Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд үр хүүхдээ өсгөхөөс эхлээд ажлын ихэнхийг нуруундаа үүрч байна. Гэрийн ажил буюу хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин их цаг зарцуулж байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс “Монфемнет” үндэсний сүлжээнээс жил бүр “Эмэгтэйчүүдийн нүдээр” уулзалтыг зохион байгуулдаг байна. Энэ жилийн чуулга уулзалтыг “Асрахуйн эдийн засаг” нэртэйгээр өчигдөр зохион байгууллаа.

Асрахуйн хөдөлмөр гэдэг нь хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ асрах, халамжлах, бие махбодь болон сэтгэлзүйн бүх төрлийн асаргаа, тусламж үзүүлэх үйлчилгээг хэлдэг. Ази номхон далайн орнуудад асрахуйн хөлсгүй хөдөлмөрийн 80 гаруй хувийг эмэгтэйчүүд гүйцэтгэдэг  байна. Үүнээс үүдэж эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох оролцоо, тэдний гэр бүл, нийгмийн харилцаанд тэгш бус байдал үүсдэг ажээ.

Харин манай улсын нийт хүн амын 50.7 хувь буюу дунджаар нь 1.8 сая нь эмэгтэйчүүд. Тэгвэл дээрх эмэгтэйчүүдийн тал нь нөхөн үржихүйн нас буюу 18-45 насныхан байгаа юм. Эмэгтэйчүүд ид ажил хөдөлмөр эрхлэх насандаа ихэвчлэн хүүхэд төрүүлдэг. Харин төрөлтийн түвшин ихсэх тусам эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцоо буурдаг аж. Монфенмент үндэсний сүлжээнээс гаргасан судалгаагаар нийгэмд эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо 66.4 хувь байдаг бол эмэгтэйчүүдийнх 51.5 хувь байгаа юм. Тиймээс эмэгтэйчүүдийн ажиллах оролцоог нэмэгдүүлэхийн тулд ямар алхамууд хийх хэрэгтэй байгаа тухай хэлэлцсэн юм.

 

Эмэгтэйчүүд багадаа гурван жилийг асрахуйн ажилд зарцуулдаг

Иргэн С.Намуун 2-10 насны гурван хүүхэдтэй. Тэрбээр амьдралынхаа 10 жилийг хүүхэд болон нөхрөө асрахад зарцуулсан байна. Хүүхэд төрүүлэхээсээ өмнө хувийн компанид менежер хийдэг байжээ. Хүүхдээ хоёр нас хүрэхээр нь цэцэрлэгт өгөх гэтэл сугалаа таараагүй аж. Ингээд дараа жил нь цэцэрлэгийн сугалаанд аз нь таарч хүүхдээ хамруулсан байна. Энэ тухайгаа “Хүүхдээ гурван настай байхад цэцэрлэгт өгч ажилдаа орсон. Гэвч хүүхэд маань өвдөх, цэцэрлэгээс авах цагаас нь үргэлж хоцрох асуудлууд тулгарч эхэлсэн. Хүүхэд өвдөхөд байгууллага эхний удаа чөлөө өгнө. Хоёр дахь удаагаа дургүй чөлөө өгнө. Гурав дахь удаагаа дургүйцэж эхэлдэг. Ингээд аргагүй эрхэнд ажлаасаа гарсан. Удалгүй дахин жирэмсэлж төрсөн. Түүнээс хойш гэртээ хүүхдүүдээ асарч байна” гэв. Мөн С.Намуун ажил хийх сонирхолгүй, өөртөө итгэх итгэлгүй болсон гэдгээ энэ үеэр учирлаж байлаа. Бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд хүүхдийн тооноос хамаарч цалингүй ажил буюу асархуйн ажилд зарцуулах цаг нь нэмэгддэг байна. С.Намууны энэхүү жишээ нь ихэнх ээжүүдэд тохиолддог кэйс. Тэгвэл ид хөдөлмөрлөх насны эмэгтэйчүүд асархуйн ажил хийснээр хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш бус байдлыг бий болгож байна гэдгийг “Монфемнет”  үндэсний сүлжээний хийсэн судалгаанд дурьджээ. Тиймээс цалинтай болон цалингүй асархуйн ажлыг эдийн засгийн гол хэсэг болохыг хүлээн зөвшөөрч, бодлогоор шийдвэрлэх хэрэгтэйг энэ үеэр эх сурвалжууд хэлж байсан юм. Энэ тухай Монфемнет үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал “Өнөөдрийн хэлэлцүүлэгт судлаачид, иргэний нийгэм, олон улсын байгууллага болон төр, орон нутгийн 200 гаруй хүн оролцож байна. Монгол Улс хүн амаа өсгөх бодлоготой улс. Гэвч төрөлтийг дагасан олон асуудал ээжүүдэд тулгардаг. Хүүхдийн боловсрол болон эрүүл мэндийн асуудал нь эмэгтэйчүүдийг гэртээ сууж хөлсгүй хөдөлмөр эрхлэх шалтгаан нь болж байна. Жишээлбэл, цаг ашиглалтын судалгаанаас харахад эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин их ачаалал үүрдэг. Тодруулбал, эмэгтэйчүүд үр хүүхэд, ахмад настан, өвчтэй гишүүнээ асарч байгаа цаг үнэлэгддэггүй. Тиймээс төр энэ чиглэлийн ажлыг бодлогын түвшинд авчирч анхаарах хэрэгтэй. Асархуйн эдийн засаг нь оршин тогтнохуйн үндэс. Хүндээ ээлтэй нийгмийг асархуйн эдийн засгаар нь шинждэг.  Тиймээс энэ төрлийн хөдөлмөр эрхлэлтийг анхааралдаа авч хөдөлмөрийг нь үнэлэх хэрэгтэй. Ингэж чадвал ДНБ 16 хувиар өсөх боломжтой. Асархуйн цалин буюу цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг улсаас олгодог. Энэ нь хүүхдийн живх, сүүний үнэд ч хүрдэггүй. Залуу гэр бүлийн өрхийн амьжиргаанд дэм болж чадахгүй байна. Тэгвэл гэр бүлийнхээ үргэлжлэл, улс орны ирээдүйг бэлтгэж буй хөдөлмөрийг хүлээн зөвшөөрч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэхүйц цалин олгох хэрэгтэй” гэв. Мөн бага насны хүүхэдтэй ээжүүдэд ажил хийх бололцоо байдаггүйг энэ үеэр онцолж байв. Хөдөлмөрийн насны иргэдээ нийгмээ хөгжүүлэхэд ашиглах хэрэгтэй. Хөдөлмөрийн шинэ хуулиар гэрээсээ болон цагаар ажиллах боломжийг бий болгосон ч ажил олгогчид үүнтэй дасан зохицож чадахгүй байгааг иргэний нийгмийн байгууллагууд хэлж байлаа.

 

Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоо үгүйлэгдэж байна

 

Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийг ижил тэгш оролцуулъя гэвэл зах зээлийн эдийн засагт цалин хөлсгүй хийгддэг асран халамжлах ажлыг хүлээн зөвшөөрч, ачааллыг багасгах, дахин хуваарилах, цогц стратеги боловсруулах нь чухал. Асрахуйн эдийн засаг ядуурлыг бууруулах, нийгэм эдийн засгийн тэгш бус байдлыг арилгах, зохистой хөдөлмөрийг бүтээх бодлогын асуудал юм.

Ингэхийн тулд Засгийн газар  асрахуйн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах, Албан ёсны статистик, дата бүрдүүлэх, хөлсгүй хөдөлмөрийг эдийн засгийн утгаар үнэлэх механизм бий болгох, нийгэм дэх жендэрийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтыг халах, Хувийн хэвшлийн оролцоо, ИНБ-н оролцоог дэмжих, бодлогын зохистой орчин бүрдүүлэх шаардлагатай. Харин хувийн хэвшил асрахуйн хөдөлмөрт эрэгтэйчүүдийн оролцоо/ манлайлал, цаг хэмнэсэн, уян хатан технологи Ажлын байрны зохистой стандартыг бий болгохыг тулд Засгийн газартай хамтран иновацид суурилсан асрахуйн бизнесийг дэмжих хэрэгтэй ажээ.

Тэгвэл сингапурт асрахуйн тусламж, үйлчилгээг хувийн хэвшил зэрэг төрийн оролцоогүй байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгүүлдэг байна. Асрахуйн салбарт хөдөлмөр эрхлэхтэй холбоотой шилжилт хөдөлгөөн, асаргааны албан бус үйлчилгээ болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг идэвхтэй дэмждэг. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асардаг гэр бүлүүдэд сар бүр мөнгөн тэтгэмж олгодог байна. Сонирхуулахад дөрвөн эмэгтэй тутмын гурав нь эдийн засгийн болон хөдөлмөрийн зах зээлийн оролцоогоо нэмэгдүүлж амьжиргаагаа сайжруулах хүсэлтэй байдаг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 94 (7079)