Х.ХАТАН

 

Бизнес менежментийн зөвлөх, дижитал маркетинг менежментийн ментор, хүүхэд залуучуудын хөгжлийн ментор Т.Гантуяатай ярилцлаа.

“California university Management and Science” сургуулийн бизнесийн удирдлагын мастерын зэргийг бизнес менежментээр хамгаалсан тэрбээр АНУ-ын Вашингтон ДС хотод ес дэх жилдээ ажиллаж, амьдарч байна.

 

-Та Америкт эзэмшсэн бизнесийн мэргэжлийнхээ дагуу Монголынхоо бизнес эрхлэгчдэд сургалт хөтөлбөр явуулдаг юм билээ. Тэр дундаа бизнес менежмент дижитал маркетингийн чиглэлийн сургалтууд гэхээр олзуурхууштай санагдаж байна. Яагаад энэ сургалтыг явуулах болов?

-Бизнесийн салбар Америкт төдийгүй дэлхий даяар хурдацтай өөрчлөгдөж байна. 20 гаруй жилийн өмнө бизнесүүдийг тухайн байршил дахь иргэд нь л мэддэг байлаа. Бизнесээ өөр байршилд өргөжүүлж, тэлэхийн тулд өндөр төлбөртэй сурталчилгаа, зар явуулах л арга замтай байв.

Өнөөдөр энэ бүхэн өөрчлөгдсөн. Онлайн интернэтэд суурилан бизнесээ вэйбсайт, сошиал медиа, контентуудаар дамжуулаад хаана амьдарч байгаагаасаа үл хамааран хязгааргүй олон хүнд хүргэх боломжтой болсон.

Орчин үеийн бизнес дижитал хэлбэрт шилжсэнээр бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр,  худалдан авагчиддаа ашиг тусаа өгөх нийтлэл контентгүйгээр амжилттай борлуулах хүндрэлтэй байна. Үүний нэг жишээ нь wordpress.com вэйбсайтуудад сард 70 сая блог бичлэг бүтээгдэж дэлхийн хүмүүст хүрч байгаагаас харж болно.

Шинэ дижитал эрин бизнесийн бүх салбарт сорилт авчирч байна. Үүнээс өмнө өнөө үе шиг контент бүтээх шаардлагагүй байлаа. Өрсөлдөгчийн тоо цөөн, мөн байршилдаа танигдсан бол найз нөхөд, хөршүүдээрээ дамжуулан борлуулалтаа хийдэг байсан.  Харин өнөө үед тантай адилхан бизнесүүд өрсөлдөгч биш болжээ. Хэрэглэгч худалдан авагчид дижитал эрин үетэйгээ хөл нийлүүлсэн, үүнд тохирох стандартуудыг бүхий л төрлийн бизнесүүдээс хүлээж байна. Жишээлбэл, зоогийн газрын бизнестэй бол хоолны цэсээ вэйбсайтдаа байршуулдаг байхыг хэрэглэгчид хүсч байна. Хэрэглэгчиддээ зориулсан энгийн зүйлсээ хийчихдэггүй л бол танайхыг зорьж очих хүн олдохгүй болов уу. Үүний уршгаар хэрэглэгч үйлчлүүлэгчдээ алдаж, олон жил хийсэн бизнесээ дампууруулах эрсдэлтэй.

Дижитал эриний бизнесийн онцлог таныг зөвхөн бизнесийн өрсөлдөгчидтэй нь зэрэгцүүлэн харах бус өөр бизнесийн салбаруудын дижитал хүлээлт, туршлагаар үнэлэх болоод байгаа юм.

-Бизнесээ дижитал эринтэй хөл нийлүүлэхгүй бол бүтээгдэхүүн үйлчилгээний чанараас шалтгаалахгүй, бизнес нэр хүндтэй эсэхээс хамаарахгүй зах зээл дээрх худалдан авагч, үйлчлүүлэгчдээ алдана гэсэн үг үү?

-Тийм. Бизнесийн зах зээлд нэвтрэх шинэ өрсөлдөгчид дижитал маркетинг менежментийг хэрэгжүүлснээр бизнесийн өсөлтийг хэд дахин бууруулж өөрсдийн байр суурийг эзлэх болно. Уламжлалт аргаар бизнесээ явуулж буй бизнес эрхлэгчдийн хувьд тэдэнтэй өрсөлдөх боломжгүй юм.

Дижитал эринд зохицохыг хүссэн бизнесийн үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгчид эсвэл шинээр бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүсийн хувьд цаашид бизнесээ амжилттай удирдан чиглүүлэхэд зайлшгүй шаардлагатай ур чадваруудад шинийг санаачлан бүтээх, бичин нийтлэх, төлөвлөх, төвлөрөх, илтгэх ярих чадварууд орж байна. Энгийн юм шиг хэрнээ эдгээр чадваруудыг эзэмшсэнээр өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хүмүүст хүргэж чадна. Үүний тулд онлайн орчинд вэйбсайттай болох, контент бүтээх, контентоо фэйсбүүк, инстаграм, тикток, youtube зэрэг сошиал медиагаар түгээхээс эхлэх юм.

Эхэн үедээ дижитал маркетинг менежментийг бизнестээ нэвтрүүлэхэд суралцах мэдэх ёстой технологийн мэдлэгт цаг хугацаа болон хөрөнгө оруулалтыг шаардах нь гарцаагүй. Харин дараа нь ур чадвараа сайжруулахад цаг хугацаа гаргаж, шинэ зүйл сурч мэдэхийн төлөө хичээх нь бизнесээ аварч үлдэх цорын ганц арга юм. Иймд цаашид бизнесээ тогтвортой хөгжүүлж, өсгөх хүсэлтэй бол эрс өөрчлөлтийг өөрөө суралцахаас эхэлж бизнесийн контент бүтээх, блог видео хийх, дижитал маркетинг менежментээс суралцахад цаг хугацаа, мөнгө санхүүгийн хөрөнгө оруулалтыг хийгээрэй. Үр дүнд нь бизнесийн ашиг орлого нэмэгдэж, олон хүмүүст танигдана.

-Уламжлалт маркетинг хоцрогдож дижитал маркетингийн үе ирсэн гэж байна. Бизнес эрхлэгчид дижитал маркетинг менежментийн юун дээр анхаарах вэ?

-Хүмүүсийн цахим хэрэглээ ихэсч, сошиалаар мэдээлэл авах, сурч боловсрох боломжтой болсон. Сошиал медиа сувгуудаар дамжуулан интернэт орчинд бизнесээ танилцуулах томоохон боломж нээгдсэн байна. Үүнийг ашиглаад бид дэлхийн хаанаас ч өөрийн бизнесээ сурталчлах боломжтойг ойлгож байгаа. Гэвч хэрхэн яаж хийх вэ гэдэг арга ухаанаа олохгүй цаг хугацаа алдаад байна. Үүнд суралцах хэрэгтэй байна.

Одоогийн сорилттой нүүр тулж буй бизнес эрхлэгчид болон шинээр эрхлэхээр зорьж буй хүмүүст зориулан “Бизнес менежмент, Дижитал маркетинг менемент” онлайн хөтөлбөр, брэндээ хөгжүүлэх, сошиал медиа, контент маркетингийн сургалтуудыг зохион байгуулж байна.

-Бизнесийн эзэд өөрсдөө дижитал маркетингийн талаар суралцах хэрэгтэй гэж үү. Маркетингийн ажилчиддаа шаардлага тавиад ажлаа хийлгэхэд болох биш үү?

-Мэдээж мэдлэгтэй, дадлага туршлагатай сайн ажилчидтай байх нь хамгийн чухал. Гэхдээ тэднийг ажлаа хэр сайн хийж байгааг хянах, буруу зөвд үнэлэлт дүгнэлт өгөх чадваргүй бол ажил урагшлахгүй. Өөрийн бизнесээ өргөжүүлэх, сайжруулах, ашиг орлогоо өсгөе гэвэл эзэд өөрсдөө цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж дижитал маркетинг, сошиал медиа маркетингийн мэдлэгтэй болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бизнесийн менежментийн дөрвөн функцын нэг болох хяналтын процесс нь алдагдчихаж байгаа юм. Тиймээс бизнесийн эзэд, компанийн захирлууд дижитал маркетингийн мэдлэг чадвартай болсноор зах зээлээс илүү боломж, гарц гаргалгаа, хөгжил дэвшил олж харан цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах болно.

-Дижитал маркетингийн мэдлэг чадвараа нэмэгдүүлэхийн тулд юуг хийх хэрэгтэй вэ?

-Суралцана. Сошиал медиа болон интернэтийн хайлтын системийн цаана юу болдог. Тэдгээрийн алгоритмууд хэрхэн ажиллаж байдаг хийгээд зах зээлийн хэрэглэгчийн зан төлөв хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар ажиглаж, өөрчлөгдөн байгаа сошиал орчинд илүү мэдрэмжтэй, хурдтай ажиллаж сурах хэрэгтэй.

Манай сургалт хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл миний сошиал хаягууд болох фэйсбүүк, инстаграм, тик ток, youtube-д “Gantuya Digital Marketer” гэсэн хаягнаас мэдээлэл авч болно. Эсвэл манай Монгол дахь сургалтын менежер Т.Болортуяатай 80063395 дугаарт холбогдож асууж тодруулах боломжтой.

-Та бизнесийн сургалт хөтөлбөрөөс гадна Америкт суралцах хүсэлтэй залуучуудад зориулсан хөтөлбөр явуулдаг. Мөн хүүхдүүдэд зориулж англи хэлний хичээл заадаг гэж сонссон?

-Америкт суралцах хүсэлтэй залуучуудад зориулсан хөтөлбөр сургалтуудаас онлайн бизнесийн гараагаа эхэлж байлаа. Энэ ажил маань амжилттай үргэлжилсээр байгаа. Олон залуус хөтөлбөрт хамрагдаад ганцаараа, мөн гэр бүлээрээ Америкт суралцахаар ирсээр байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад залуучууд багаасаа англи хэлийг сураагүйгээсээ болоод Америкт суралцах мөрөөдөл зорилгодоо бууж өгөх мөн цаг хугацаа алдаж байгааг хараад харамсах сэтгэл төрдөг.

Мөн бизнесийн сургалтын явцад “Англи хэл мэдэхгүй болохоор сошиал медиад амжилттай ажиллаж чадахгүй байна“ гэж бизнес эрхлэгчид хэлдэг. Иймээс хүүхдүүдэд багаас нь цэвэр сайхан дуудлагатай англиар ярьж сургах онлайн сургалтыг дөрөв дэх жилдээ 2-10 дугаар ангийн сурагчдад зориулан амжилттай явуулж байна. Ирээдүйд залуучууд маань хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд англи хэл мэдэхгүй байдал нь битгий саад болоосой гэж боддог. Монгол хүүхэд бүр англи хэлний мэдлэгтэй болж, дэлхийн олон боломжоос хүртээсэй гэж хүсдэг дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 193 (6925)