С.САРУУЛ

Боловсролын төлөө түншлэгчдийн энэ оны цугларалт, зөвлөлдөх хурал өнөөдөр болов.Тус хурлаар Монгол Улсын засгийн газраас боловсрол, шинжлэх ухааны салбарт баримталж буй бодлогыг түншлэгч, донор, олон улсын хөгжлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд танилцуулав. Мөн олон улсын хамтын ажиллагаа, байнгын түншлэлийн механизмыг бүрдүүлэх юм. Боловсрол Шинжлэх Ухааны яамны Суралцагчдын хоол үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргал “Үдийн хоолны хөтөлбөрийн хүрээнд гурван төсөл хэрэгжиж байна. Монгол Улсын хэмжээнд 680 гаруй ерөнхий боловсролын сургууль байна. Эдгээрээс 50 гаруй хувь нь гал тогооны стандартын шаардлага хангахгүй байна. Эхлээд 50 гаруй ерөнхий боловсролын сургуулийн гал тогооны орчин нөхцөлийг сайжруулах ажил хэрэгжиж байна. Ингэснээр хүүхдийн хоолны чанар, хүртээмж сайжрах нөхцөлийг бүрдүүлнэ. Үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд зорилтот 36 сургуульд мэргэжлийн хоол зүйч нарыг бэлтгэж байна. Одоогоор Орхон, Увс аймгийн ерөнхий боловсролын сургуульд хоол зүйчид ажиллаж байна. Мөн Жайка олон улсын байгууллагын санхүүжилтээр орон нутгийн сургуулийн хүүхдийн хоол үйлдвэр, үйлчилгээний аюулгүй байдал, орчин нөхцөлийг сайжруулах, хүний нөөцийг бэлдэх чиглэлээр төслүүд хэрэгжих юм.

Үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд зорилтот 36 сургуульд мэргэжлийн хоол зүйч нарыг бэлтгэж байна.Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүнсний хангамжийн тогтолцоо, хүний нөөц, хоолны шим тэжээл гэх олон асуудлыг дагуулж байдаг. Олон улсын жишигт хүүхдийн үдийн хоолыг төрийн бодлогоор шийддэг. Дэлхийн 160 гаруй улс үдийн хоолны хөтөлбөртэй. Манай улсын хувьд Япон, Солонгос улстай буюу Азийн орнуудын хоолны хэв маягтай ойролцоо хэрэгждэг. Сургууль, цэцэрлэгийн насны хүүхэд үдийн хоолноос авах шим тэжээлийн чанарыг сайжруулж, зохистой хэмжээнд байлгах ёстой. Иймд олон улсын байгууллагаас тусламж авахаас гадна, улсын төсөвт тусгах шаардлагатай” гэв.

Тус хуралд Монгол Улсын засгийн газар  донор, олон улсын хөгжлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын 50 гаруй төлөөлөл оролцов.

Эх сурвалж: www.polit.mn