Эко орчныг цогцлоох экологич бүсгүйн мөрөөдөл

0
хуваалцах
131
үзсэн

Баатарын НЯМСҮРЭН 

 

Хот суурин газарт сүүлийн жилүүдэд хүн ам ихээр суурьшин амьдрах болсон. Үүний улмаас хог хаягдал ихээр гарч, энэ нь эргээд хөрсний бохирдлын гол шалтгаан болж байна. Хог хаягдлын тухай хуулинд хэрэглэгдэхгүй болсон эд юмсыг “ахуйн хог хаягдал” гэж заасан байдаг. Энэ нь айл өрх, хүний хэрэглээнээс гарч буй хаягдал юм. Ийнхүү байгальд ил задгай хаясан хог нь хүн, амьтан, ургамлыг өвчлүүлж, гэмтээх сөрөг нөлөөтэй. Манай улс тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд 2030 он гэхэд дэлхийн түвшинд бохирдлыг бууруулах, хог хаях ажиллагааг халах, аюултай химийн бодис, материалыг гаргах явдлыг хамгийн бага түвшинд хүргэх зорилго тавьсан. Мөн Байгаль орчны тухай бусад холбогдох  хууль, тогтоомж стандартыг мөрдөж, үйл ажиллагаандаа байгаль орчинд ээлтэй арга, технологийг ашиглана гэсэн нь бий. Үүнээс гадна хог хаягдлыг багасгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цэвэр, эрүүл орчин бий болгоход анхаарал тавин, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, хяналтыг хэрэгжүүлэх зорилготой. Мөн байгаль орчны талаар хэрэгжүүлэх ажлуудыг ажиллагчид болон хэрэглэгчиддээ ил тод нээлттэй байлгаж, бүтээлч санал, санаачлагыг нь дэмжин ажиллахаар болсон.

 

ИРГЭДЭЭС ХУДАЛДАЖ АВСАН ХОГОО ҮЙЛДВЭРҮҮДЭД НИЙЛҮҮЛДЭГ

 

Хүн ам ихээр суурьшсан нийслэл хотын гэр хороололд дахивар хог хаягдал авдаг газар цөөнгүй. Бид энэ удаад “Хог биш баялаг” ТББ-аас сурвалжилга бэлтгэлээ. Энэ газар нь жил гаруйн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тус байгууллагын бусдаас ялгарах давуу тал нь иргэдийн тушаах гэж  буй дахин боловсруулах буюу дахивар хог хаягдлыг байгаа газарт нь өөрсдөө очиж авдаг юм байна.  
Энэхүү ТББ-ын тэргүүн Э.Пүрэвсүрэн “Бид дахивар хог хаягдал аваад таван  жил болж байна. Энэ ажлыг эхэлсэн нь миний мэргэжилтэй холбоотой. Би МУИС-ийг байгаль экологийн мэргэжлээр төгссөн. Улс эх орны хөгжил хүмүүсийн амьдарч буй орчноос харагддаг. Бага зүйлээс хөгжил эхлэх ёстой. Гудамж талбайгаар явахад хөглөрсөн их хог байдаг. Би анх үүнийг хэрхэн шийдэж болох талаар их бодсон. Энэхүү бодол маань намайг дахивар хог авах хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүргэсэн. Тиймээс ТББ-аа байгуулж, үйл ажиллагааагаа эхлүүлсэн. Би өмнө нь Завхан аймагт хог хаягдал ангилж, худалдан авах ажил хийж байлаа. Хөдөө орон нутагт дахивар хог хаягдал авах амаргүй байсан. Тиймээс хотод ирээд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхдээ  Чингэлтэй дүүргийн XVI хорооны  Засаг даргад хүсэлт тавьснаар төсөл бичиж, гэрээ хийсэн. Талбайн засвараа Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас гаргуулж, өөрийн хөрөнгөөр хог хаягдлаа авч эхэлсэн. Одоогоор манайх хоёр цэгтэй. Дэнжийн мянга болон Зурагтад байрладаг. Дахивар хог худалдан авч цааш дахин боловсруулалтад оруулах нь чухал нөлөөтэй. Би дахивар худалдан авах санхүү, тээвэрлэлтийн машин, ажиллах хүчээ өөрөө зохицуулдаг. Иргэдээс худалдан авсан хог хаягдлаа цааш үйлдвэрүүдэд нийлүүлдэг юм. Тухайлбал, цаасан хаягдлаа “Түмэн шувуут” үйлдвэрт тушаадаг. Тэд цаасыг дахин боловсруулж, өндөгний сав хийх жишээтэй” гэсэн юм. 

 

КОФЕНЫ ХУВАНЦАР АЯГА БАЙГАЛЬД 50-300 ЖИЛИЙН ДАРАА ШИНГЭДЭГ

 

“Хог биш баялаг” ТББ нь Дэнжийн мянгад байрлах энэхүү байраа Швейцарын хөгжлийн агентлагаас зарлагдсан төсөлд шалгарч буцалтгүй тусламжаар  авсан байна. Үүний хүрээнд Улаанбаатар хотын хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх менежментийн төсөл гэж хэрэгжсэн аж. “Икон” ХХК-ны төслийн хүрээнд энэ байр нь баригдсан гэнэ. Одоогоор төв замаас бусад хэсэгт очиж хог хаягдал авдаг тухай Э.Пүрэвсүрэн онцолж байсан юм. Биднийг ийнхүү ярилцаж байх үеэр нэгэн иргэн хаягдал хог тушаахаар ирсэн учир сэтгэгдлийг нь сонслоо. С.Даваадэлгэр “Дахивар хог хаягдалд архины шил, лааз, хуванцар, цаас, төмөр металь, хөөс  авдаг гэдгийг мэдээд сүүлийн гурван сар энэ газарт ирж тушааж байна.  Өмнө нь хогны машинд ачуулаад хаячихдаг байсан. Тухайн машины жолооч нар хог хаях талбайд буулгадаг байсан байх. Тэр нь байгальд шингэхгүй, орчны бохирдол үүсгэдэг нь тодорхой. Тиймээс дахин боловсруулах хог хаягдал авч буй газрыг илүү олон болгох хэрэгтэй санагддаг” гэв. 


Гялгар уут газрын хөрсөнд задралд орохын тулд 200-1000 жил болдог. Бидний өдөр тутамдаа ууж хэвшээд буй кофены хуванцар аяга 50-300 жил, хоолны хуванцар сав 200-500 жил болж байж устдаг байна. Тэгвэл удаан хугацаанд устдаг эдгээр хог хаягдлыг дэлхий нийт дахин боловсруулах замаар ашиглаж байгаа юм. Тиймээс манай улс хогоо ангилж дахин ашиглахыг дадал болгох нь хөгжилд эерэг нөлөөтэй. Улаанбаатарт жилд 1100 км үргэлжлэхээр хэмжээний хогийг газарт булдаг. Зарим хаягдал нь хөрсөн дээр ил хаягддаг юм. Дахин ашиглагдах боломжтой хог хаягдалд цаас сонин, кардон цаас, төрөл бүрийн ус, ундааны хуванцар сав,  шилэн сав, гялгар уут, хөнгөн цагаан лааз, HDPE зэрэг ордог. Бид хог хаягдлыг ангилж хаях буюу хуванцар сав, цаас, лааз, шил, металл, гялгар уутыг ангилж хаях дадалтай болох хэрэгтэй. Эдгээр төрлийн хог хаягдлыг ангилахгүйгээр шууд хаях нь нэг талаар байгальд шингэхгүй олон жил булшлагдах хог хаягдлын үйлдвэрлэгч болж байгаа юм. Айл өрх бүр дахин ашиглах боломжтой хогоо дахивар хог авах цэгт өгч мөнгө болгохыг уриалмаар байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 15 (7000)