Базарбямбын НЯМСҮРЭН


“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadership forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн буландаа “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын дарга В.Лут-Очирыг урилаа.

 

 

Тоон бичиг үсэг тайлагдалт 43.8 хувьтай байна 

 

-Монгол Улс 2020 онд “Цахим үндэстэн болно” гэсэн зорилго тавьсан. “И-Монгол академи” УТҮГ байгуулагдахаас өмнө бидний өдөр тутам ашигладаг аппликэйшн болж танигдсан байсныг уншигчид сайн мэднэ. Харин “И-Монгол академи” УТҮГ-ын хувьд байгуулагдаад нэг жил орчмын хугацаа өнгөрч байна. Бүх нийтийн тоон бичиг үсгийг тайлах зорилготой хэлбэрээр байгуулагдаж байсан бөгөөд жилийн өмнөөс газар болж өргөжсөн. Цахим Үндэстэн болох зорилго дэвшүүлээд байгаагийн хувьд бид цахимаар мэдээллийг ойлгох, хэрэглэх чадвартай иргэдийг бий болгох, иргэдээ бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарсан. Цахим ур чадвар гээд ярихаар хэт албаны сонсогдож байгаа мэт боловч энгийн үгээр хэд хэдэн өөр нэршил бий. Англи хэлний “Digital literacy” гэдэг үгийг монголчлоод цахим ур чадвар, мөн тоон ур чадвар гэж нэрлэх болсон. 
Цахим ур чадварыг дээшлүүлнэ гэдэг тухайн цахим мэдээллийг ойлгох, хэрэглэх чадвартай иргэдийг бий болгохыг хэлж байгаа юм. Жишээлбэл, зурагтын удирдлага, ухаалаг утсыг энгийн хэрэглээнд ашиглахаас эхлээд дижитал дээр суурилсан бүх зүйлийг ойлгох, хэрэглэх чадварыг хэлж байгаа юм. Манай иргэдийн цахим ур чадварын түвшин хэр байдаг вэ гэвэл нэлээд сонирхолтой тоо харагддаг. 2021 онд хуучнаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Үндэсний статистикийн хороотой хамтран Монгол Улсын хэмжээнд өрхийн МХХТ-ийн хэрэглээ, хүртээмжийн судалгаа хийсэн байдаг. Тус судалгаагаар Монгол Улсын тоон бичиг үсэг тайлагдалт 43.8 хувьтай гарсан. Монгол Улсын хүн ам 3.4 сая гэж тооцоход үүний тал хувьд ч хүрэхгүй байгаа нь тийм ч хангалттай үзүүлэлт биш юм. Үүнийг нэмэгдүүлэх тал дээр манай газар голлож ажилладаг. Мөн 2021 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрэээнд Зорилтот бүлгийн иргэдийн цахим ур чадварыг үнэлэх чанарын судалгаа авсан байдаг. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрх, шилжигч өрх, хөдөөгийн болон алслагдсан өрх зэрэг таван голлох төрөлд мэдээллийн хуваагдалд илүүтэй өртөж, цахим ур чадвар доогуур хэмжээнд байгаа гэсэн судалгааны үр дүн гарсан. Тиймээс иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, эдгээр иргэдэд болон төрийн албан хаагчдад зориулсан сургалтуудыг манай газар зохион байгуулж байна. Мөн оюутан залуус болон өсвөр насныханд зориулсан сургалтууд ч бий.

 

 

Блиц:
Боловсрол:
2004-2010 “Чингис хаан” дээд сургууль
2011-2013  ШУТИС, КТМС-Компьютерийн ухааны магистр
 
Ажлын туршлага:
 
2013-2015 “Энх-Орчлон” дээд сургууль, багш
2015-2022 БСШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, мэргэжилтэн
2022.01 сар-2022.04 Боловсролын Ерөнхий газар, мэргэжилтэн
2022.04 сар-2022.11-“И Монгол академи” Цахим ур чадварын газар, мэргэжилтэн
2022.11 сар-“И Монгол академи”, Цахим ур чадварын газрын дарга

 

 

“Шинэ онд таныг юу хүлээж байна” зэрэг холбооснууд дээр битгий дар


 
Сүүлийн үед фейсбүүк болон сошиал орчинд монголчууд идэвхтэй болсны хэрээр хувийн мэдээллээ алдах, мэдээллийн аюулгүй байдал гэдэг асуудал өндөр хэмжээнд анхааралд орж байгаа. Тиймээс иргэдийг цахим залиланд өртөхгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг таниулах, урьдчилан сэргийлэх, хэрхэн алдахгүй байх вэ, яаж хамгаалах вэ зэргийг сургалтын агуулгадаа тусгадаг. Хамгийн энгийн жишээ гэвэл, фэйсбүүк хуудсаар олон хандалт авахын тулд янз бүрийн мэдээлэл түгээж түүнийг ашигладаг хуурамч хаягууд ихээр бий болсон.
“Баян болохыг хүсвэл үүн дээр дар”. “2023 онд таныг юу хүлээж байна” гэх мэт холбооснууд дээр дарснаар хувийн мэдээллээ алдах эрсдэл их болдог. Мөн нэвтрэх нэр, нууц үгийн хувьд хэт энгийн, хэн ч тааж мэдэхээр нууц үг оруулах нь эрсдэл дагуулж байдаг. Өөр нэг анзаардаггүй эрсдэл бол ямар нэг хүний компьютероос өөрийн фэйсбүүк хаяг руу орчихоод тэндээсээ гарахгүй хаачихаад орхих нь маш буруу. Манай газрын хувьд 11 хүний бүрэлдэхүүнтэй. Сургагч багш дөрөв, цахим ур чадвар олгох сургалт хариуцсан мэргэжилтэн дөрөв, сургалтын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн болон сургалтын контент хариуцсан мэргэжилтэн тус бүр нэг ажиллаж байна. Өнгөрсөн онд гэхэд бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр нийтдээ 10 мянга гаруй иргэн, 11 мянга гаруй төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулсан байна. Өмнө нь Монгол Улсад бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн бүтцийн хүрээг тодорхойлоогүй байсан. Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн чадамжийн бүтцийн хүрээ, иргэдийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/310 дугаар тушаалаар “Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээг тодорхойлох, сургалтын хөтөлбөр боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгээр бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээг тодорхойлж, эхний байдлаар танилцуулахад бэлэн болчихсон явж байна. Бүтцийн хүрээ гэдгийг энгийнээр тайлбарлавал, хэрэв хүн нэг зүйлийг олон удаа давтаж хийхээр өөрийн мэдэлгүй хийж чаддаг байх нь чадвар бөгөөд олон чадваруудыг нэгтгэж чадамж гэж үздэг. Тэгвэл тэдгээр цогц чадамжууд нийлж байж бидний бүтээх гээд байгаа цахим иргэн гэдэг хүнийг бүтээнэ. Олон улсад бүх нийтийн цахим боловсролыг дээшлүүлэх Digital literacy Global framework /DLGF/, International Computer Driving license /ICDL/, Microsoft Digital literacy course, IC3 Digital Literacy зэрэг ур чадварын бүтцийн хүрээ байдаг. Дээрх бүтцийн хүрээнүүд нь дотроо мэдээлэл өгөгдөлтэй ажиллах, мэдээллийн аюулгүй байдал, цахим засаглал асуудал шийдвэрлэх гэх зэрэг цогц чадамжуудыг багтаасан байдаг бөгөөд улс орон өөрсдийн онцлогт тохирсон цогц чадамжуудыг тодорхойлсон байдаг. 
Цахим иргэн гэдэг компьютерын талаар мэдлэгтэй, ухаалаг гар утсыг ашиглах мэдлэгтэй байх хэрэгтэй. Заавал мэдээллийн технологийн өндөр хэмжээний чадвартай байх, программ бичих албагүй ч энгийн хэрэглээндээ ашигладаг, ойлгож чаддаг л байхыг хэлээд байгаа юм. 
НҮБ-ын Цахим засаглалын судалгаагаар Монгол Улсын цахим засаглал хөгжлийн индекс 2020 онд 92 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол 2022 онд 74 дугаарт байрт орсон. Тус судалгааны шалгуур үзүүлэлт нь төрийн үйлчилгээ хэр цахимжсан, мөн тухайн улс орны иргэдийн цахим ур чадвар хэр зэрэг байгаагаас байр эзлүүлдэг. E-Mongolia систем гарснаар төрийн үйлчилгээг цахимжуулах, цахим засаглалыг бий болгоход гол үүрэг гүйцэтгэж байгаа гэж хэлж болно.  Одоогоор E-Mongolia системд 700 гаруй үйлчилгээ орсон байгаа. Мөн ТҮЦ машинаар лавлагаа олгож байгаа. Тиймээс төрийн үйлчилгээг цахимаар авах иргэдийг бэлтгэх зайлшгүй шаардлагатай болсон учраас тэр иргэдийг бэлтгэх нь бидний туйлын зорилго болж байгаа юм. 

 

 

Харааны бэрхшээлтэй хүн ч “Е-Mongolia” ашиглах боломжтой

 

-Манай сургалтад хамрагдаж байгаа иргэдийн хувьд голдуу насанд хүрсэн хүмүүс байдаг учраас удаан цагаар суух боломж хомс байдаг. Сургалт дунджаар хоёр цаг орчим үргэлжилдэг. Аль болох онол болон практикийг хослуулан сургалт явуулахыг хичээдэг. Мөн хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдийг хамруулах үедээ дохионы хэлмэрчтэй хамтран ажилладаг. Гэхдээ дохионы хэлмэрч компьютер, техникийн тухай мэдээллийг орчуулахад  нэлээн бэрхшээлтэй байдаг тал ажиглагдсан. Тэгш хүртээмжийг хангах үүднээс аль болох бүх талаар хамтран ажилладаг. 


Манай газар харааны бэршээлтэй сургагч багштай. Манай сургагч багш сургалт зохион байгуулахаас гадна харааны бэрхшээлтэй хүн дэлгэц унших программыг ашиглаад мэдээлэл бүрэн авч чадаж байна уу? гэдгийг тест хийж боловсруулалт, хөгжүүлэлт дээр зөвлөмж өгч ажилладаг. Үүний ачаар “E-Mongolia” аппликейшн болон веб сайт аль аль нь дэлгэц уншигч программаар уншигддаг болсон. Харааны бэрхшээлтэй иргэн дэлгэцийн хүссэн газар хүрэхэд тэнд байгаа зүйлийг тухайн хүнд уншигддаг болсон. 


Тэгш хүртээмжийн хувьд “Веб контентын хүртээмжийн удирдамж (WCAG)” дэлхийд нийтээр хүлээн зөвшөөрсөн хүртээмжийг нэмэгдүүлэх стандарт бөгөөд үүнийг боловсруулахдаа интернэт хэрэглэгчийн онцлог, төхөөрөмжийн төрөл, интернэтийн хурд зэргийг тусгасан байдаг. Энгийнээр хэлбэл, энэ зөвлөмжийн дагуу ажилласан бол тэгш хүртээмжийг бүрдүүлсэн гэж үндсэндээ тооцдог. Мөн мэдээлэл технологийн чиглэлээр одоо сурч байгаа оюутнуудыг энэ стандартаар ажиллахыг заах, мэдээллээр хангахад бас голчлон анхаарч байна. Ингэснээр суурийг нь зөв тавьж байж, ирээдүйд илүү үр дүнтэй болно гэж үзэж байгаа. Энэ онд их, дээд, сургуулийн оюутан залуучуудад энэ чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн бүтцийн хүрээг батлуулж, түүний дагуу анхан, дунд, ахисан шатны сургалтын хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна. Ингэхийн тулд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд иргэдийн МХХТ-ийн хэрэгцээний түүвэр судалгааг Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай БЗД, СХД болон Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Ховд гэсэн дөрвөн аймагт суурь судалгаа хийж байна. Мөн цахимаар, санамсаргүй түүврийн аргаар судалгаа авч байгаа. Тус судалгаагаар бүтцийн хүрээ боловсруулах ажлын хүрээнд нийтдээ 123 ур чадварыг гаргаж ирснээс өдөр тутамд хамгийн их хэрэгцээтэй гэж үзэн 45 ур чадварыг сонгосон. Эдгээр ур чадваруудыг хэрхэн эзэмшсэн байдлаар дээрх судалгаагаа авч байгаа. Өнгөрсөн онд бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр Хэвлэлийн хүрээлэн, Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд энэ онд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар төлөвлөсөн. Мөн бүх нийтийн цахим  ур чадварыг дээшлүүлэх ажлын хүрээнд энэ онд Цахим ур чадвар, боловсролыг дэмжих үндэсний аяныг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 5 (6990)