
М.ЦЭЦЭГ
Өнгөрсөн намар нийслэлд баригдаж байсан хэд хэдэн барилгын ажлын явцад хүний амь нас эрсдэх, гэмтэж бэртэх зэрэг ноцтой хэрэг зөрчил удаа дараа гарсантай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хууль, тэдгээртэй холбоотой бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан билээ. Тус ажлын хэсэг УИХ-ын тогтоолын төсөл санаачлан боловсруулсан бөгөөд уг төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэв. Гишүүн Ж.Батзандангаар ахлуулсан ажлын хэсэг мэргэжлийн хяналтын байгууллага, хотын удирдлагатай хамтран нийслэлд барьж буй барилгын ажлыг шалгаж 15 мянга гаруй зөрчил илрүүлсэн байна.
Гишүүн Г.Батхүү барилгын ажил эхлэх гэж буй үед шийдвэл зохих чухал асуудал мөн болохыг онцлов. Мөн Г.Уянга гишүүн барилгын салбарын аюулгүй ажиллагаанд тавих хяналтыг эрс чангатгаж хариуцлагын механизмыг тодорхой болгох саналтай байсан бол Д.Арвин гишүүн УИХ-аас батлан гаргаж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулахын тулд Хяналт магадлалын хууль батлан гаргах саналаа илэрхийлэв. Г.Баярсайхан гишүүн зөвхөн барилгын салбар төдийгүй уул уурхай, замын хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарах талаар төсөлд тусгуулах саналтайгаа хэллээ. Ц.Оюунгэрэл гишүүн “Барилга байгууламжийг зөвшөөрөлгүй газар барьсан бол ашиглалтынх нь татварыг өндөр болгох нь шууд нурааж буулгахаас дээр” гэсэн юм.
Гишүүд барилгын ажлын явцад хууль тогтоомж зөрчсөнөөс болж амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор, тэтгэмж олгох, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эрт илрүүлэх зорилгоор хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, материаллаг бааз, хүн хүчийг нь бэхжүүлэх зэргийг тусгасан тогтоолын төслийг дэмжив. Төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.