Г.Бат-Оюун: "Монтесорри" тавилга хүүхэд хөгжүүлэх зориулалттай

0
хуваалцах
118
үзсэн

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Start-Up” буландаа хүүхдийн эко тавилга, тоглоом хийдэг “Buudai brand”-ийг үүсгэн байгуулагч Г.Бат-Оюуныг урьж ярилцлаа. 

 

-Модон эдлэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эмэгтэй тийм ч олон байдаггүй. Та ямар мэргэжилтэй вэ. Яагаад модон эдлэл хийх болов?
-Би 2013 онд "Raffles international institute"-г Marketing & Commerce чиглэлээр төгссөн. Маркетингийн чиглэлээр хэд хэдэн компанид ажилласан. 2019 онд бага хүүхдээ төрүүлсэн. Гэртээ хүүхдээ харж байх хугацаандаа компаниудын сошиал ассистанд хийдэг байсан. Хүүхэд маань нэг нас хүрч олон зүйлийг сонирхож эхэлсэн. Энэ үед ажил хийх цаг багасдаг юм билээ. Тиймээс интернэтээр хүүхдээ хөгжүүлэх, саатуулах аргыг судалж эхэлсэн. Гэтэл Европт “Монтессори” хөгжил гээд хүүхдийг өсгөх арга зүй сүүлийн жилүүдэд хөгжиж байгааг олж мэдсэн. Монтессори гэдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүүхэд хүмүүжүүлэх арга зүй бөгөөд хүүхдийг орчин болон эд хэрэглэлээр дамжуулан багаас нь өөртөө итгэлтэй, биеэ даасан, бүтээлч болгон төлөвшүүлдгээрээ онцлогтой. Ингэхийн тулд тавилга нь хүүхдийн нас, биед тохирсон байх ёстой гэдэг. Тиймээс аавдаа хэлж байгаад хүүхдэдээ зориулан жижиг шүүгээ, ширээ, сандал тоглоом хийлгэсэн чинь хүүхдүүд маань тэндээ саатаад надад ажил хийх боломжийг олгосон. Түүнээс үүдэж 2020 оны есдүгээр сарын 29-нд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, хүүхдийн нас, бие, өндөр, сонирхолд нийцсэн “Монтессори” тавилгыг үйлдвэрлэж эхэлсэн. Мөн  2021 онд мужааны сургалтад сууж 4-р зэргийн мужааны эрхтэй болсон.


-Дөнгөж бизнес эхэлсэн хүмүүсийн хувьд олонд танигдана гэдэг хэцүү байдаг. Таны хувьд маркетингийн менежер мэргэжилтэй учир энэ нь давуу тал болсон байх. Мөн нэрийн хувьд ямар утгатай вэ? 


-Тийм ээ. Давуу тал болж чадсан. Анх фэйжээ нээж, бүтээгдэхүүнийхээ зургийг авч, монтессори тавилга гэж юу вэ гэдэг талаар нийтэлсэн. Эхний шөнөдөө мянган лайк авч маргааш өглөө нь анхны захиалгаа авч байсан. Ингээд цахим хаягаа хөгжүүлж илүү олон хүнд мэдээлэл олгохоос гадна өөрийн бүтээгдэхүүнээ таниулж эхэлсэн. Харин нэрийн хувьд “Buudai” гэдэг нь өсөн дэвжих гэсэн утгатай. 


-Найзынхаа хашаа байшинг түрээсэлж үйлдвэрээ анх нээсэн гэсэн. Одоо үйлдвэр нь хаана үйл ажиллагаагаа явуулж байна? 


-Найзынхаа байшинг түрээсэлж байгаад Өлзийт хороолол руу нүүсэн. Одоо 100 айлд нүүж ирээд үйл ажиллагаа явуулж байна. 


-Зөвхөн модон эдлэлээс гадна сүлжмэл сагс, хөшиг хийдэг юм байна лээ. Хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна вэ? 


-Сүлжмэл сагс болон оёдлын зүйлүүдээ бид гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүд, эмэгтэйчүүдийг дэмжин, захиалга өгч хийлгүүлдэг. Тухайлбал, сүүлийн нэг жилийн хугацаанд 3.2 тонн сонины цаасыг дахин боловсруулж бүтээгдэхүүн болгосон. Анх аавтайгаа хамт эхэлж байсан бол 10 гаруй хүнийг ажлын байраар хангаж ажиллаж байна. Заримдаа жижиг цехүүдтэй хамтарч ажилладаг. 


-Танай тавилга ямар давуу талтай вэ?  


-Buudai брэндийн тавилга бүр хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй цэвэр хатаалгын нарс, царс мод эко модон хавтанг ашигладаг бөгөөд бүтээгдэхүүн бүрийг гараар зүлгэж, тусгайлан угсардаг. Ингэхдээ гялалзуулагч зэрэг химийн найрлагатай бүтээгдэхүүн ашигладаггүй. Бэлэн болсон тавилгаа эко, усан суурьтай будгаар буддаг учир хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйгээс гадна модны анхилам үнэрийг хадгалдаг.


-Шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд татварын асуудал хүндрэл учруулдаг. Гэхдээ татвараа хөнгөлүүлэх боломжууд байдаг. Танайх татварын хөнгөлөлтөд хамрагдсан уу? 


-Манай компани 2021 онд ЖДҮ зээл авсан. Эхний жил бид бүх татвараа төлсөн. Энэ жил татвараа төлж үнэхээр чадахгүй байна. Саяхан нийгмийн даатгалаас ямар ч албан тоотоор мэдэгдээгүй байж дансыг маань битүүмжилсэн. Нийгмийн даатгал дээр очоод харвал 100 саяын татвар төлөөгүй компани ч байсан. Гэтэл манайх 10 саяын татвар төлөөгүй байсан. Төрийн зүгээс татварын асуудалд байгуулагдаад хэдэн жил болсон, ашиг орлого нь ямар байгаагаас нь хамаарч шатлалтайгаар татвар төлдөг болгомоор байна. Үйл ажиллагааны хувьд том, жижиг  хамаарахгүй ижил татвар төлж байгаа нь шударга бус байна.  Арай гэж л зээлээ төлөөд хаалгаа барьчихгүй явж байна.

Үйлдвэрлэл явуулдаг хүний хувьд Тоног төхөөрөмжийн татварын хөнгөлөлт (гааль, нөат, онцгой албан татвар), түүхий эдийн үнийн хамгаалалт, тухайн үйлдвэрийг ашигтай, доголдолгүй ажиллуулахад шаардагдах хүний нөөцийн бодлого (НДШ, боловсролын тэтгэлэг, орон сууцны хөнгөлөлт гэх мэт), Орлогын албан татвар болон НӨАТ-ын хөнгөлөлт,  Импортын ижил төстэй бараа бүтээгдэхүүнд оногдуулах татварын бодлого, Тоног төхөөрөмж, үйл ажиллагаа, ЖДҮ-г дэмжсэн зээл нь яг хэрэгцээтэй ААН-дээ очдог. Энэ бүгдийг цогцлоосноор үндэсний үйлдвэрлэл бүрэн хөгжиж эхэлнэ. Өнөөдөр Монгол Улсад үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд дээрх зохицуулалт байхгүйгээс дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнээс үнэтэй байдаг. Эцсийн дүндээ дотоодын үйлдвэрлэлээсээ авна уу, гадаадынхаас авна уу хэрэглэгчийн л сонголт.

Хэрэглэгч хамгийн чанартай, хамгийн боломжийн үнэтэйг л авна. Харин төр засгаас үндэсний бүтээгдэхүүн рүүгээ чиглүүлэх хууль тогтоомж гарган шийдвэрлэх боломжтой. Би өөрийн хөрөнгө, цаг хугацаа, хөдөлмөр, нөөц бололцоогоо шавхан монголчуудад хэрэгцээтэй байгаа бараа материал, бүтээгдэхүүнийг хуулийн дагуу нийлүүлж байгаа үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг ямар ч нөхцөлд дэмжинэ. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэгчдээ бид харлуулдаг биш бүрэн дэмжиж, дэмжихгүй юмаа гэхэд эдийн засгийн суурь ухагдахууныг ойлгож хандлагаа эерэг болгох хэрэгтэй.


-Түүхий эдийн хувьд дотоодоосоо хангах боломжтой юу? 


-Түүхий эдээ гаднаас авдаг. Ингэхэд гаалийн татвар төлж байна. Улсад өгч байгаа мөнгө нь их ч эргүүлээд олж байгаа нь маш бага байна. Монгол модны хувьд нүх, яр ихтэй. Бидний хувьд тавилгаа модон хавтангаар хийдэг. Хүүхдийн орыг хатаасан банзаар хийдэг. Анх 580 мянган төгрөгөөр мкб мод авдаг байсан бол одоо 1.2 сая төгрөг болсон. Түүхий эд маань өссөн ийм үед татвар хэвэндээ, худалдан авах чадвар буурч байна.  Татвараа хөнгөлүүлчихвэл хямд үнэтэй бүтээгдэхүүн гаргах боломжтой. Одоо 15 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн удаан хугацаанд хамтарч ажиллах хөрөнгө оруулагч хайж байгаа гэдгээ энэ дашрамд хэлмээр байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 17 (7002)