Б.ОД

1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд өгөх эсэхтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа. 

Тэрбээр "1072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараахад нэг хүнд 15 мянга орчим төгрөг ногдох тооцоолол гарч байгаа. 2022 оны ногдол ашгийн тухайд иргэдэд оногдох ашиг нь 110 орчим тэрбум төгрөгийн дүн гарч байгаа ба ногдол ашгаар тараахад нэг хүнд 10 гаруй мянган төгрөг болж байна. Тэгэхээр 10, 15 мянган төгрөгийг хувьцааны ногдол ашиг болгож өгөх нь иргэдэд төдийлөн өндөр ач холбогдолтой зүйл биш. Харин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж, инфляц хөөрөгдөх магадлалтай учраас Эдийн засаг, хөгжлийн яам үүнийг нэн тэргүүний зорилт болгохгүй.Харин Эрдэнэс Тавантолгой ХК-ийн өр төлбөрийг барагдуулахад анхаарлаа хандуулъя гэсэн зүйлд анхааран ажиллаж байна. Эрдэнэс Тавантолгой ХК жилийн нийт орлого нь 6-7 их наяд төгрөг. Иргэн бүрд хоёр сая төгрөг өглөө гэж бодвол нэг ч төгрөг зарлагадахгүйгээр тус компанийн орлогыг хувааж өгнө гэсэн үг. Ийм бодит боломж байхгүй" гэв.

Эх сурвалж:www.polit.mn