Гэрэл зургийг Р.Оюун

Д.МАРАЛ

Ардчилсан намын бүх шатны гишүүдийг хамруулсан дотоод сонгууль явагдаж байгаа. Тодруулбал, үндэсний бодлогын хорооны гишүүн, аймгийн бодлогын хорооны гишүүнийг сонгох сонгууль эхлээд буй. Тэгвэл энэ сонгуультай холбоотойгоор нам дотор зөрчилдөөн үүсээд байгаа аж. Тиймээс энэхүү асуудалтай холбоотойгоор Ардчилсан намын гишүүд Үндэсний мэдээллийн төв-д мэдээлэл хийлээ.

Энэ талаар Ардчилсан намын гишүүн н.Ганхүлэг “Ардчилсан намын хуучин гишүүдийн тоо шинээр бүртгүүлж байгаа гишүүдийн тооноос бага байгаа. Энэ нь Ардчилсан намын дүрэм, Улс төрийн намын тухай хуульд заасан заалттай зөрчилдөх эрсдэл үүсэж байна. Улс төрийн намын цаад зорилго Засгийн эрх мэдлийг авах байдаг. Тэгвэл үүнд сөргөөр нөлөөлж байгаа тул анхааруулга, уриалга хүргэхээр ирлээ” гэсэн юм.

Хэвлэлийн хурлын үеэр Ардчилсан намын гишүүн Д.Монголхүү нэгэн бичлэг үзүүлсэн юм. Энэ тухайгаа “Тус бичлэгт Х.Нямбаатар манай намын гишүүн Э.Бат-Амгалангийн талаар мэдээлэл хийсэн. Ингэхдээ гишүүдийг АН-д бүртгүүл гэж үүрэг даалгавар өгсөн гэсэн гэж ярьсан. Энд дан ганц АН-ын дотоод үйл ажиллагаа бус Үндэсний аюулгүй байдалд аюул учирсан байгааг харахгүй байна. Х.Нямбаатарын энэ мэдэгдлийн дараа буюу хоёр хоногийн дараа МАН-ын 6000 гишүүн манай намд элсэж орж ирсэн байгааг АН-ын Генсек хэлж байгаа юм. Энэ хоёр хүн энгийн иргэн биш. Энэ мэдээллийг баримттай мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлыг буюу Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа асуудлыг цагдаагаас яагаад шалгахгүй байна вэ гэдэг нь анхаарал татаж байна” гэсэн юм.

Ц.Уянга “Манай нам саяхан шинэ даргатай болсон. Урьд нь нам дотор гарч байсан зөрчил хагарал арилж шударга ёсыг тогтооно гэж бодож байсан. Гэвч намын дарга нь өөрөө энэхүү гишүүн элсүүлэх борлуулалтын ажиллагааг гардан гүйцэтгэж байгаад харамсаж байна. Манай намд үнэнчээр байдаг гишүүдийг үнэний талд бат зогсоосой гэж уриалж байна” гэлээ.