Б.ДОЛЖИНЖАВ

 

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооноос "Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Энэ үеэр Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр байр сууриа илэрхийлэв.Түүний яриаг бүрэн эхээр нь хүргэж байна.

 -Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга гэсэн төрийн гурван том албан тушаалтан зөвлөлдөөд иргэдийнхээ санаа бодлыг нээлттэй сонсох зорилготой томоохон чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь маш сайшаалтай. Ерөнхий сайд илтгэлдээ гурван хувилбарыг сонголоо.Нэгдүгээрт,  бүх зүйл яг одоогийн байдлаараа хэвийн байх буюу юуг ч өөрчлөхгүй байх. Гэхдээ өнөөдрийн тогтолцоо буруу, өөрчлөх шаардлагатай гэдгийг иргэдийн эсэргүүцлийн жагсаал бидэнд ойлгуулсан. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэг хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулаад бусад зүйл, заалтыг нь хэвээр үлдээх тухай ярилаа. Ийм өөрчлөлт учир дутагдалтай. Жишээгээр тайлбарлавал, Приус машинд жийп машины дугуй тавивал хөдлөхгүй, гацна, эвдэрнэ. Үндсэн хуулийн нэг хэсгийг өөрчлөх нь яг үүнтэй адил. Гуравдугаар хувилбар буюу хамгийн оновчтой нь тогтолцоогоо бүхэлд нь өөрчлөх юм. Тогтолцоогоо өөрчлөхийн тулд  эхлээд Үндсэн хуулиа шинэчилье, шинэчилсэн найруулгаар хуулиа баталья гэсэн хувилбарыг санал болголоо.

-Ард иргэд, намууддаа боломж олгоод Үндсэн хуулиа шинэчилсэн найруулгаар өөрчлөн шинэ тогтолцоо руу шилжих нь хамгийн зөв, хамгийн хялбар, шуурхай, оновчтой арга гэдгийг өнгөрсөн 30 жилийн хугацаа бидэнд харууллаа. Ингэхдээ шинэ үндсэн хуулиар зөвхөн хоёр танхимтай парламенттай болох ганцхан өөрчлөлтийг хийнэ гэж ойлгох нь буруу. Хоёр танхимтай парламент гэхээр эрх мэдэлтэй хүмүүсийн тоог нэмэх гэж байгаа мэт харагдаж байна. Дарга нарын тоог нэмэгдвэл төрийн зардал хэд дахин нэмэгдэнэ. Өнөөдрийн энэ хулгай, луйвар улам гүнзгийрнэ.Тиймээс иргэд эсэргүүцээд байна. Хоёр танхимтай парламент байж болно. Гэхдээ үндсэн хуулийн өөрчлөлтийг үүгээр хязгаарлан ойлгож болохгүй. Үүний цаана байгалийн баялгаа ард түмэндээ өгье, залуучуудыгаа үнэгүй боловсролоор дээд мэргэжилтэй болгоё, эрүүл мэндийн зардлыг төр даая гэсэн өөрчлөлтүүд бий.Өндөр хөгжилтэй орнуудын Засгийн газар хэдхэн асуудлыг шийддэг. Нэгдүгээрт, залуучууддаа үнэ төлбөргүйгээр дээд боловсрол олгодог. Хоёрдугаарт, ард түмнийхээ эрүүл  байх эрхийг хамгаалж, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай байлгадаг. Гуравдугаарт, залуу гэр бүлийг орон сууцтай болгох гэсэн суурь хэдэн асуудлыг шийддэг. Тиймээс эдгээр гурван асуудлыг шийдэж чадахгүй бол төр байгаад яах юм бэ гэж иргэд асууж байна. Манай улсын тухайд залуус өөрсдөө төлбөрөө төлж боловсрол эзэмшиж байна. Эрүүл мэндийн даатгалтай боловч нэмэлтээр төлбөр төлж эмчлүүлж, олон жилийн турш хөдөлмөрлөсний эцэст орон орон сууцтай болж байна. Ийм нөхцөлд иргэд гадаадыг зорихоос өөр арга алга. Тиймээс Үндсэн хуулиа өөрчлөн шинэ тогтолцоо руу шилжих шаардлагатай байна.

-Байгалийн баялаг бусад өмчөөс ялгаатай. Хэн нэгний оролцоогүйгээр бий болсон баялаг учир ард түмний өмч байх ёстой. Гэтэл лиценз нэрээр цөөн хэдэн хүн байгалийн баялгийн шимийг хүртэж,хагартлаа баяжиж үлдсэн хэсэг нь хоосон байна. Ард түмэн 30 жил үүнийг эсэргүүцэж тэмцлээ. Хувь хүн өөрөө бий болгосон өмчтэй байгалийн баялгийг андуурч, хувь хүний өмч рүү халдахгүй хэмээн халхавчилсны улмаас цөөн хэдэн хүн үр шимийг нь хүртлээ. Харин бүх иргэнд энэ баялгийг ижил тэгш хуваарилвал бүгд чанартай боловсрол, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ авч, орон сууцтай болж чадна. Төр баялгаа тэгш хуваарилаад дээрх гурван үндсэн суурь асуудлыг шийдээд өгснийхөө дараа ажил хийж амьдралынхаа төлөө зүтгэ гэж шаардах ёстой. Одоогийн нөхцөлд яаж амьдралынхаа төлөө зүтгэх юм бэ. Тухайлбал, боловсролгүй Монгол хүн гадаадын мэргэжилтнүүдээс 30 дахин бага цалин авна. Тиймээс үндсэн хуулиар дамжуулан тогтолцоогоо өөрчилж байж залуучууд эх орондоо сайхан амьдарна.

-Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулиа тухайн нийгмийн шаардлагад нийцүүлэн өөрчилсөөр ирсэн. Хамгийн сүүлийн өөрчлөлтөөс хойш 32 жил болсон учир Үндсэн хуулийг дахин өөрчлөх цаг нь ирсэн.Одоогийн Үндсэн хуулиар нам төртэй тогтолцооноос төр төвтэй тогтолцоо руу шилжээд байна. Төр төвтэй тогтолцоо нь төрийг хариуцлагагүй болгосон.Тиймээс төр төвтэй тогтолцооноос ард түмэн төвтэй тогтолцоо руу шилжих цаг нь болсон. Төрт төвтэй тогтолцооноос иргэн, ард түмэн төвтэй тогтолцоо руу шилжиж хүний эрхийг хамгийн сайн хамгаалах, баталгаажуулах нийгмийг бүтээгээсэй гэж хүсч байна.

 -Шинэ үндсэн хуулийг батлах үе шатын тухайд эхлээд УИХ-ын 76 гишүүн хуулийн төслийг хэлэлцэхдээ өргөн хүрээний хэлэлцүүлэг явуулан ард түмнийхээ саналыг сайн тусгана. Дараа нь иргэдийнхээ дунд санал асуулга явуулаад дэмжих юм бол шинэ Үндсэн хуулийг батлах хэрэгтэй гэж бодож байна. Тодруулбал, байгалийн баялгийг ард түмэнд өгөх, хоёр танхимтай парламент байж нэг нэгнийгээ хянадаг байх, хүний эрхийн байгууллагыг Үндсэн хуулинд оруулах, төрийн тэргүүн хүний эрхийн асуудалд онцгой анхаарах, Засгийн газар хариуцлагатай байх нь зөв үү гэсэн асуултыг асуугаад зарим алдаатай хэсгийг засаад санал асуулга явуулах нь зөв юм. Ирэх намар хүртэл Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой үе шаттай хэлэлцүүлэг, санал асуулга явуулж, улс тунхагласны баяр буюу арваннэгдүгээр сарын 26 эсвэл арванхоёрдугаар сарын 10-ны олон улсын хүний эрхийн өдрийг сонгон шинэ үндсэн хуулиа баталвал зүйтэй гэж бодож байна. Энэ хугацаанд УИХ, ард түмэн хамтран ажиллаж хамгийн сайн төслийг боловсруулаад шинэ Үндсэн хуультай больё гэсэн саналыг дэвшүүлж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 8, 9 (6993, 6994)