Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Өөр зочин” булангийнхаа ээлжит зочноор Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуяныг урилаа. Тэрбээр анх “Оддын эрэлд” тэмцээнд түрүүлж, уран бүтээлийн гараагаа эхэлж байсан юм.  

 

-Та хамгийн сүүлд “Endless” хэмээх уран бүтээлээ гаргасан. Дуугаараа юуг илэрхийлэхийг хүссэн бэ?


-Ээлжит уран бүтээл болох “Endless” дуу маань хязгааргүй гэсэн утгатай. Хорвоо дээр дуусашгүй зүйл олон бий. Тухайлбал, дуу хөгжим, хайр зэргийг нэрлэж болох. Тус уран бүтээлийн хөгжмийг продюссер А.Энхзориг хийсэн. Харин шүлгийг нь залуу уран бүтээлч Lylii бичсэн. Дуучид аливаа уран бүтээлийг дуулахдаа мэргэжлийн талаасаа хоолойн чадвараа гаргаж дуулдаг. Харин тэр дууг нь хүмүүс сонсоод аз жаргалыг мэдрэхээс гадна дагаж дуулах дуртай. “Endless”-ийн хувьд хэн ч дагаж дуулахад их хялбар бүтээл болсон. Мөн би өөрөө  клипэндээ тоглосон нь өмнөх дуунуудаас маань ялгаатай болгосон болов уу.


-Ер нь дуу бүхэн дуучнаас харилцан адилгүй цаг хугацаа, хүч хөдөлмөрийг нэхдэг байх даа? 
-Тухайн дуунаасаа л хамаарна. Дуу бүр харилцан адилгүй. Дуучин өөрийн дуулахыг хүссэн сэдвээ бодож олох тохиолдол байдаг. Тэгээд хөгжмийн зохиолч, яруу найрагчтайгаа зөвлөлдөж, ярилцдаг. Эндээс л ямар жанрын дуу хийх нь тодорхой болно. Хөгжим бэлэн болсны дараа яруу найрагчаар үгийг нь бичүүлнэ. Үүний дараа дуугаа сураад хоолойны бичлэгт орж, студид бичүүлдэг. Харин хамгийн сүүлд клипнийхээ зураг авалтыг хийснээр шинэхэн уран бүтээл төрдөг. 

-Та нэг уран бүтээл төрөх энэ хугацаанд ямар зарчмыг баримталдаг вэ?  


-Анх уран бүтээл хийж эхлэхдээ зохиогчийн өгсөн бүтээлийг л дуулдаг байлаа. Харин одоо өөртөө таалагдсан дууг сонгох болсон. Тиймээс уран бүтээлийн тоонд ач холбогдол өгдөггүй. Чанарт нь л  анхаардаг. 


-Дуучид дуу бүхэндээ хайртай байдаг байх. Гэхдээ бусдаас илүү онцгой, сэтгэлд ойрхон, нандигнаж хайрламаар ганцхан уран бүтээлээ нэрлээч гэвэл та ямар дуугаа онцлох вэ? 


-Дуулсан дуу бүхэндээ би сэтгэл зүрх, цаг хугацаа, санхүүгээ зориулсан. Тиймээс бүх бүтээлдээ хайртай.  Харин яагаад ч юм “Анхны хайр” дууг дуулчихаад би өөрийгөө үнэлж, тоосон шүү. Энэ бүтээл сонсогчдын сэтгэлд аль хэдийнэ хүрчихсэн, хуучны дуу. Дуулахаасаа өмнө их судалгаа хийсэн. Анхны хайр гэдэг хүн бүрийн сэтгэлд гэнэн, нандин хэвээр оршдог. Үүнийг л мэдэрч, шингээж дуулахыг хичээсэн. Мөн тухайн дууныхаа утга агуулгыг гаргаж сонсогчдод хүргэхийг зорьсон.  

 


-Үнэхээр гайхалтай уран бүтээл шүү. Та энэ дууг дуулах болсон юм бэ?


-Анх  “Анхны хайр”  дууг  “The voice of Mongolia” шоуны хоёрдугаар шатанд  дуулж байлаа.  Дуулалт маань  олон хүнд таалагдсан байсан. Тиймээс намайг дуулаач гэсэн санал их ирсэн.  Ингээд албан ёсоор зөвшөөрөл аваад сэргээж дуулсан юм. Сонсогчдын сэтгэл зүрхэнд хүрчихсэн энэ сайхан уран бүтээлийг дуулсандаа үргэлж баярладаг. Үүнээс гадна “Ийм нэгэн сэтгэл” дууг мөн шинэчилж дуулсан. Шүлгийг нь бичсэн Ө.Балчиндорж эгч бурхан болохоосоо өмнө надтай уулзаж дуулуулах санал тавьсан. Тиймээс өөрөөсөө гарч болох бүхий л ур чадвараа шингээж  дуулсан. Цаашид ч хуучны сайхан бүтээлүүдийг сэргээж дуулахыг хүсдэг. Гэхдээ их хүндэтгэлтэй хандаж, зохиогч нараас нь үргэлж зөвшөөрөл авдаг. 


-Хуучны дууг сэргээж, дахин амьдруулахдаа өөрийн онцлогоо шингээж дуулдаг шиг санагддаг? 


-Хуучны дууг сэргээж дуулах  бүртээ бидний ирээдүй болсон хүүхэд залуус “Ийм сайхан дуу байсан гэж үү” гэсэн мэдрэмжийг аваасай гэж хүсдэг. Дуучны хувьд тухай цаг үеийн хөгжмийг мэдэрч, өөрийн мэдрэмж, стиль имиждээ тохируулж дуулах нь  их хариуцлага. Өмнөх уран бүтээлийг дахин амьдруулахдаа анхны хувилбарыг эвдэж, шинээр гаргаж байгаа учир өмнөхөөс нь дордуулахгүй, илүү сайн гаргах ёстой. Тиймээс судалгаа их чухал юм билээ. 


-Мэргэжлийн дуучны хувьд асуухад сайн  дуу гэж ямар бүтээлийг нэрлэх вэ? 


-Мэргэжлийн талаасаа дуулалтын ур чадвар, техникийг харуулсан бүтээлийг хэлнэ. Харин сонсогчид өөрт нь таалагдсан дууг сайн гэж үнэлэх байх. Хүн бүрийн сонсдог дуу, хөгжим харилцан адилгүй. Нэгэн цаг үеийг эзэгнэж, сонсогчдын сэтгэл зүрхэнд хүрч, тухайн үедээ хит болсон дуу л  сайхан шүү дээ.


-Урлагийн замналыг сонгосондоо ямар үед хамгийн ихээр бахархаж байв? 


-Урлагийн хүний хамгийн жаргалтай мөч тайзан дээр байх үе. Учир нь дуртай ажлаа хийж,  үзэгчдийн  алга ташилт бидэнд урам өгдөг. Мөн олонд танигдаж, хүндлэгдэх сайхан. Гэхдээ тэр чинээгээр нэр хүндээ сайнаар авч явах үүргэгтэй. Нийгэмд зөв зүйлээрээ үлгэрлэх хэрэгтэй. Би мөрөөдлөө биелүүлж яваа, их азтай уран бүтээлч. Гэр бүлийнхэн ч дуучин болоход их дэмждэг байлаа. Тиймээс багаасаа дуулж эхэлсэн. Олон хүний ач тусаар мөрөөдөлдөө хүрсэн гэж боддог юм. СУИС-ийг төгссөн хүн бүр мэргэжлийн байгууллагад орж чаддаггүй. Сургуулиа төгсөөд Улсын филармони хэмээх мэргэжлийн байгууллагад ажиллаж байна.  Авьяастай, шилдэг уран бүтээлчидтэй  нэг тайзан дээр гарах нь ховорхон хувь тохиол. Тиймээс унаж босох, урамшиж тэмүүлэх гээд амьдралын сайхан мэдрэмжүүдийг амталж яваадаа талархдаг. 


-Улсын филармони хэмээх их айл, уран бүтээлчдээс  мэргэжлийн хувьд ихийг сурсан байх даа?


-2010 оны сүүлээс Филармонид дагалдан дуучнаар ажиллаж эхэлсэн. Он гараад нэгдүгээр сарын 1-нээс гоцлол дуучин болох тушаал гарснаар үндсэн ажилтан болсон. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд хамт олноосоо ихийг сурсан. Чадварлаг уран бүтээлчидтэй хамтарч ажиллах, мэргэжлийн байгууллагад ажиллаж буй дуучин хэрхэн бэлэн байдалд байх гээд тэр бүхнийг тоочоод барамгүй. 


-Сүүлийн үед дуучин С.Гантогоотой хамтарсан уран бүтээлүүд тань сонсогчдоос өндөр үнэлгээ, хандалтыг авч байна лээ? 


-Дуучин С.Гантогоо бид хоёр 2005 онд хоёр дахь удаагийн “Оддын эрэлд” тэмцээнд хамт оролцсон түүхтэй. Тэр үед би түрүүлж, найз маань шилдэг дөрөвт үлдсэн.  Харин 2012 оноос хойш хамтарч уран бүтээл хийнэ гэж ярьж, мөрөөддөг байлаа. Ингээд 2019 онд “Lоveya” дууг дуулснаар бид мөрөөдлөө биелүүлсэн.  Энэ бүтээл маань ч сонсогчдод таалагдсан. Дараа дахин дуу гаргаарай гэж хүмүүс  захиаж байсан юм. Энэ үеэс урамшаад дараа дараагийн уран бүтээл хийх сэдэл төрсөн. 


-Таны хувьд “Оддын эрэлд”-ээс гадна олон тэмцээнд өөрийгөө сойсон. Тэмцээнд ер нь одтой байх шүү? 


-Би эгэл жирийн амьдралаар өссөн. Амьдралд бүх зүйлийг аав ээж бүтээнэ гэж байхгүй. Хүн өөрийн хүсэж буй зүйлдээ зорилго тавиад сурч, хөгжиж, туршлагажих нь чухал. Оюутан болоод СУИС-ийн мэргэжлийн багш нараасаа онолыг нь сурсан. Харин олонд танигдахын тулд эрэл хайгуул хийж, өөрийгөө сорих ёстой байлаа. Тэмцээн уралдаанд орохоос айдаггүй, их зоригтой хүүхэд байсан. Чадвал чадаад, чадахгүй бол хасагдана л биз гэж өөртөө хэлдэг байсан. Хүмүүс намайг тэмцээн бүрт ордог гээд шүүмжлэлтэй хандах нь бий. Гэтэл би жирийн амьдралтай гэр бүлд өссөн болохоор олон сая төгрөг уран бүтээлдээ зарцуулах боломжгүй. Тиймээс телевизийн нэвтрүүлэгт орж өөрийгөө таниулсан. Тэмцээн бүр намайг  хүмүүст илүү таниулсан. Тэндээс л өөрийгөө олсон гэж боддог. Анхны тэмцээнүүдэд оролцохдоо нас бага байсан учир бусадтай өрсөлдөж байна л гэж боддог байлаа. Харин одоо эргээд бодоход тэдгээр тэмцээн өрсөлдөөн биш, намайг өөрийгөө таниж, олоход хамгийн том түлхэц болжээ гэдгийг ойлгосон.  Өнгөрсөн хугацаанд оролцсон тэмцээнүүд надад сургамж, туршлага өгч хүчирхэгжүүлж, нэг шатаар ахих боломж өгсөн юм шүү. 


-Дахиад тэмцээнд оролцож, өөрийнхөө тэс өөр ертөнцийг нээх бодол бий юу?


-Хүн нэг сайхан зүйл дотроо бодчихоод түүнийхээ төлөө юу ч хийхгүй байх нь утгагүй санагддаг. Алдаж онож, унаж боссон ч ялж ялагдаад тэр дундаас өөрийгөө олох хэрэгтэй. Сүүлд орсон “The voice of Mongolia” тэмцээн ажил, амьдралд минь шинэ цохилт өгсөн. Тиймээс боломж  олдвол дэлхийн хэмжээний тэмцээнд өөрийгөө сорихыг хүсч байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 10 (6995)