Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

“Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн дугаарт “Чийрэг Монгол”  клубын гүйцэтгэх захирал Э.Чинзоригийг урьж, ярилцлаа.

 

-“Чийрэг Монгол” клуб байгуулагдаад 10 гаруй жил болжээ. Танай клуб Монголын фитнес, бодибилдингийн салбарын хөгжилд багагүй хувь нэмрээ оруулсан байна. Анх фитнес клубтэй яаж холбогдсон бэ?

-1990 оноос манай улсад бодибилдинг, фитнесийн спорт дэлгэрсэн байдаг. 2012 он бол бодибилдингийн хөгжил нилээн хөгжиж, дараагийн үе шат руу орж байсан үе. Тэр үед бодибилдингээр хичээллэдэг залуус буюу үнэгүй фитнесийн Л.Саруулбат, Ганзориг,  Сумъяа нар “Чийрэг Монгол” нэртэй фитнес заалыг нээж байсан. Тухайн үед хүмүүс “Чийрэг Монгол” клубыг аваргуудын заал гэж нэрлэдэг байлаа. Яагаад гэхээр дээрх ах нар маань тухайн үеийн жин тус бүрийнхээ аваргууд юм. Харин намайг энэ салбар руу хөл тавиулсан эрхэм бол Ганзориг мистер. 2012 онд надад ахдаа тусалж зааланд ажиллаач гэдэг хүсэлт тавьсан.

Ингээд би “Чийрэг Монгол” клубтэй хувь заяагаа холбосон доо. Анх үйлчлэгчээр ажилд орж байсан бол өнөөдөр клубынхаа гүйцэтгэх захирал болжээ. Энэ хугацаанд дасгалжуулагч, багш, угтагч ажлыг хийсэн.

-Ахынхаа тавьсан саналыг зөвшөөрснөөс хойш өнөөдрийг хүртэл ажилласан байна. Энэ хугацаанд уналт, босолт олон байсан байх?

-Тийм ээ. Фитнес маань бизнес гэхээсээ илүү хүсэл залуусын сонирхол, энэ спортын төлөө ажиллаж ирсэн. Эхний 7-8 жилд ямар ч ашиггүй ажилласан. Бид чинь тамирчид бэлддэг. Гэтэл манай үйл ажиллагаа явуулж буй заалууд маань түрээснийх байдаг. Тиймээс найз нөхөд, тамирчид үнэгүй явна. Түрээсээ төлж чадахгүй болно. Бүгдээрээ өөрт байгаа багахан мөнгөө нийлүүлж түрээсээ төлдөг үеүд ч бий. Харин өнгөрсөн жилээс л манай фитнес бизнес тал руугаа орж байна. Үйлчилгээний байгууллага юм чинь багахан ч гэсэн ашиг олъё гэсэн зорилго тавиад ажиллаж байна. 2016 онд би долоон буудалд “Чийрэг Монгол”-ын нэг салбар нээж байсан.

-Сүүлийн жилүүдэд хүмүүс фитнесээр их хичээллэж байна. Түүнийгээ дагаад дасгалжуулагч хийх залуус ч олон болсон харагддаг. Танай салбарын боловсон хүчний асуудал ямар байна вэ?

-Манай салбарт боловсон хүчний асуудал дутагдалтай байгаа. Үйлчилгээний байгууллага учраас хичээллэх орчин болон багш нь сайн байх ёстой. Мөн ёс зүйтэй байх хэрэгтэй. Гэвч зарим залуус фитнесээр жаахан хичээллээд л өөрийгөө багш гэчихдэг. Мөн буруу дасгал заах нь элбэг байдаг. Тиймээс манайх фитнесийн багшаа өөрсдөө бэлтгэдэг болсон. Ядаж л багш нар ёс зүйтэй өөрсдөө үлгэрлэгч байх хэрэгтэй гэж боддог.

-Гурван салбарт нь нийт хэдэн хүн ажиллаж байна. Багш нараа хэдэн төгрөгөөр цалинжуулж байна?

-40 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Дээр хэлсэнчлэн ажилчдаа өөрсдөө бэлтгэдгээрээ бусад фитнес заалнаас давуу талтай. Жишээлбэл, манай салбар II дээр зургаан багш ажиллаж байна. Үйлчилгээ үзүүлж байгаа хүн учраас чанартай, үр дүнтэй мэдлэгийг суралцагчдаа олгох хэрэгтэй. Харин чанартай боловсрол олгож сайн ажилласан багшид голохооргүй цалин олгох хэрэгтэй гэж боддог. Бусад фитнес заалны багш нарын цалин 800 мянган төгрөгийн цалинтай байдаг бол манайх нэг сая төгрөгөөр цалинжуулдаг. Мөн хувийн дасгалжуулагч хийх эрх нь нээлттэй байдаг

-Та бодибилдинг, фитнесийн холбооны нарийн бичиг болсон гэсэн. Танай холбоо бас нилээдгүй хэл амыг дагуулдаг. Үүнийг хэрхэн шийдэж байна?

-Энэ спортын төлөө хийсэн бүтээсэн зүйлийг маань үнэлж, дэмжиж, цаашид энэ холбоог авч явахыг ажилд намайг томилсон. Холбоогоо хүлээж авснаасаа хойш анхны тэмцээнээ саяхан зохион байгуулсан. Ингэхдээ тамирчдын хамгийн их гомдоллодог шагналын сан, шүүлт шударга бус байдаг гэсэн зөрчлийг арилгасан. Тиймээс энэ удаагийн тэмцээнд урьд урьдынхаас олон тамирчид оролцсон гэж бодож байна. Мөн тамирчин, холбоо хоёрын хоорондын эвтэй байдлыг холбож өгсөн.

-Цаашдын зорилго?

- 2015 онд “Чийрэг Монгол” клубээ 100 салбартай болгоно гэж мөрөөдлөө бичиж байсан. Одоогийн байдлаар гурван салбартай болсон байна. Ирэх жилээс нэмж 10 заал нээх төлөвлөгөөтэй байна. Манай фитнес нь Монголчуудыг эрүүл чийрэг болгох, фитнес, бодибилдингийн спортын хөгжлийн төлөө ажилладаг. Мөн төрийн байгууллагуудыг дэмжиж манай салбаруудад ойр байрлах цэрэг, цагдаа, онцгой, эмнэлгийн ажилчдад үнэгүй хичээллэх эрх бэлэглэдэг. Салбар нэмэгдэх тусам сайн үйлсийнхээ аянг идэвхжүүлэх зорилгыг тавьсан байгаа.

-Төрөөс фитнес заалуудыг хэрхэн дэмждэг юм бол. Танайх залуучуудыг нилээн дэмждэг гэж байна. Уялдаа холбоо хэр байна?

-Төрөөс манай салбарт ямар нэгэн дэмжлэг олгодоггүй. Түрээсийн байрны асуудлыг төрөөс дэмжвэл манай фитнесийн салбар жинхэнэ утгаараа бизнес болж хөгжих боломжтой. Энэ жил төрөөс “Эрүүл хоол хүнс, эрүүл Монгол хүн” аяныг хэрэгжүүлж байгаа. Үүн дээр манай холбоо хамтарч ажиллахаар болсон. Ингэхийн тулд фитнесүүд олон болгох хэрэгтэй. Тухайлбал, 10 мянган хүн нэмж хичээллэхэд одоо байгаа заалууд хүрэлцэхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 97 (7082)