Д.БОЛОР
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан бол гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор УИХ-д оруулж шийдвэрлүүлэхээр тусгасан. Энэ төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, С.Дэмбэрэл нараас таван асуултад хариулт авав.
1.УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг гишүүд бүхэлд нь дэмжсэнгүй. Үүнтэй санал нэг байна уу?
2.Мөрдөн байцаагчийн саналаар түдгэлзүүлэх асуудлыг юу гэж үзэж байна?
3.Хэргийн газарт нотлох баримттай баригдах УИХ-ын гишүүн байх болов уу?
4.“Улс төрийн захиалга биелүүлдэг шүүхтэй байхад биднийг бусдын захиалгаар яллаж мэднэ” гэж гишүүд өөрсдийгөө хамгаалаад байгаа юм биш үү?
5.Үндсэн хуульд гишүүний эрхийг түдгэлзүүлж болох тухай заасан ч УИХ-ын тухай хуульд энэ тухай заагаагүй. Хуулиудын энэхүү зөрчлийг яаж засах вэ?
Д.Хаянхярваа:
Шударга шүүхтэй бол дуртай зөвшөөрнө
1. Санал нэгтэй байгаа.
2. Хуулиараа прокурорын санал, шаардлага байдаг учраас мөрдөн байцаагч байх нь илүүц биз. Тэгээд ч мөрдөн байцаагч бусдаас хараат бус байдаг эсэх нь өөрөө эргэлзээтэй асуудал шүү дээ.
3. Олонхийн саналаар шийдсэн асуудал шүү дээ.
4. Шүүхийн байгууллагыг хараат бус гэж хэлж чадахгүй. Хараат бус шүүхтэй бол гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дуртайяа зөвшөөрнө. Харамсалтай нь шударга шүүх байгаа гэдэгт эргэлзэж байна.
5.Хуулиар зохицуулж болно.
С.Дэмбэрэл:
Мөрдөн байцаагч чинь дээрээ даргатай байдаг юм
1. 2010 онд энэ талаар судалгаа хийсэн байдаг. Хуулийн төсөл хэлэлцэх үеэр энэ судалгаа хаана байна гэж шаардсан. Хэрэв хууль батлах гэж байгаа юм бол судалгааг нь тайлагнах ёстой. Тиймээс түдгэлзүүлэх тухай ярих цаг болоогүй.
2.Мөрдөн байцаагч чинь дээрээ даргатай шүү дээ. Мөрдөн байцаагч хараат бус ажиллах нь эргэлзээтэй учраас энэ заалт байх шаардлагагүй.
3. Тодорхой төрлийн гэмт хэрэгт хариуцлагаа үүрэх ёстой. Харин бусдын захиалга биелүүлэх асуудал байж магадгүй учраас асуудалд нухацтай хандахыг хүсч байгаа юм. Гишүүдийн бүрэн эрхийг дагаад төрийн дархлааны асуудал урган гарна.
4. Саяхан шүүхийн байгууллага хараат бус байдлаар ажиллаж чадахгүй байна гэсэн тодорхойлолт өгсөн хуулийн төсөл орж ирсэн. Аливаа судалгаагаар ч гэсэн шүүх шударга ажиллаж чаддаггүй гэх юм билээ. Эрх зүйн ийм орчинд ийм заалт оруулж ирэх нь Монгол Улсын дархлааг сулруулах аюултай гэсэн үүднээс хандаж байна.
5. Зөрчил байхгүй. Харин нарийвчлах шаардлага бий.