Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

МАН-ын бүлгийн хурал өчигдөр өглөө 10.00 цагт эхэлж,  Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.  Улмаар үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж,  “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг  хийлээ.  Үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 

78-г нь мажоритар, 48-г пропорционалиар сонгоно

 

МАН-ын бүлгийн хуралдаанд намын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар оролцжээ.  Бүлгийн хурлаар УИХ-ын гишүүний тоог 126 байхыг дэмжив.  Үүний 78-ыг нь мажоритар тогтолцоогоор, 48-ыг нь пропорциональ тогтолцоогоор сонгоё гэдэгт санал нэгдсэн байна.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Үндсэн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, журмын дагуу гишүүд долоо хоногийн хугацаанд тойрогтоо ажилласан. Ингээд олон нийтийн санал бодол болон бусад асуудлуудаа ярилцлаа.

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт 126 гишүүнтэй  байна гэдэг тоон дээр тогтсон. Үүнийг дэмжиж, гуравдугаар хэлэлцүүлэгт МАН-ын бүлэг 126 гэдэг тоогоо дэмжиж оръё гэж шийдвэрлэсэн. Ингэхдээ 78  нь мажоритар системээр, 48 пропорционалиар явна.   Маргааш /өнөөдөр/болох УИХ-ын байнгын хорооны болон нэгдсэн чуулганд энэ байр сууриа хадгалж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэж дуусгах нь зүйтэй гэж үзлээ" гэв. Мөн тэрбээр “126 гэдэг тоог зүгээр ярьж байгаад гаргаад ирсэн юм биш. 1992 онд шинэ Үндсэн хууль батлахад хоёр сая хүн амтай байсан. Нэг гишүүнд 27 мянган иргэн ногдож байсан. Өнөөдөр гурван сая хүнтэй. Нэг тойрогт 27 мянган хүн байна гэж үзэхээр 125.9 болж байна. Манай бүлгийн гишүүд ярилцаад олонхийн саналаараа энэ тоог гаргасан. Чуулганд ороод 57-гийн босгоо давбал батална.  Намын зүгээс жагсаалтад байгаа хүмүүс нэр цэвэр байх ёстой шүү гэдгийг хэлж байгаа" гэв.

 

Б.Жавхлан: Цалин, тэтгэврийг 10 хувиар нэмнэ

Түүнчлэн бүлгийн хуралдаанаар төсвийн тодотголыг ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ асуудлаар хуралдааны дараа  Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  Х.Булгантуяа нар мэдээлэл өгөв.  Сангийн сайд Б.Жавхлан "Маргааш /өнөөдөр/ Засгийн газрын хуралдаанаар цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэж, саналаа УИХ-д өргөн барина. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт өгнө. Өнгөрсөн хугацаанд буюу нэгдүгээр сараас хойш мөнгөө авч чадаагүй хүүхдийн мөнгийг нөхөж олгоно. Цалин, тэтгэврийн нэмнэ. Ингэхдээ хавтгайгаар нь нэмэх бус тэтгэвэр, цалингийн зөрүүг арилгана. Суурь цалин болон суурь тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулна. Энэхүү үйл ажиллагаанд 1.3 их наяд орчим нэмэлт санхүүжилт шаардлагатай. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 2022 оны төсөв 1.5 их наядын өсөлттэй байсан. Мөн 2023 оны эхний улирлын байдлаар 19.6 сая тонн нүүрс гаргалаа. Одоогийн байдлаар 337 тэрбум төгрөгийн орлоготой байгаа юм. Цаашид үүнийг хадгалах замаар оны эцэст энэ удаа хийж буй тодотголд шаардлагатай санхүүжилтийг хангаж чадна" гэлээ.   Нийслэлийн түгжрэлийг бууруулахад улсын төсвөөс 420 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн. Уг ажилд 187 тэрбум төгрөг дутаж байгаа тул энэхүү санхүүжилтийг мөн гаргахаар болжээ.  Уг санхүүжилтээр хот доторх замуудыг холбоход зарцуулна. Мөн Сэлбэ сэргэлтийг тойрсон бүтээн байгуулалт хийх юм байна.

 

ХНХ-ын сайд Х.Булгантуяа:

-Төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдын хамгийн доод цалин 565 мянга байгаа. Энэ хэмжээг долдугаар сарын 1-нээс 750 мянга болгож нэмнэ. Төрийн үйлчилгээний алба хаагч дотор төрийн нийтлэг үйлчилгээ болон бусад гээд эрүүл мэнд, боловсролоо оруулдаг байсан. Үүнийг нэгтгэж, төрийн мэргэжлийн үйлчилгээ гэдэг нэг ангилалд оруулна. Ингэснээр цалингийн ялгаатай байдал үүсэхгүй. Аравдугаар сарын 1-нээс төрийн захиргааны алба хаагчдын цалин нэмнэ. Яамныхан бол харьцангуй өндөр цалинтай. Агентлаг, аймаг орон нутгийн төрийн захиргааны алба хаагчдын цалин маш бага. Тиймээс төрийн захиргааны алба хаагчдын доод цалинг сая төгрөг болгоно. Төрийн тусгай алба хаагчдын хувьд мөн ялгаатай байсан. Цагдаа нарын цалингийн доод хэмжээг нэг сая болгоно" гэлээ.

 

“Төрийн өмчийн компаниудын тайлан балансыг ил болгомоор байна”

 

Өчигдөр үдээс хойш хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар  “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг  хийлээ.  Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ.

 

 УИХ-ын гишүүн  Э.Батшугар:

-2023 оны эхний дөрвөн сарын инфляц, үнийн өсөлт 11.3 хувь байсан. Үүнээс 42 хувь нь цэвэр хүнсний инфляц байна. Хамгийн өндөр үнэтэй нь мах. Одоо бүр утгаа алдлаа. Он гарснаас хойш махны үнэ 18 хувиар өслөө. 70 сая малтай ард түмэнд махны үнэ өндөр байна гэдэг үнэхээр инээдтэй асуудал. Нийлүүлэлтийг нь дэмжих хэрэгтэй.  Мөн “Эрдэнэс тавантолгой” –н хувьцааны гурван тэрбум нь ард түмэнд бий. 1072 хувьцаагаа амилуулмаар байна.   Энэ бол байгалийн баялгаа ард түмэндээ хуваарилах хамгийн хялбар механизм юм шүү.  Цаашид Төрийн өмчийн компаниудын тайлан балансыг ил болгомоор байна. Эрдэнэт үйлдвэрийн цахим хуудас руу орохоор хаалттай. Зардал, орлого, ашиг нь хэд вэ гэдэг нь мэдэгдэхгүй. Банкууд шигээ улирал бүр балансаа, тайлангаа гаргамаар байна.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дарханы замын бүтээн байгуулалт хэзээ дуусах талаар тодрууллаа.

Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Дарханы зам үндсэндээ бүтээн байгуулалтын ажил эхлээд зургаан жилийнхээ нүүрийг үзэж байна. Таван жил шороон замаар Дархан, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, ОХУ-ын бараа орж ирсэн. Өнгөрсөн жил 50 хувийн ажил дууссан. Шороон замаар иргэд зорчихоо больсон. Энэ жил үлдсэн 50 хувийн ажлыг хийнэ. Таван жил 50 хувийн ажил хийсэн бол энэ жил үлдсэн 50 хувийг нь хийнэ. Энэ ондоо 100 хувь дуусгахаар ажиллаж байна. Төлөвлөгөө тасалдсан, хоцорсон зүйл байхгүй гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. ЛХАГВА ГАРАГ. № 108 (7093)