М.ГАН
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилжээ. Тэрээр төслийн талаар олон нийтээс санал асуулга авах гэнэ. Энэ талаар тодрууллаа.
-Хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа талаар танилцуулна уу?
-Төрийн өндөр албан тушаалтнуудын зарим эрхийг хязгаарлахаар заасан. Өнөөдөр 100 гаруй албан тушаалтан байдаг. Тэдэнд зориулсан хуулийн төсөл юм.
-Тухайлбал ямар эрхийг нь хязгаарлаж байгаа вэ?
-Төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад үл хөдлөх хөрөнгөтэй байх, гадаадын компанид хувь эзэмших, хувьцаа худалдан авах, гадаадын компанид зээлтэй байх, хадгаламж, харилцах данстай байхыг хориглохоор тусгасан. Мөн өөрийн болон гэр бүлийн нэр дээр архи, тамхины үйлдвэртэй байх, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд улсын зардлаар гадаадын эмнэлгээс тусламж үйлчилгээ авахыг хориглох юм. Мөн гадаад нөхөртэй, эхнэртэй, хүүхэд нь гадаадын иргэншилтэй бол тэднийгээ өөрийн орны харъяат болгох ёстой. Энэ нь төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн асуудал. Энэ хуулийн төслийн талаар 3-6 сарын хугацаанд цахим хуудсаар олон нийт болон хэвлэлийнхний дунд санал асуулга явуулна.
-Эхнэр, нөхөр гэхээр хувь хүний эрх зөрчигдөх юм биш үү?
-Энэ төсөл нэлээд маргаан дагуулж байгаа нь үнэн. Төрийн өндөр албан тушаалтан бол жирийн иргэн биш. Төрийн өндөр албан тушаал хашихын тулд зарим эрхээсээ татгалзах ёс зүйтэй байх ёстой. Энэ төсөл бүх нийтэд биш зөвхөн төрийн өндөр албан тушаал хашдаг 150 орчим хүнд хамаатай юм. Социализмын үед дарга нар орос эхнэртэй байсан. Эцэст нь юу болсныг олон хүн мэддэг. Одоо бол гадаад эхнэр, нөхрөөсөө сал, сууж болохгүй гэсэн зүйл огт биш. Монголынхоо харъяат болгох ёстой гэж байгаа юм. Бүх иргэнд биш даварсан дарга нарт зориулсан хуулийн төсөлдөө иргэдээс санал асуулга авсны дараа өргөн барина.
-Гадаад эхнэр, нөхөртэй эсвэл гадаадад үл хөдлөх хөрөнгөтэй хэдэн хүн байна вэ. Хэн нь гадаадын компанид хувьцаа эзэмшиж байна. Танд тооцоо судалгаа бий юү?
-Төрийн албан тушаалтны үйлдэл болгон ёс зүйтэй байх ёстой. Иргэдээс ирсэн мэдээллээр бол Чежүд усан онгоцтой, Хайнаньд байшинтай хүн байдаг гэдэг. Би хүний хувийн нууцыг дэлгэрэнгүй яримааргүй байна. Энэ бол хэн нэгний эсрэг чиглэсэн төсөл биш. Эх оронч хүнд зориулсан хууль байх болно.
-Хамрах хүрээ нь ердөө 100 гаруй хүн байх уу?
-Одоо төрийн өндөр албан тушаал хашдаг 100 гаруй, ирээдүйд ийм алба хаших хүмүүст зориулсан хууль байх юм.
-Энэ төсөлтэй холбогдуулж Ц.Оюунгэрэл гишүүн нэлээд эмзэглэсэн гэсэн. Ц.Оюунгэрэл гишүүнээс таныг уучлалт гуйсан гэж цахим хуудаст бичсэн байна лээ. Энэ үнэн үү?
-Үгүй. Уучлалт гуйх шаардлага байхгүй. Ганцхан Ц.Оюунгэрэлд зориулсан төсөл биш шүү дээ.