Үндсэн хуулийн өд­рийг  улс даяар урьдчилан тэмдэглэсэн өнгөрсөн ам­ралтын өдрүүдээр өлсгө­лөн зарласан ээжүүдийг сурвалжлахаар зорилоо. Биднийг очиход Сүх­баатарын талбайд өлсөнө хэмээн зүтгэж байсан ээ­жүүд МАХН-ын байрны “Шударга ард түмний индэр” хурлын танхимд өлсгөлөнгөө эхлүүлээд 60  цаг болж байлаа. Тэд “Үндсэн хууль дахь ардчилал, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, монгол хүн эрүүл байх, эрүүл мэндийн үйлчилгээ авах, амьд явах эрхээ  эдэлж чадахгүй байна. Үүний тод жишээ нь МАХН-ын Н.Энхбаяр юм. Түүний эрүүл, амьд явах эрхийг эдлүүлж нэгдсэн II эмнэлэгт хэвтүүлж тасраад байгаа эмчилгээг нь үргэлжлүүл” хэмээн   шаардаж  ийнхүү өлсгөлөн зарлаад байгаа. Гэтэл Үнд­сэн хуультай болсныхоо баярыг тэмдэглэж буй Монголын  төр, хууль тогтоох байгууллага   тэднийг анхаарсангүй. Хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм маань Төрийн ордонд зохион байгуулсан Үндсэн хууль тогтоогчдын уулзалт, баярын хурал, Төрийн музейд гаргасан үзэсгэлэн төдийхнөөр Үнд­сэн хуулийн өд­рийнхөө   хөшгийг  хаасан нь харамсалтай.

Бямба гаригийн 12 цагт МАХН-ын байранд очиход өлсч буй  ээжүү­дийн зэрэгцээ 13 хүн улс төрийн суулт эхлүүлсэн байв. Өлсч буй ээжүүдийн тавьсан шаардлагыг төр, засаг биелүүлэхгүй бол суулт хийж буй хүмүүс тэдний эгнээнд шилжиж, тэдний араас дахин  13 хүн суулт хийх зарчмаар өлсгөлөн үргэлжилнэ гэдгийг тэд хэлж байлаа. Долоон эмэгтэйн биеийн байдал сайнгүй байгаа  бололтой. Үе үе босч ирэн ус буцалгагчаас ус хийж угаад амныхаа хаалтыг зүүн  буцаад  хэвтэх юм. Тэд нойтон өлсч буй учраас шингэн зүйл ууж байгаа гэнэ. Эмчийн хяналтад орсон эсэхийг  асуухад хамгийн захад хэвтэж байсан эмэгтэй   “Бид нэгдүгээр сарын 10-нд өлсгөлөнгөө эхлүүлсэн. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд хандсан ч  бидэнд бургуй тавьж гэдэс цэвэрлэж өгөөгүй. Тэгэхээр нь шар ус ууж гэдсээ цэвэрлэсэн. Харин дараагийн өдөр нь буюу 11-ний 20 цагт Сүхбаатар дүүргийн эмнэлэг  бургуй тавьж өгсөн гэнэ.  Эм­нэлгийн тусламж, үйл­чилгээ ямар учраас ийнхүү оройтсон бэ гэвэл  эмнэлгийнхний зүгээс “Өвчтөнүүдийнхээ ачаал­лыг даахгүй байна”  гэсэн хариуг  өгч байсан гэнэ. “Өвлийн дүн орж хүйтний эрч чангарч буй ч  ээжүүд өлсгөлөнгөө зогсоох бодолгүй байгаа нь тэдний ярианаас илт. Тухайлбал, Хорих 401 дүгээр ангид хоригдож буй МАХН-ын дарга Н.Энхбаяраас ээжүүдэд хандан  захидал бичсэнээ баасан гаригийн орой өмгөөлөгчөөрөө дамжуулан ирүүлсэн ч “Бид тэмцлээ зогсоохгүй” гэж эрс мэдэгдсэн хэмээн Баянзүрх дүүргийн иргэн Н.Отгон хэллээ. Н.Энх­баяр захидалдаа   “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө шаардлага тавьж буй ээжүүдтэй оюун санаа нэг байгаа хэдий ч тэмцлийн хурц хэлбэрийг сонгон өлсгөлөн  зарлахыг  нь миний сэтгэл зүрх хүлээж авч чадахгүй” гээд өлсгөлөнгөө зогсоож, эрүүл мэндээ бодооч хэ­мээн гуйж байгаагаа уламжилсан байна. Гэвч асуудал ганц Н.Энх­баяртай холбоотой бус  Монголын ирээдүй, бидний үр хүүхдийг аюул заналхийлэл  нөмөрч, хэзээ хэн хар маск зүүж ирээд  хилс хэрэг тулган баривчилж  сүрдүүлэх бол гэсэн айдас дунд амьд­рахыг хүсэхгүй  байна. Тиймээс  цаашид  бидний эгнээ өргөжинө. Хөдөө орон нутгаас ирэхээр нэрээ ирүүлсэн хүн олон байгаа хэмээн ээжүүд хэлж  байна. Ийнхүү  ярилцаж байтал үүдний жижүүр МАН-ын дарга Ө.Энх­түвшин ээжүүдтэй уулза­хаар ирснийг дуулгав.

 

Ө.Энхтүвшин:

ЭЭЖҮҮДИЙН ШААРД­ЛАГЫГ УИХ, ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗАСГИЙН ГАЗАРТ ТАВИНА

 

Амралтын өдөр МАХН-ын байранд ирсэн гэнэтийн зочин Ардын намын дарга Ө.Энх­түвшинг хэвлэлийнхэн дагасангүй. Тэрээр өлсгөлөн  зарлаж байгаа эхчүүдийн талаарх мэ­дээл­лийг хэвлэл мэдээл­лийн хэрэгслүүдээс харжээ. Дандаа эхчүүд өлсч байгаа нь түүний сэтгэлийг эмзэглүүлсэн гэнэ. Ин­гээд ээжүүдтэй уулзъя хэмээн бодож байтал тухайн үед  хажууд нь сууж байсан ээж нь  “Эх хүн гэдэг ийм л байдаг. Тэд үр хүүхдээ гээд бүхний түрүүнд явж байдаг улс.  Тэгэхээр тэр хүмүүстэй уулз” хэмээн хүүгээ шав­дуулсэн нь энэ аж. 

Ө.Энхтүвшин эхчүү­дээс  ямар учраас  өлсгөлөн зарлаж, суулт хийж бай­гааг тодруулсан юм. Ээжүүд  “Н.Энхбаярыг II эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлэх хүртэл бид өлсгөлөнгөө зогсоохгүй. Тэр хүний биеийг  эмч­лүүлээч”  гэсэн шаард­лагыг  тавьж байгаагаа хэлэв.

Орхон аймгаас ирж өлсгөлөнд оролцож буй Г.Шархүү Ардчилсан Ерөнхийлөгч гэдэг нэрийн өмнөх ардчилсан гэдэг үгийг авч хаях, эсвэл хашилтанд бичдэг болох ёстой гэв.

Тэрээр   “Монгол Улс үнэхээр ардчилсан улс  юм бол ард түмнээ сонсдог  байх ёстой.  Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч “Шударга  байцгаая”   гэж гарч ирсэн  шигээ шударга  байх ёстой.  Ард түмэнтэйгээ амь нэгтэй байя  гэсэн яасан бэ” гэж асууж бай­гааг  дамжуулж өгөхийг хүсэв.

Өлсгөлөн зарласан ээжүүдийн нэг  Б.Чимгээ   “Ерөнхийлөгч мянган ээж цуглуулаад та нартаа хайртай шүү гээд хош­ги­руулаад  байсан. Өнөөдөр 1000 ээж цуглаагүй боло­хоор ирэхгүй ,  үл ойшоож байгаад гомдож байна.  Бид долуулхнаа  биш. Таны цуглуулсан 1000-аас илүү олон  байгаа шүү гэдгийг дамжуулж өгөөрэй” гэв.   Өлсгөлөн зарласан  Баянхонгор айм­гийн иргэн А.Одон­туяа өлсгөлөн зарласан ээжүүдэд хүндэтгэл үзүүлсэн    МАН-ын дарга Ө.Энх­түв­шинд талархал илэрхий­лээд, МАН, МАХН хоёр  уруул дордойвч элэг дордойхгүй гэдэг шиг удам угшил нэгтэй.  Харам­салтай нь  намынхаа нэрийг сольж, намаа хоёр хувааж, намын даргаа шоронд хийснээр ийм байдалд хүрч байна.   УИХ-д  зарим нь бүлгээ байгуулж чадахгүй, нэг хэсэг нь цөөдөөд, Монгол орон мөхөж байна. Өнөөдөр албан хаагчид цалингийн зээлтэй, ахма­дууд тэт­гэврийн зээлтэй, оюут­нууд сургалтын  зээлтэй, малчид малчны зээлтэй, чадан ядан амьдарч байна. Н.Энхбаяр гэдэг хүнийг мандан бадарч явахад хажууд нь байж, түүний хүчинд дээшээ гарчихаад бид­нийг муу хувьсгалт намынхан гээд яриад сууж байгаа Ц.Нямдорж сайдад үнэхээр гомддог” хэмээн шүүмжлэв.

Өлсгөлөн зарласан Т.Оюун­цэцэг  “Ц.Элбэг­дорж  Ерөнхийлөгч Чингис хааныг их өргөмжилдөг юм билээ. Үнэхээр тэр хүнийг хүндэт­гэж байгаа бол  хэлсэн үг сургаалыг нь дагаач гэж хэлмээр байна. Алд бие минь алдарвал алдартугай, ахуй төр минь бүү алдар­тугай гэсэн сургаалыг нь яагаад хэрэгжүүлэхгүй, ахуй төрөө алдруулаад алд биеэ  өргөмжлөөд байгаа юм бэ гэдгийг асуумаар байна. Ард түмэнтэйгээ амь нэгтэй Ерөнхий­лөгчтэй ээжүүд бид уулзмаар байна. МАХН,  МАН  аль аль нь  хүчин  чармайлт гаргаж, тусалж өгөөч . Элбэгдорж ээжтэй,  ханьтай,  бас охины аав гэж бодож байна. Тэр хүн монгол ээж нарын үгийг сонсох байх” гэлээ.

Ө.Энхтүвшин “Н.Энхбаяр даргыг эмнэлэгт шилжүүлээч гэсэн та бүхний хүсэлтийг ойл­голоо” гээд “Би  шүүх хурлыг бүгдийг нь харсан. Н.Энхбаяр дарга бол  нэг  байшин­гийн булан байтугай улсыг 11 тэрбум долларын өр­нөөс чөлөөлсөн хүн. Би тэр үед Засгийн газрын  ХЭГ-ын дарга байсан.Үнэхээр мань эр зүтгэсээр байж,  Монгол Улсыг их өрнөөс чөлөөлнөө гэсээр чөлөөлүүлж байсныг   мэдэх юм. Энэ хүнийг мэдэх хүний хувьд  сэтгэл санаа нэг байдаг, өрөвддөг юмаа. Зүтгэсний эцэст ингээд шоронд байгаад байдаг. Манай МАН-ын гишүүд бичээд байгаа.  Бас эсэргүүцээд байгаа юм байхгүй. Манай ахмадууд над дээр ирж уулздаг. Манай Х.Цэвлээ гуайн бичсэн нийтлэл  “Үнэн” сонинд гарсан. Та бүхэнтэй уулзсаных бид яринаа. Гэхдээ ярилаа гээд шууд тэр хүнийг  эмнэлэг рүү шилжүүлэх үү, үгүй юу  гэдгийг мэдэхгүй.  Асуудлыг УИХ,  Монгол Улсын Ерөн­хийлөгч, Засгийн газарт тавих болно” гэв. Энэ үеэр  Ардын намын дарга МАХН-ын байранд “зо­чилсныг” дуулсан хэвлэл, мэдээллийнхэн ар араасаа уван цуван ирэв. Тэрээр эмэгтэйчүүдийн шаард­лагын талаарх байр суу­рийг нь сонирхсон  сэт­гүүлчдийн асуултад “Энэ бол эрх баригчдын хийх ажил. Би мэдэхгүй шүү дээ. Харин сөрөг хүчний хувьд шууд асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газарт  тавина”  хэмээн хариулаад эхчүүдэд хандан эрүүл мэндээ бодохыг зөвлөөд тэндээс буцав.

Энэ үеэр МАХН-ын  дэд дарга, Шадар сайд  Д.Тэрбиш­дагва, нарийн бичгийн дарга, УИХ-ын дарга Л.Цог, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баян­сэлэнгэ, НИТХ дахь “Шударга ёс” бүлгийн төлөөлөл  мэдээ­лэл хийсэн юм.

 

Д.Тэрбишдагва:

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ УЧИРЛАЖ ЯТГАСАН Ч ӨЛСГӨЛӨНГӨӨ ЗОГСООСОНГҮЙ

 

Намынх нь төв бай­ранд эмэгтэйчүүд өлсгө­лөн зарласан тухайд болон энэ талаар тус намын удирдлагууд ямар байр суурьтай байгааг асуусан сэтгүүлчийн асуултанд  Д.Тэрбишдагва   “Мон­голын эмэгтэйчүүд, ээжүү­дийн төлөөлөл өлс­гөлөн зарлаад гурав дахь хоногтоо орж байна.  Бид   эхчүүдийг өвлийн хүйтэнд  өлсгөлөн бүү зарлаасай гэж хүсч  байгаа. Одоогоос бараг долоо  хоногийн өмнөөс өлсгөлөн зарлахыг  завдаж байсан эхчүүдэд хандан уриалсан.  МАХН-ын дарга Н.Энх­баярын эрүүл мэндийн байдлаас шалтгаалан, эм­чилж байсан  эмнэлэгт нь  хэвтүүлэх шаардлага тавьж  эмэг­тэй­чүүд өлсгөлөн зарла­сан. Өлсгөлөн зарласан  өдөр нь  тэмцлийн хурц хэлбэр сонгох  шаард­лагагүй юм биш үү гэсэн асуудлыг тавьж, тэдэнтэй  хоёр цаг орчим  ярилцаж учирлаж ятгасан ч хүлээж аваагүй. Дараа­гийн өдөр Эрүүл мэн­дийн сайдтай хамт тэ­дэнтэй уулзаж,  асуудлыг дахин  тавьсан. Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийн зарим нь суурь өвчтэй учир эрүүл мэндийн байдал амаргүй гэдгийг нэг бүрчлэн таниулж  ойлгуулж,  өлсгөлөнгөө зогсоохыг анхааруулсан.  Эмэгтэйчүүд  өлсгөлөнгөө зогсоох талаар тавьсан бидний  хүсэлтийг хүлээж аваагүй, тэр байтугай өлсгөлөн зарлагсдын  биеийн байдал  хямарвал   дараагийн эхчүүд байж байна гээд 10 гаруй эмэгтэй  одонгоо зүүгээд сууж байна. Энэ байдлыг Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Н. Энхбаяр сонсоод,  намын удирд­лагын зүгээс өлгөлөн зарлах нь буруу гэж үзэж байгаагаа илэрхийлж захидал илгээсэн.  Намын байранд өлсгөлөн зарлаж болохгүй гэж шаардлага тавихаар өвлийн хүйтэнд Сүхбаатарын талбайд  хэвтнэ гэх юм.  Өөрсдөө орж ирээд өлсгөлөн зарлаад хэвтсэн тэднийг  чирээд гаргалтай   биш.  Ийм л нөхцөл байдал үүсээд байна” гэлээ.

 

ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГАА­ЛУУЛАХ, АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ ГЭСЭН ЗААЛТ ХААЧИВ?

 

МАХН-ын дарга Н.Энхбаяраас өлсгөлөн зарласан эмэгтэйчүүдэд хандан бичсэн ил  захид­лыг танилцуулсан түүний өмгөөлөгч  Б.Оюун­­билэг  “Уг  захид­лын гол агуулга нь өлс­гөлөн зарласан эх­чүүд эмэгтэйчүүдэд хан­дан,  эрүүл мэндээ бодоод, өлсгөлөнгөө зогсоохыг чин сэтгэлээсээ  хүссэн  байгаа.  Өлсгөлөн зарласан хүмүүсийн шаардлагыг  холбогдох албан тушаалт­нууд  анхаарч, шийдэж  өгөөч гэсэн агуулгатай. Мөн эрчүүд энэ ажлыг хийгээгүй байхад эмэгтэйчүүд энэ ажилд оролцож, тэмцлийн хурц хэлбэрийг сонгосонд ха­рамсч байгаагаа илэр­хийлсэн. Өмгөөлөг­чийн зүгээс хэлэхэд  Н.Энхбаяр даргыг эмнэлэгийн байгууллагад эмчилгээ хийж байх үед хүч хэрэглэн, багтай хүмүүс албадан 401 дүгээр хорих анги руу хүргүүлсэн. Ер нь эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаа асуудлыг тухайн эмнэлэгтээ үргэж­лүүлэн эмчлүүлэх үү эсвэл эм­нэлгээс  гарах шаард­лагатай юу гэдгийг эрүүл мэндийн байгуул­лага мэдэх байтал Шүүхийн шийдвэр биелүүлэх газар оролцож хүчээр авч явсанд харамсч  байна.  Үндсэн хуульд эрүүл мэндээ  хамгаалуулах, амьд явах эрхтэйг заасан, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуульд  хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн тусламж үзүүлэх асуудлыг Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдтай зөвшилцөж тогтооно гэсэн заалтууд байгаа ч хуулиа баримт­лахгүй байна” гэв.

Үндсэн хуулийн өдөр ийм  хоёр өнгөтэйгээр  Монголд өрнөж өндөрлөв. Долоон ээжийн өлсгөлөн ба дордуулсан долоон заалттай гэгддэг Үндсэн хуулийн баяр Мон­голчуудын амьд­ралд баян хоосны ялгаа идэвхижиж, нийгмийн амьдралд асар том зааг бий болсныг  харууллаа.