо. Энэхүү арга хэмжээнд 167.2 тэрбум төгрөг зарцуулахаар байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 109 (7094)