Б.БЯМБАЖАРГАЛ

 
"Тэргүүн тэлмэн" компанийн захирал Б.Энхбаяр.

Хөдөө аж ахуйг байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон,  хариуцлагатай, бүтээмж өндөр, эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилтыг “Алсын хараа-2050”-д тусгасан. Тэр дундаа уламжлалт өв соёлыг хадгалсан бэлчээрийн аж ахуйг зонхилон, дэвшилтэт технологи, техник бүхий эрчимжсэн аж ахуйг хот суурин орчимд бүсчлэн хөгжүүлж, нөөцийг тогтвортой, зохистой ашиглан, ногоон эдийн засгийн чиг баримжаатай мал аж ахуйг хөгжүүлнэ гэж заасан байдаг. Үүнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийг Засгийн газраас тариалангийн бүс нутаг хэмээн зарлаж, холбогдох олон шийдвэрийг гаргасан. Газар тариалангийн бүс нутгийн цаашдын хөгжил нь газар тариаланг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэхээс ихээхэн хамааралтай. Тэгвэл эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, цөм сүргийг сайжруулах зорилготой “Тэргүүн тэлмэн” компанийн үхрийн аж ахуйтай танилцлаа. Эднийх Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх зорилт тавьж, барууны эрчимжсэн мал аж ахуйн хэв маягийг баримтлан махны чиглэлийн үхрийн фермийг байгуулан ажиллаж байна. “Тэргүүн тэлмэн” компани 2021 оны тавдугаар сараас Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ жишиг фермийн ерөнхий захирал Б.Энхбаяр нь эрхзүйч, эдийн засагч мэргэжилтэй ч сонирхлоо даган хөдөө, орон нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр зориг шулуудан эхлүүлээд хоёр жилийг үджээ.

Сэлэнгэ аймагт  “Газар агро”, “Хүчү агро”, “Гацуурт”, “Тэргүүн тэлмэн” компаниуд махны чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй эрхлэн үйл ажиллагаа явуулдаг. Тэдний нэг “Тэргүүн тэлмэн” компанийн үхрийн фермтэй танилцахад ариутгал, халдваргүйжүүлэлтээс эхлээд нямбай ажилладаг нь харагдав. Фермд малын халдварт өвчин нэг л тархахад олноор халдварлах эрсдэл өндөр учраас гаднаас ирж буй хүмүүсийн гутлын улыг ариутгах нь тун чухал гэдгийг тайлбарлав. Энэ ферм одоогоор 270 орчим үхэртэй. Сэлэнгэ үүлдэрийн үхрийг махны чиглэлийн Герефорд бухтай үржүүлж цөм сүргийг сайжруулахаар зорьжээ. Мөн зохиомол хээлтүүлгээр үр суулгахаас гадна дэлхийн махны чиглэлийн үүлдэрлэг байдлыг тодорхойлогч Абердин-Ангус үүлдэрийн бухтай үржүүлж байгаа аж. Сэлэнгэ үүлдэр нь байгалийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд амьдрах чадвар өндөр, ашиг шим их, уламжлалт мал маллагааны аргаар өсгөн үржүүлэх боломжтой гэж малчид, мэргэжилтнүүд дүгнэдэг байна.

Энэ талаар “Тэргүүн Тэлмэн” компанийн ерөнхий захирал Б.Энхбаяр “Манай компани дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үхрийн эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан эрхэлж байгаа. Манай компани эрчимжсэн мал аж ахуйгаа барууны хэв маягаар хөгжүүлэхээр зорьж байна. Тухайлбал, өнгөрсөн жил өөрийн биеэр Герман, Франц, Итали, Швейцар улсуудаар эрчимжсэн мал аж ахуй, үржүүлгийн талаар бизнесийн туршлага судалж явлаа. Одоогоор аж ахуй эрхлээд хоёр жил болж байгаа учраас ашиг хүртэж чадаагүй байна. Үр ашгаа багадаа таван жилийн дараагаас өгнө гэж тооцсон” гэдгийг онцоллоо.

 

Хосолсон маллагаа, халдаг гүний худагтай фермер

 

“Тэргүүн тэлмэн” компани нь  үхэр сүргээ тэжээлээр тэжээхээс гадна уламжлалт бэлчээрийн аж ахуйг хослуулдгаараа онцлогтой. Тухайлбал, тавдугаар сараас арваннэгдүгээр сарын сүүл хүртэл үхэр сүргээ бэлчээрлүүлж өвөл, хаврын тарчиг цагт тэжээлээр тэжээдэг. Үхрийн эрчимжсэн фермээс гадна газар тариалан хамт эрхэлдэг учраас үхрийн тэжээлээ өөрсдөө бэлтгэдэг гэв. “Тэргүүн тэлмэн” компанийн фермийн байр нь задгай буюу өндөр хашаатайгаараа онцлог аж. Битүү байрнаас илүү задгай талбайтай, өндөр хашаатай байх нь гадны нөлөөллийг багасгаж салхийг илүү сайн хааж үхрийг тарга тэвээрэг алдахгүй өвөл, хаврын хатуу цагийг давахад чухал ач холбогдолтой байдаг аж. Мөн задгай талбайтай учраас олон тооны үхэр өсгөх боломжтой. Түүнчлэн үхрийг гүний хүйтэн усаар услах нь дотроосоо хүйт орж тарга хүч алдахад хамгийн их нөлөөлдөг байна. Тиймээс 15 градус хүртэл халаадаг гүний худгийг фермдээ байгуулсан нь онцлог бөгөөд олон давуу талтайг ерөнхий захирал Б.Энхбаяр тайлбарлав. Тариалангийн талбай нь фермээсээ гурван километрийн зайд байрладаг. Сэлэнгийн үржил шим сайтай 200 га талбайд тэжээлийн ургамал, овьёос, улаанбуудай тариалдаг. Газар тариалан, үхрийн фермдээ 11 ажилтантай. Ихэнх нь нутгийн иргэд, гэр бүлийн хүмүүс ажилладаг. Фермийн хашаандаа ажилчид, харуулын байрлах байрыг тохилгоор шийдэж ажилчдын тав тухтай ажиллах, амьдрах орчныг бүрдүүлжээ.

 

Бодлогын дэмжлэг бодит байдал дээр дутмаг байна 

 

Одоогоор махаа зарахаас илүү үржлийн борлуулалтад анхаарч ажиллаж байна. Учир нь 24-30 сартайгаас махны зориулалтаар нядлах боломжтой болдог аж. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад урт хугацааны дараагаас үр ашгаа өгдөг учраас ферм байгуулах, махны чиглэлийн үхэр үржүүлэхэд хүндрэлтэй байдгийг аж ахуй эрхлэх сонирхолтой иргэд онцолдог. Тэгвэл энэ талаар “Тэргүүн тэлмэн” компанийн ерөнхий захирал Б.Энхбаяр “Фермээ байгуулахад гурван тэрбум төгрөгийг хувиасаа гаргаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Махны чиглэлээр эрлийзжүүлсэн тугалыг 24-30 сартайгаас нь нядалгаанд оруулдаг учраас тэр хүртэл оруулсан мөнгөө түгжих болдог нь хүндрэл үүсгэдэг. Урт хугацаанд буюу хоёр жил гаруй хугацаанд мөнгөө түгжих боломжтой хувь хүн цөөн. Тэгэхээр эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг хэрэгтэй. Фермээ хөгжүүлэх зорилгоор олон орноор туршлага судалж явлаа. Эрчимжсэн мал аж ахуй өндөр хөгжсөн орнууд олон төрлийн хөнгөлөлт, урамшууллыг олгодог юм билээ. Манай улсад төр засгаас үзүүлэх дэмжлэг дутмаг татварын хөнгөлөлт байдаггүй нь эрчимжсэн мал аж ахуй хөгжихөд том бэрхшээл болдог. Би фермдээ гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан ч ЖДҮ-ийн сангаас 300 сая төгрөгийн зээл олгохгүй байна” гэсэн юм. Түүнчлэн фермд өсгөсөн үхрийн махыг борлуулахад нэмүү өртгөө шингээх шаардлагатай. Гэвч нэмүү өртөг шингээсэн ханш нь одоогийн зах зээлд борлуулагдаж буй махны үнээс өндөр тул иргэдийн худалдан авалт бага. Эднийх туршилтаар үхрийн махаа борлуулахад 11 мянган төгрөгөөр л борлуулсан нь алдагдалтай байгааг онцолж өөрсдийн жижиг махны дэлгүүр нээж зориулалт бүрээр тусгайлан бэлтгэж борлуулах төлөвлөгөөтэй байгаа гэв.

Мах бол монголчуудын өдөр тутмын гол үндсэн хүнс. Тийм учраас гарал үүсэл тодорхой, мал, махныхаа эрүүл, аулгүй байдлыг хангах нь чухал. Тиймээс төрөөс хийж байгаа бүх төлөвлөлт вакциндаа хамрагдаж ариутгал, халдваргүйжүүлэлтэд анхаарч ажилладаг гэдгийг онцолж байлаа. Хэдийгээр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар цаасан дээр бичсэн зорилт олон ч бодит ажил хэрэг, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгааг тэрбээр онцоллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 102 (7087)