С.САРУУЛ

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шил" ажиллагааны хүрээнд зургаан сангийн мэдээллийг shilen.gov.mn-д байршуулж буй талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө. Тэрбээр "Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Эрүүл мэндийг дэмжих сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Ирээдүйн өв сан гэсэн зургаан сангийн мэдээллийг shilen.gov.mn-д нээлттэй байршууллаа.  Ирээдүйн өв сангийн хуримтлал 2020 оны жил эцсийн байдлаар 2.6 их наядын үлдэгдэлтэй. 2022 онд 1.4 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөн хуримтлалд зарцуулсан гэх мэдээлэл байна.

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь улсын төсвөөс санхүүждэггүй мөртлөө нийгмийн хариуцлагын хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшиж буй компаниудын татварын дараах гурван хувиар санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг. Бие даасан нэгж бүрэлдэхүүн байхгүй гэсэн үг. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018-2022 оны орлогын бүрдүүлэлт болон зарцуулалтын байдлыг эрүүл мэндийн байгууллага бүрээр гаргаж нээлттэй байршуулж байна. Тус сан нь 2022 оны жил эцсийн байдлаар 3,092 эрүүл мэндийн байгууллагад 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон.  Мөн өнөөдрийн анхаарал татсан сэдэв бол нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг нийтэд ил болгож байна.

Нийслэлийн есөн дүүргийн үе үеийн Засаг дарга нарын 310,503 газар олголт, газар зүй геодез, зураг зүйн мэдээлэл ил боллоо. Нийслэлд нийтийн эзэмшил, хүүхдийн тоглоомын газарт барилга байшин барьж, зөвшөөрөл авсан мэдээллүүдийг харах боломжтой боллоо. Үүнд 2000-2023 онд Чингэлтэй дүүргийн 35,049 газар, Баянзүрх дүүргийн 86,051, Сүхбаатар дүүргийн 51,477 газар, Баянгол дүүргийн 10,744 газар олголтын мэдээлэл бүрэн ирсэн.Харин Багануур дүүргийн 2000-2021 оны хооронд олгосон 10,487 газар буюу тус дүүрэгт хоёр жилийн газар олголтын талаарх мэдээлэл ирээгүй. Налайх дүүргийн 2000-2020 оны газар олголтын мэдээлэл ирсэн бөгөөд сүүлийн гурван жилийн мэдээлэл ирээгүй байна.

Хан-Уул, Багахангай дүүргийн 2000-2010 оны газар олголтын мэдээлэл ирсэн байна. Хан-Уул дүүргийн сүүлийн газар олголтын мэдээллүүд ирээгүй. 2013-2023 онд олгосон Сонгинохайрхан дүүргийн газар олголтын 74,021 мэдээлэл бүрэн ирсэн.  Нийслэлийн Засаг дарга нар мэдээллээ ирүүлсэн. Харин зарим дүүргийн Засаг дарга нар мэдээллээ дутуу ирүүлсэн байна. Гэхдээ Ерөнхий сайдын албан үүргийн хүрээнд мэдээллээ багтааж өгөхөө хэлсэн" хэмээн ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn