Б.ЖАВХЛАН

Өнгөрсөн сард орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хүрээнд шинээр 779 зээлдэгчид 73 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Ингэснээр зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн үлдэгдэл аравдугаар сарын эцэст нэг их наяд 16 тэрбум төгрөг давсныг Монголбанк мэдээллээ.

Аравдугаар сард 682 зээлдэгчээс 64.1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт иржээ. Он дуустал цар тахлын тухай хуулийн дагуу ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан. Эргэн төлөлт хойшилсноос зээлийн хүсэлтийг шийдэх явц удаашралтай байгаа. Тэгвэл ирэх оноос иргэд зээлээ төлөөд эхэлбэл ирсэн хүсэлтүүдийг шийдээд явах боломжтой болох талаар арилжааны банкууд хэлж байлаа.

Орон сууцны санхүүжилтийн зургаан хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт хоёр их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна. Төрөөс 2023 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн УИХ-ын тогтоолын төсөлд ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр тусгаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн хөтөлбөр анх хэрэгжиж эхэлсэн 2013 оноос хойших нийт санхүүжилтийн үлдэгдэл 6.2 их наяд төгрөгийг шилжүүлэх болжээ.

Эх сурвалж www.polit.mn