П.АМГАЛАНБАЯР

УДБЭТ дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийн нэг Ж.Бизегийн “Кармен” дууриар хөшгөө нээлээ. Энэ удаа шинэ Кармен, удирдаач гээд залуу уран бүтээлчидтэй “Кармен”-аар үзэгчтэйгээ уулзаж буйгаар онцлог. “Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа энэ удаагийн "Кармен" дуурийн тоглолтыг удирдах УДБЭТ-ын залуу удирдаач Т.Юндэнтэй ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр МУК-ын Урлаг судлалын ухааны докторант, ОХУ-ын Новосибирск хотын М.Глинкийн нэрэмжит консерваторид дуурийн удирдаач мэргэжлээр суралцдаг шинэ цагийн чадварлаг боловсон хүчин юм.

-Ж.Бизегийн агуу бүтээл болох "Кармен" дуурийг анх удаа удирдаж тайзнаа гарлаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-"Кармен" дуурийг удирдахаар эх орондоо ирээд байна. "Кармен" бусад дууриас ялгаатай хүнд дуурь. Гэхдээ үүнийг хүнд гэж цааргалахаас илүү боломж гэж харж байна. Энэ дуурь нэг талаараа надад том шалгуур болж байгаа. УДБЭТ-ын уран сайхны бодлого хариуцаж удирдлагад ажиллаж байгаа албан хаагчдын ихэнх нь залуус. Тиймээс залуучуудад боломж олгох, шинэ зүйл хийх итгэл найдварыг төрүүлэх тал дээр дэмжиж ажиллаж байна.Тэр ч утгаараа надад итгэл төрүүлж энэ том дуурийг удирдах боломж өгсөн. "Кармен" дуурийг жил гаруй хугацаанд тоглоогүй. Энэ удаагийн тоглолтод Соёлын тэргүүний ажилтан М.Дариймаа, залуу гоцлооч солист Т.Чулуунчимэг гэсэн хоёр Карментайгаар үзэгчдэд хүрч байна.

-Монголын сонгодог урлагийн түүхэнд шинэ "Кармен" төрсөн нь онцлог юм байна гэж ойлголоо?

-Тийм ээ. УДБЭТ шинэ Карменаа өлгийдөн авахаар бэлтгэл сургуулилтаа шахуу хийсэн. Өнөөдөр тоглох "Кармен" нэлээн онцлог байх болов уу гэж харж байгаа. Шинэ залуу дуучдаа шинэ дүрээр нь театртаа өлгийдөн авах гэж байгаа явдал нь шинэлэг байх. Шинэ "Кармен" Т.Чулуунчимэг түгээмэл байдаггүй ментс хоолойтой дуучин. Тиймээс энэ хоолойд зориулж бичсэн ганц гранд дуурь нь Ж.Бизегийн агуу "Кармен" дуурь юм. Ментс хоолойтой дуучид "Кармен" дууриар театрын босгыг алхаж, өөрийгөө бусдад таниулж хүлээн зөвшөөрүүлэх нэг алхам болдог.

-Уран бүтээлч бүр өөрийн гэсэн арга барил онцлогтой байдаг. Энэ удаагийн "Кармен"-аас шинэ удирдаачийн арга барилыг үзэгчид харах байх?

-Би өмнө нь голдуу бүжгэн жүжгийн уран бүтээлд удирдаачаар ажиллаж байсан. Дуурийн уран бүтээлээс "Учиртай гурван толгой"-г удирдсан. Дэлхийн сонгодог хөгжмийн түүхэнд удирдаач бүр онцлог арга барилтай байдаг. Тэр ч утгаараа энэ удаагийн "Кармен"-нд УДБЭТ-ын удирдаач Юндэнгийн оруулсан шинэлэг зүйлүүдийг гаргахаар хичээн зүтгэж байна. Өмнө нь манай театрт тоглодог байсан "Кармен" дуурийг үзэгчид маань үзвэл залуу удирдаач Юндэнгийн удирдсан "Кармен" юугаараа онцлог бол гэдгийг харах байх. Дуурийг удирдах болсноо мэдээд судалгаа хийсэн. "Кармен" дууриар эрдэм шинжилгээний ажил байдаг. Ихэвчлэн франц хэл дээр байдаг учраас хэлний бэрхшээл тулгарсан. Гэхдээ боломжийнхоо хэмжээнд судалж, тухайн цаг мөчид амьдарч байсан хүмүүсийн амьдрал, цыган хүний цусанд байгаа онцлогийг уншиж байж, хөгжим нь үүний төлөө ингэж бичигдсэн байна. Энэ шинж чанарыг нь хадгалж үлдье гэж өөрийн арга барилын хүрээнд бодож, дуурийнхаа хамт олонтой ажиллаж байна.  

-"Кармен" дууриар үзэгчидтэйгээ уулзлаа. Сандрал, догдлол дүүрэн байгаа болов уу?

 -Залуу хүн болоод тэр үү сэтгэлийн хөдөлгөөн байна. Гэхдээ энэ бол ухаантай уран бүтээлч бүрт байдаг мэдрэмж. Уран бүтээлч хүнд тодорхой хэмжээний айдас, түгшилт байх ёстой. Тэгж гэмээнэ урлаг амьд байдаг. Сэтгэл зүйн бэлтгэлийг анх "Кармен" дуурийг удирдах боломж олдсон цагаас хийж эхэлсэн. Зарим үзэгдэлд өөрийгөө ажиглахад магадгүй залуудаж болох юм гэсэн дүгнэлтэд хүрч байна. Тэр болгоныг давж, дуурьдаа гологдохгүйн тулд их хичээж, уншиж, бодсон. Гэхдээ гол нь тоглолт маань сайхан болох нь чухал. Тиймээс сонгодог урлагт хайртай, дэмждэг шимтэн сонсдог үзэгчиддээ "Кармен" дуурийг ирж үзээрэй гэж уръя. Бид бүхэнтэй хамт УДБЭТ-ын түүхэнд шинээр бичигдэх гэж байгаа залуу Карменыг өлгийдөн аваарай.  

-Мэргэжил бүхэн өөрийн онцлог, сайхан мөн чанартай. Ямар үед энэ мэргэжлийн эзэн болсноороо бахархаж байв?

 -Удирдаач хийсвэр ойлголтын мэргэжил. Удирдаач хүмүүс бүх зүйлээ дотроо боддог. Тэр бүхнээ дандаа гараараа үзүүлдэг. Гарынхаа хөдөлгөөн техникээр чиглүүлж байдаг. Залуу хүн энэ олон жил ажилласан туршлагатай, хүчтэй хамт олны өмнө гараад удирдаад зогсож байгаа мэдрэмж нь надад сайхан байдаг. Удирдаачид тоглолт эхлэхийн өмнө үзэгчтэйгээ мэндэлж, тоглолт өндөрлөсний дараа үзэгч рүү хараад ёсолно гэдэг хамт олноо төлөөлөөд үзэгчдэд үзүүлж байгаа хүндлэлийн хамгийн том хэлбэр юм. Үзэгчид рүү хараад ёслоход "Би ямар азаар удирдаач болоо вэ" гэж бодогддог.

-Өөрийнх нь хувьд шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Мэдээж ажил болгонд алдаа оноо бий. Би магтаал гэхээс илүү шүүмжлэлд ач холбогдол өгдөг. Шүүмжлэл урлагийн хүмүүст толь болдог учраас шүүмжилдэг байгаасай гэж уран бүтээлчид хүслэг. Шүүмжлэлээс өөрийгөө олж харж, алдаа дутагдлаа залруулж байж, сонгодог урлаг өнгөрсөн 60 жилээс дараагийн 60 жил рүүгээ хөгжиж сайжирч явах ёстой. Тиймээс шүүмжлэлийг би ташуур гэж ойлгодог.

Эх сурвалж www.zms.mn