Прокурорын байгууллага 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 42,935 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан байна.
Дээрх хугацаанд 1,269 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 1,299 хэрэг шинээр нээж, 487 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 198, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих 120, Өмчлөх эрхийн эсрэг 96, Авлигын 18, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 9, бусад төрлийн гэмт хэрэг 26 байна.
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн авлигын хэргүүдээс тоймлон хүргэвэл:
- Ж.Г нь нийтийн албан тушаалтан буюу гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа “М... ” ХХК-ний 2026 оны 2 дугаар сард гаалийн мэдүүлгээр Монгол Улсад импортолсон зөрчилтэй бараанд хяналт шалгалт хийн гаалийн хилээр нэвтрүүлж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан бэлнээр 500 мянган төгрөг, 2026 оны 4 дүгээр сард бэлнээр 500 мянган төгрөг, нийт 1 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (нийтийн албан тушаалтан хахууль авах) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;
- Гаалийн ерөнхий газрын Хяналт, хорио цээрийн газрын гаалийн улсын байцаагч Д.Н-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ж.Г нь бусдын дансаар дамжуулан нийт 6,5 сая төгрөгийн хахууль, Б.Б нь бусдын дансаар дамжуулан нийт 5,9 сая төгрөгийн хахууль, С.П нь бусдын дансаар дамжуулан 1 сая төгрөгийн хахууль өгсөн 3 хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх) зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;
- Ш.Г нь Ашигт малтмал газрын тосны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа Б.Г-той бүлэглэн Э.С-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл буцаан авах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардаж, нийт 2,7 тэрбум төгрөгийг дансаар дамжуулан хахууль авсан,
2024 онд өөрийн хөрөнгө орлого нь 122,2 сая төгрөгөөр нэмэгдсэн нь хууль ёсны, үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй буюу хөрөнгө, орлого нь их хэмжээгээр үндэслэлгүйгээр нэмэгдсэн,
Мөн хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн улмаас олсон мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор хууль бус мөнгөний эх үүсвэрийг өөрчилж, барилга барихад захиран зарцуулж мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт (улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах), Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт (улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт ( мөнгө угаах) зааснаар;
- Э.С нь өөртөө давуу байдал бий болгох буюу шүүхийн шийдвэрээр хураагдсан “З...” ХХК, “О...” ХХК-ийн ашигт малтмалын 8 тусгай зөвшөөрлийг буцаан авч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ш.Г-д Б.Г-ын дансаар дамжуулан 2,7 тэрбум төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (хахууль өгөх) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Н.Г “Л....” ХХК-ний ерөнхий инженерээр ажиллаж байхдаа тус компаниас зарласан дотоод цахилгааны угсралтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцсон “Р...” ХХК-ийг сонгон шалгаруулах ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдлаа ашиглан дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд тус компанийн захирлаас ирүүлсэн үнийн санал болох 974 сая төгрөгийн 15 хувь буюу 146 сая төгрөгийн хахууль өгөхийг шаардсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.13 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;
- Н.Ш нь “О....ББСБ” ХХК-ийн салбарын захирлаар, Э.Т нь зээлийн хэлтсийн зээлийн мэргэжилтнээр тус тус ажиллаж байхдаа бүлэглэн, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас тус компанид 458,5 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.