С.УЯНГА

Нүүрсний хэргийг шалгаж байгаа хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 26, мөрдөн байцаалтын 14,  нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс гурван хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна. Ажлын хэсэг 139 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт 368 удаа үзлэг хийж, 780 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 820 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авчээ. Энэ хугацаанд 32 хүнийг баривчилж, шүүхэд танилцуулаад байгаа аж. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад 75 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүний 16 албан тушаалтныг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгож хохирол учруулсан, 14 албан тушаалтныг хахууль авах, 26 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 19 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад байна.

 

Яллагдагчаар татсан 40 хүн дунд улс төрд нөлөө бүхий этгээд буюу УИХ-ын гишүүн дөрөв, Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга нэг, Засаг дарга хоёр, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, гаалийн улсын байцаагч 12 , ХХЕГ-ын  харьяа байгууллагын дөрөв, Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дөрөв, боомтын захиргааны мэргэжилтэн хоёр, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн зургаа, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гурав мөн хуулийн этгээдийн албан тушаалтан 14, иргэн 21 байна.  


Хэргийг шалгах явцад 17 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоо найм нь хоригдож байна. Харин улсын хилээр гарахыг хязгаарласан 34, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх дөрөв, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 25 яллагдагчид аваад байна. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нь тогтоогдож хөрөнгийг битүүмжлээд байгаа юм. 
Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор 86 үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцны 83, оффисын гурван талбай, 47 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, таван газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 38 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь зарлагын  гүйлгээ, дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондыг “царцаагаад” байгаа юм.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 40 (7025)