Эрчүүд давамгай салбар дахь ягаан цамцтануудын манлайлал

0
хуваалцах
364
үзсэн

С.УЯНГА

 

Уул уурхайн салбарыг ихэнхдээ эрчүүдээр төсөөлдөг цаг ард үлдсэн. Хэдийгээр ачаалал ихтэй, өндөр чадвар шаарддаг ч гэлээ эрдэс баялгийн салбарт эмэгтэйчүүд хүч түрэн орж ирж байгаа. Өдгөө Монголын уул уурхайн салбарын 20 гаруй компанид 1000 шахуу  эмэгтэй ажиллаж байна. Мөн тэднийг хамруулсан 800 гаруй гишүүнтэй Уул уурхай, ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн холбоо 2016 онд “Оюу Толгой” компанийн дэргэд байгуулагджээ. Ингэснээр манай улсад анх эмэгтэйчүүдийг гүний уурхайд ажиллахыг хуулиар зөвшөөрсөн онцгой үйл явдал болсон. Түүнээс хойш оператор, цахилгаанчин, өргүүрчин зэрэг олон ажлын байранд эмэгтэйчүүд газрын гүнд амжилттай ажиллаж байна. Үүний дараахан дан эмэгтэйчүүдээс бүрдсэн гүний уурхайн аврах баг бий болов. 2018 онд “Оюу Толгой”-н аврах багтай хамтран, эмэгтэй ажилтнуудад гүний уурхайн аврах үйл ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл олж авах, тухайн багт оролцох боломжийг нээж, идэвхтэй сурталчлах хөтөлбөрийг эхлүүлж, гүний уурхай анхны эмэгтэй оператортай болсон түүхтэй. Эмэгтэйчүүд ингэж эрчүүдтэй эн зэрэгцэн ажиллах боломжийг хангах ажлын эхлэлийг уурхайчин эмэгтэйчүүд өөрсдөө тавьжээ.

Үүний нэг нь эрчүүд давамгайлдаг тус салбарт амжилттай ажиллаж буй манлайлагч эмэгтэйчүүдийг алдаршуулж, урам зориг өгөх  "Уул уурхайн салбарын шилдэг эмэгтэйчүүд" шагналыг санаачлан уламжлал болгон зохион байгуулж иржээ. Энэ  онд  тав дахь жилдээ Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоотой (WAMS)-той хамтран өнгөрсөн баасан гарагт салбарын шилдгүүдээ тодруулсан юм.

Холбоо салбарын 20 гаруй компанид ажилладаг 800 гаруй гишүүнтэй болжээ. Уурхайчин эмэгтэйчүүдийн бусдаас ялгарах онцлог бол тэдний байнга өмсдөг гангараа буюу форм болсон ягаан цамц. Энэ цамцны түүх их сонирхолтой.  Цамцны тод өнгө нь уул уурхай, ашигт малтмалын салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн оролцоо, эрх тэгш байдлыг дэмжиж, дуу хоолойгоо нэгтгэж буйг илэрхийлж байгаа аж. Тиймдээ ч ягаан цамц, түүний учир холбогдол, холбооны үйл ажиллагааг үнэлж, 2021 онд зохион байгуулсан Эрдэс баялаг эмэгтэйчүүд  III чуулганаар “Жендэрийн мэдрэмжтэй контент” шагнал хүртсэн байна. 

Уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийг чадавхжуулах, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг, мөн салбартаа эзлэх байр суурийг нь дэмжих зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн холбоо өөрсдийн нэрийн ягаан ажлын цамцаараа уул уурхайн салбарынхны дунд танигджээ. Ягаан цамц өмссөн бүсгүйчүүдийн нэг Уул уурхай, ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн холбооны ТУЗ-ын гишүүн Ё.Лхамаатай уулзахад “Бид эмэгтэйчүүдийг чадавхжуулах, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжих, тэдний салбартаа эзлэх байр суурийг бэхжүүлэх зорилгоор байгуулагдсан. Эмэгтэйчүүдийн өсөн дэвжих хөгжих боломжийг бий болгож, тэнцвэртэй оролцоонд суурилсан хамт олныг бий болгох алсын хараатай ажиллаж байна. Бид Оюу Толгойн удирдах ажилтнуудын дэмжлэгтэйгээр уурхайн талбарын 40 цэгт ариун цэврийн хэрэглэл байршуулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.

Манлайлагч эмэгтэйчүүдийг тодруулан шагнах ёслолыг таван номинацитайгаар 2019 оноос бий болгосон. Шинээр гарч ирж байгаа инженер техникийн ажилтан, салбартаа тэргүүлж буй манлайлагчид, жендэрийн мэдрэмж, хүний эрхийг хангаж ажиллаж байгаа байгууллага гэсэн үзүүлэлтээр шилдгүүдээ тодруулсан” гэлээ. Ийнхүү уул уурхайн салбар дахь хэвшмэл ойлголтыг өөрчилж байгаа ягаан цамцтай, шилдэг бүсгүйчүүдтэй уулзлаа.

 Уул уурхай, эрдэс баялгийн салбарын Мастер ур чадвартан эмэгтэйгээр шалгарсан  Л. Сэлэнгэ “Анх ажилд орохдоо шантарч байсан ч сайн хамт олны дэмжлэгээр өнөөдөр энд зогсож байна.  Энэ миний эзэмшсэн хоёр дахь мэргэжил, гүний уурхайд  долоо дахь жилдээ ажиллаж байгаа.Тоног, төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцдаг. Манайд Монголд байхгүй тоног төхөөрөмжүүд бий. Шинээр орж ирсэн гүний уурхайд зориулагдсан тоног төхөөрөмжүүд ирдэг, түүний засвар үйлчилгээг хариуцдаг” гэлээ.

Өсөх ирээдүйтэй эмэгтэй номинацийн эзэн Б.Шүрэнцэцэг “Би “Орика Монгол” ХХК-д ажилд ороод хоёр жил гаруй болж байна. Оюу Толгойн ил болон далд уурхайн төсөл дээр ажилладаг. Анх энэ мэргэжлийг сонгож, бакалавр, магистрын зэрэг хамгаалсан болохоор уул уурхайн салбарт ажиллана гэдгээрээ бахархаж байсан.Гэхдээ яг талбайд гараад ажиллахад бодсоноос өөр байсан. Эхэндээ нэлээд эмээж, бас  шантарч байсан. Миний үеийн залуу эмэгтэйчүүд энэ салбар руу орж ирэх нь ховор. Сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Миний өмнө болон дараа орж ирсэн үеийнхнээ хараад тэд ажиллаж чадаж байхад би яагаад болохгүй гэж гээд өөрийгөө зоригжуулдаг байсан. Хамт олон маань ихээхэн тусалж дэмждэг байсан болохоор ажилдаа дадаж, туршлагажиж байна” гэсэн юм.

Уул уурхайн  салбарын  2023 оны шилдгүүдийг  тодруулахад Оюу Толгой  компани хүний эрх, жендерийн мэдрэмжтэй байгууллагаар шалгарлаа.  Мастер ур чадвартан эмэгтэйгээр Эсжити ХХК-ийн Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын автын цахилгаанчин Л.Сэлэнгэ, Шилдэг эмэгтэй инженер, техникийн мэргэжилтнээр Г.Нарантуяа, Дэмжлэг үзүүлэгч алба, хэлтсийн оны шилдэг эмэгтэй номинацид Даян Контракт Майнинг ХХК-ийн ажилтан Ч.Сэлэнгэ, шилдэг эмэгтэй инженер, техникийн мэргэжилтэн номинацид "Шарын гол" ХХК-ийн засварчин Г.Нарантуяа нар  тодорсон  юм. “Оюу Толгой” компанийн нийт ажилтны 22.7 хувь, гүйцэтгэх болон дунд шатны удирдлагуудын 19.5 хувийг эмэгтэй ажилтнууд эзэлдэг.  2030 онд эмэгтэй ажилтнуудынхаа тоог 30 хувьд хүргэхээр зорилт тавин ажиллаж байгаа аж. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 61 (7046)