Т.САЙХАН
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэгтэй энэ сарын 9,10-нд болох нийт шүүгчийн чуулганы талаар ярилцлаа.
-Нийт шүүгчийн чуулганы тухай тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Ямар асуудлуудыг хэлэлцэж шийддэг чуулган бэ?
-Шүүгч бол шүүн таслах эрхийг хэрэгжүүлдэг онцгой субъект. Шүүгч нарт ажлаасаа өөр зүйл хийх боломж байдаггүй. Харин шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, хэрэглэж байгаа хууль тогтоомжоо боловсронгуй болгох, шүүхийн тогтолцоог сайжруулах талаар санал санаачилга гаргах ийм ажилд идэвхийлэн оролцох ёстой. Энэ бол зөвшөөрөгдсөн үйл ажиллагааных нь нэг. Шүүгчдэд энэ эрхээ хэрэгжүүлэх боломжийг нь үе үеийн хууль тогтоомжуудад нээж өгсөн байдаг. 2021 оны Шүүхийн тухай хуулиар шүүгч болгон энэ эрхээ хэрэгжүүлэх боломжтой зохицуулалтыг тусган өгч нийт шүүгчдийн чуулган зохион байгуулах болсон нь өөрөө удирдах энэ байгууллагын хувьд чухал үйл явдал байлаа.
Нийт шүүгчийн чуулганд бүх шүүгчийг биечлэн оролцох боломжийг нээж өгсөн. Өмнөх хуулиудад шүүгч нар хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тогтолцоогоо сайжруулах, саналаа өгөх эрх нь тодорхой түвшинд нээлттэй байсан. Гэхдээ яг шүүгч болгоны санал хууль тогтоомжид тусгагдах боломж хязгаарлагдмал байсан. Шүүгчдийн зөвлөл байгуулагдаад тодорхой эрхүүдийг хэрэгжүүлдэг байсан. Тэр зөвлөл нь бүх шүүхийн ерөнхий шүүгчдээс бүрддэг. Ерөнхий шүүгчид нь зөвлөлөөрөө дамжуулан өнөөдрийн бидний эрхийг хэрэгжүүлдэг байлаа. Харин 2021 оны Шүүхийн тухай хуулиар нийт шүүгчид чуулж, энэ чуулгандаа хоёр жил тутамдаа биечлэн оролцож, асуудлаа шийдэх эрх нь баталгаажсан байдаг. Гурав дахь удаагийн чуулганд бүх шүүгч нар оролцоно.
- III чуулганыг энэ сард зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаад бэлтгэл ажлыг хангаж байна. Ямар онцлогтой болох вэ?
-Чуулганы бэлтгэл ажлыг хангах процессыг мөн хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Ажлын хэсэгт Улсын дээд шүүх, хяналтын шатны шүүхийн шүүгч нар орж байна. Эрүү, Иргэн, Захиргааны болон Давж заалдах шатны шүүгчид мөн зөвлөлөөсөө ажлын хэсэгт хүн томилж оруулдаг. Мөн анхан шатны шүүхээс хамгийн олон жил ажилласан хоёр шүүгчийн төлөөлөл багтдаг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс чуулганыг зохион байгуулах ажлыг дэмжих зорилгоор хоёр гишүүн нь ажлын хэсэгт багтах ажлыг хуульчилж өгсөн. 2025 оны хоёрдугаар сарын 25-нд ажлын хэсэг хуулийн хүрээнд байгуулагдаж, долоо хоног тутам хуралдаж, үе шаттайгаар бэлтгэл ажлаа хангаад явж байна. Чуулгантай холбоотой мэдээллүүдийг тухай бүрд нь шүүхийнхээ албан ёсны цахим хуудсаар мэдээлж байна.
-Энэ чуулганд Монгол Улсын бүх шүүгчид цуглаж, асуудлаа гаргаж тавьдаг, шийдвэрлэх гарц гаргалгааг олдог юм байна. Шүүгчдийн оролцоо бүрэн хангагдаж чадах уу.
-Бэлтгэл ажлын хүрээнд бүх шүүх рүүгээ саналаа явуулж, эргээд хариу ирүүлэх хугацааг зааж өгсөн. Энэ хугацаанд нийт шүүхээс 535 санал ирсэн. Нийт шүүгчийн чуулганы гурван эрх хэмжээ байдаг. Нэгдүгээрт, хэрэг хуваарилах нийтлэг журмаа батална. Энэ журам шууд хэрэгжээд явдаг учиртай. Хоёрдугаарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуульд оруулах саналуудаа уламжилна. Гуравдугаарт, шүүхийн зохион байгуулалт, шүүгчийн нийгмийн асуудал, захиргааны шинжтэй ийм асуудлуудад саналуудаа ирүүлнэ. Энэ гурван саналын хүрээнд 535 санал ирсэн. Тэдгээрийг цэгцлээд, бүх шүүгчдийнхээ саналыг давхардуулалгүйгээр нэгтгээд нийт шүүгчийн чуулганд хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаж байна.
-Нийт шүүгчийн чуулганаар ШЕЗ-ийн гишүүдийг сонгох асуудлыг тусгасан байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Нийт шүүгчийн чуулганы шууд хэрэгжүүлж байгаа хоёр дахь бүрэн эрх бол шүүгчдийнхээ төлөөллийг ШЕЗ-ийн гишүүнээр сонгох асуудал юм. Нийт шүүгчийн олонх саналаа өгснөөр ШЕЗ-ийн шүүгч гишүүний бүрэн эрх хэрэгжих юм. Тэгэхээр энэ удаагийн чуулганы гол онцлог нь сонгуультай болох нь. Мөн 2021 оны Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхлээд дөрвөн жил боллоо. ШЕЗ-ийн нэг бүтэн бүрэн эрхийн хугацаа дууслаа. Энэ хугацаанд шинэ хуулийн зохицуулалт ямар үр дүнтэй байсан талаар тодорхой дүгнэлт хийх боломжтой гэж үзэж байна. ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны тайланг сонсоно. Үүн дээр үндэслээд саналуудыг нэгтгэж, боловсруулаад шууд шийдэх асуудлуудаа шийднэ. Мөн хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд саналуудаа хүргүүлэх юм. Одоогоор 516 зарлигаар томилогдсон шүүгчид байна. Чуулганд зарлигаар томилогдсон шүүгч нарыг оролцох боломжийг хангах ёстой. Одоогоор 498 шүүгч нийт шүүгчийн чуулганд биечлэн оролцохоо илэрхийлсэн. Тодорхой шалтгааны улмаас цахимаар оролцохоо илэрхийлсэн шүүгч нар байгаа ч хоёр жил тутамд болдог хуулиар баталгаажсан энэ чуулгандаа шүүгч нар идэвхтэй оролцох нь чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 186 (7683)