Төмөрбаатарын Батсайхан
 
Парламент энэ 15-ны дотор багтаж, ирэх оны Төсвийн төслийг батлах учиртай.  Тэгвэл Засгийн газраас багш нарын цалинг нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн учраас ирэх оны төсвийн төсөлд 1.1 их наяд төгрөг нэмж суулгаж шаардлагатай болж байна. Эрх баригч намын зүгээс төсвийн Ерөнхийлөн захирагч нарын зардлыг танах байдлаар багш нарын цалингийн нэмэгдлийг нөхнө гэдгээ мэдэгдсэн. Харин сөрөг хүчин болон зарим парламентын гишүүд төсвийн зардлыг танах өөр өөрийн хувилбарыг танилцуулсаар байна. Урьд өмнө Засгийн газраас УИХ-д төсөв өргөн барьснаас хойш ийм том хэмжээний зохицуулалт хийгдэж байгаагүй учраас ирэх орны төсвийн төсөл энэ парламентын хувьд шинэ сорилт болж байгаа юм.  Хэний төсвөөс 1.1 их наядыг танах вэ гэдэг нь анхаарал татаж байна. 

 

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Төрд 2.7 их наядаар үнэлэгдэх машин байна, үүний зардлыг танах ёстой

-Төрд 2.7 их наядаар үнэлэгдэх 40734 ширхэг тээврийн хэрэгсэл байна. Үүнээс эмнэлэг, цагдаа, онцгой байдлынхыг хасвал 24 мянга гаруй машин дарга, албан тушаалтнуудын хэрэглээнд явж байна. Бүгд жолоочтой, бүгд төрийн зардлаар. Шатахуун, засвар, гараж, жолоочийн цалин гээд төсвийн мөнгө жил бүр асар их хэмжээгээр урсаж байна. Энэ мэт зардлаа танах цаг нь болсон. Хэрэв энэ мөнгө зөв зарцуулагдвал эмч, багш, төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд хангалттай.

 

Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын зардлыг 50 хувиар бууруулна

-Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг бууруулна. Энэ дотроо Нийгмийн халамжийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, улсын төсвөөс санхүүжих, эрүүл мэнд, боловсролын байгууллага, гамшиг осол хамгаалах, эрэн хайх аврах ажиллагааны зардлаар оролдохгүй. Засгийн газрын зээлийн үйлчилгээний хүүгийн зардал, гадаад зээл тусламжаар санхүүжих урсгал зардал, хүүхдийн мөнгөөр оролдохгүй. Энэнээс бусад бүх зардлыг 10-13 хувиар оролдохоор харагдаж байгаа. УИХ-ын гишүүдийн дотоод зочин хүлээж авах зардлыг танана. Хөрөнгө оруулалтаас эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулна. Шилжих хөрөнгө оруулалтын зардлыг 15 хувиар бууруулахаар яригдаж байна. 

 

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:  Гишүүд дундаж цалингийн хэмжээгээр цалинжаад явъя

-Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, цалин, чанар зэрэг асуудлыг хэлэлцлээ. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нурчихсан гэхэд болохоор байна. Иргэд даатгал төлдөг ч очоод үйлчилгээ авч болдоггүй, хувиасаа төлбөр тооцоогоо хийдэг гэхчлэн олон асуудал бий болсон. Монгол Улс  төсвийнхөө өндөр хувийг эрүүл мэндийн салбарт оруулдаг ч өгөөж байдаггүй салбар болсон. Дэлхийн хөгжингүй орноос ч өндөр хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт хийсэн ч үр өгөөж, үр нөлөө байхгүй. Эмнэлгээс гадуур нас барж байгаа иргэний тоо өссөн зэрэг асуудалтай салбар болсон.Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын дундаж цалин 2.5 сая төгрөг. Монгол Улсын дундаж цалин 2.7 сая төгрөг. Эрүүл мэндийн салбарынхны дундаж цалин улсын дунджаас бага байна. УИХ-ын гишүүд ард иргэдийн төлөөлөл юм бол иргэнийхээ ажил хөдөлмөр эрхлээд авч байгаа дундаж цалингийн хэмжээгээр цалин авдаг болбол ямар вэ. Салбарынхаа дундаж цалингаар сайд нь цалинждаг байвал ядаж цалингаа сайд мэддэг байх юм биш үү. Хамгийн өндөр нь уул уурхайн салбарынхны дундаж цалин таван сая төгрөг юм байна, хөдөө аж ахуйн салбарын дундаж цалин 2.1 сая гээд сар бүр гаргадаг статистик байна. Үүн дээр  бодлогын шийдэл гаргаж ажиллах ёстой. 

 

УИХ-ын гишүүн Б.Түвшин: Урсгал  зардлаас 416 тэрбум төгрөг хэмнэх боломж байна

УИХ-ын гишүүн Б.Түвшин урсгал  зардлаас 416 тэрбум төгрөг хасах боломжтой гэсэн тооцоог танилцууллаа.  Түүний хэлснээр, хэмнэлтээс гарах хөрөнгийг дараах байдлаар зарцуулах санал гаргасан байна.
Үүнд:
-Улсын хэмжээнд зайлшгүй шаардлагатай зам, дэд бүтцийн ажилд 30–40 тэрбум төгрөг
-Хэдэн жилийн өмнө барьж эхлээд гүйцээгүй, балгас болох гэж буй барилгын ажлыг дуусгахад 1.4 тэрбум төгрөг зарцуулах
-Ингэснээр нийт 50 орчим тэрбум төгрөгийг нийгэмд шаардлагатай төслүүдэд чиглүүлэх
-Харин үлдсэн 350–360 орчим тэрбум төгрөгийг багш, эмч нарын цалингийн нэмэгдэлд зориулах нь зүйтэй гэж үзжээ. Мөн тэрээр  “Хэмнэлт гаргасан төсвийг зөв чиглэлд, иргэдийн амьдралд бодитоор нөлөөлөх салбарт зарцуулах нь хамгийн оновчтой алхам” гэж онцлов. Түүний гаргасан энэ зарчмын зөрүүтэй санал нь улсын төсвийн үр ашгийг нэмэгдүүлж, боловсрол, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой гэж үзэж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭ САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 209 (7706)