Гэрэл зургийг Р.ОЮУН
Д.МАРАЛ
ДЦС-ын гишүүн байгууллагын хорооны дарга нар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдэгдэл хийлээ.
Тодруулбал, Эрчим хүчний салбарын ажилчид цалин хангамж, нийгмийн баталгаа, ажиллах орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт хангагдаагүй хүнд нөхцөлд байгаа тул ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ.
ДЦС IV-ийн ТӨХК-н Үйлдвэрчний эвлэлийн дарга Д.Ган-эрдэнэ “Дөрөвдүгээр цахилгаан станц төвийн бүсийн эрчим хүчний 60 орчим хувийг үйлдвэрлэдэг. Бид маш хүнд, хортой нөхцөлд ажилладаг. Өвлийн ид ачааллын үед Улаанбаатар хотын тог цахилгаан тасалдах үед дулаан халаалтыг зогсоохгүйн тулд 60-70 градусын халуунд цэнхэр каскаа хайлтал ажиллаж, гэмтлийг зогсоодог. Гэвч Эрчим хүчний яам гэрээнд заасан үүргээ биелүүлж ажилчдын цалин, хөлсийг нэмэхгүй байгаа тул хуулиар олгогдсон эрхийн хүрээнд манай цахилгаан станцын ажилчид ажил хаялтад нэгдэнэ” гэсэн юм.
Эргэн сануулахад эрчим хүчний салбарт ажиллаж буй нийт ажилчид эрчим хүчний яаманд цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх саналыг хүргүүлсэн боловч “Одоогийн цалинг ч бүрэн тавих боломжгүй нөхцөл байдалтай байгаа” гэсэн хариу мэдэгдсэн байна. Тиймээс салбарын ажилчид улсын бодлогоос шалтгаалж хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй байгаад гомдолтой байна гэлээ.