Ч.Зотол
Үндэсний “Эко брэнд” халгай шампунь цагаан сарын бэлгийн багц болон хэрэглэгчдэд очиж байгаа талаар Мон-Крем компанийн маркетингийн албанаас өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.
Тус компани 2013 онд чанарыг эрхэмлэж, хэрэглэгчдэд 100 хувь хүрч ажиллах зорилт тавьжээ. Үндэсний баяр цагаан сарыг угтаж халгай шампунийнхаа дөрвөн төрлийг бэлгийн багц болгохдоо дотор нь халгайн ач холбогдол, үс арчилгааны зөвлөмж, худалдаалах цагүүд болон халгай брэндээр үйлчилгээ үзүүлдэг салбаруудын байршил, үнийн сонголтыг багтаасан гарын авлагыг хийснээрээ онцлог юм.
Сүүлийн үед байгаль орчны бохирдол, хүмүүсийн амьдралын хэв маяг, цаг агаарын байдал хэт хуурайшилтаас үүдэж хүний үс гэмтэх, бохирдох болсон. Тэгвэл гэмтсэн үсийг эмчилж, нөхөн сэргээх үйлчилгээтэйгээрээ “Халгай” шампунь хэрэглэгчдэд эрэлттэй бүтээгдэхүүн болж чаджээ. “Халгай” шампунь үс уналтыг зогсоох нөлөөтэй гэлцдэг. Тэгвэл энэ нь олон жилийн судалгаа, туршилтаар батлагдсан хэмээн Мон-Крем компанийн маркетингийн албаныхан ярьж байна.
“Экобрэнд”-ээр тодорсон “Халгай” иж бүрдлийг үйлдвэрлэгч Мон-Крем компани 1989 онд анх байгуулагдсанаас эхлэн өнөө хүртэл гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байгаа. Бүтээгдхүүнийхээ нэр төрлийг нэмж, чанарыг ахиулж ирсэн тус компанийн түүхийн хуудсыг сөхвөл, 1998 онд гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрийн болон бүтээгдэхүүний 30 гаруй нэрийн стандарт боловсруулж батлуулжээ. 1999 онд “Халгай” шампунь Япон улсын ЭМЯ-ны лиценз авч, тус улсад экспортлогдсон анхны монгол гоо сайхны бүтээгдхүүн болсон юм. Энэ хугацаанд тус компани үйлдвэрлэл-технологийн шинэчлэлийг байнга хийж 2003 онд ангижруулагчтай “Халгай” шампунь үйлдвэрлэж салбартаа анхдагчаар тодорч байв. 2004 онд гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи үндэслэл, хэрэглэгдэх түүхий эд, ерөнхий шаардлагыг багтаасан “Косметикийн үндэслэл” ном гаргасан нь салбарынхаа хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан гарын авлага болсон юм. Тэгвэл 2005 онд Япон улсын уламжлалт технологиор үйлдвэрлэсэн “Мөнгөн дэлбээ” иж бүрдлээрээ гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт шинэ алхам хийсэн. 2007 онд “Халгай” шампунь үндэсний брэнд бүтээгдэхүүн болсон бол 2008 онд нэр төрлөө сайжруулж дөрвөн төрлөөр гарах болов. Тэгвэл 2012 онд “Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн”-ий гэрчилгээ авч, экологид ээлтэй “Экобрэнд”-ээр шалгарсан амжилттайгаар 2013 оныг угтаж байна. Цаашид Солонгос улстай хамтран шинэ бүтээгдэхүүн буюу халгайтай үсний тэжээлийн тос үйлдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд гуравдугаар сарын 8-ны үед худалдаанд гаргах гэнэ.