Б.ОД

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн “Асем Вилла” төсөлтэй холбогдуулан “MCS” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалыг сонсголд гэрчээр дуудсан ч гадаадад албан ажлаар явна гэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй юм. 

Тэгвэл түүнийг төлөөлөн “MCS” группийн хуулийн албаны дарга Э.Уянга сонсголд оролцож, Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын асуултад хариуллаа. 

Тэрбээр "АСЕМ Вилла" хотхоны төслийг хэрэгжүүлээч ээ гэдэг хүсэлт Үндэсний зөвлөлөөс болон тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос “MCS” группийн удирдлагуудад ирсэн.Үүний үндсэн дээр 2015 оны гуравдугаар сарын 4-ны өдөр барилгын ажил нь эхэлсэн. 53 вилла болон клабхаусын ажил зэрэг эхлээд есөн сарын хугацаанд дууссан. Энэ төслийн санхүүжилт тухайн оны есдүгээр сард олгогдох байсан учир шаардлагатай хөрөнгийг группээсээ гаргасан. 125 тэрбум төгрөгийн зээл авсан ч хүүнд нь 45 тэрбум төгрөгийг төлсөн. Сарын хүүгийн төлөлт нь нэг тэрбум орчим төгрөг байв. Тиймээс тухайн хауснуудыг худалдан борлуулах ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ 21-н хаусыг гадагшаа худалдан борлуулсан юм. Үлдсэн 32 хаусыг худалдаж чадаагүй. Зээлийн эргэн төлөлтөө хийхийн тулд 32 хаусыг Скай Резорт ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хүчээр авсан. Хотхонуудыг зарсан борлуулалтын орлого 168 тэрбум төгрөг. Үндсэн зээл болон хүүгийн төлөлтөд 174 орчим тэрбум төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл, хувь компанийн хувьд алдагдалтай төсөл болсон” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn