Н.МӨНХЖИН
Хойд Солонгосын эрх баригчид нэгдүгээр сарын 20-ноос өмнө гуравдахь цөмийн туршилтаа хийж магадгүй байна. Тус улсын Бээжин дэх дипломат төлөөлөгчийн газрын албан ёсны төлөөлөгч цөмийн туршилт хийж болзошгүй өдрийн талаар Хятадын талд мэдээлсэн аж. Энэ тухай мэдээллийг олж авсан Өмнөд Солонгосын тал Хойд Солонгосын зүүн хойд хэсэг дэх Пунгери цөмийн туршилтын талбайг анхааралтай ажиглаж эхэлсэн тухай “РИА Новости” мэдээлэв. Пхеньяны мэргэжилтнүүд өнгөрсөн зун болон намрын эхэн сард хүчтэй бороо, үерийн улмаас хэсэгчлэн эвдэрч, сүйрээд байсан Пунгери полигоны дэд бүтцийг бүрэн сэргээн засварласан тухай арванхоёрдугаар сард мэдээлж байсан юм.
Ийнхүү улс орны удирдлага зохих шийдвэрийг гаргаснаас хоёр долоо хоногийн дотор Хойд Солонгос ээлжит цөмийн туршилтаа явуулах боломжтой боллоо хэмээн ажиглагчид дүгнэж байна. Пхеньян хиймэл дагуул амжилттай хөөргөсний дараа цөмийн шинэ туршилт явуулах магадлал өндөр байгааг тоймчид онцолж байгаа аж.
Хойд Солонгос 2005 онд цөмийн зэвсэгтэй улс болсноо зарласан юм. Улмаар тэд 2006, 2009 онд газар дор цөмийн туршилт явуулсан нь дэлхийн улс орнуудын дургүйцлийг хүргэсэн билээ. Үүний хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосыг цөмийн салбар дахь үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан хэд хэдэн тогтоол баталсан. Аюулгүйн зөвлөлийн 1718, 1874-р тогтоолд хориг арга хэмжээнээс гадна Хойд Солонгосыг дахин цөмийн туршилт явуулахгүй байх, баллистик пуужингийн хөөргөлтөөс татгалзах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээнд эргэж ирэхийг шаардсан ажээ.
2012 оны сүүлчээр Хойд Солонгос “Кванменсон-3” хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ. “Ынха-3” пуужин хөөрснөөсөө есөн минут 27 секундын дараа хиймэл дагуулыг сансрын тойрог замд оруулсан байна. Улс орны эрх баригчид энэ үйл явдлыг “Солонгосын ард түмний агуу их баяр” хэмээн нэрлэсэн юм. Ийм амжилтад хүрсэн эрдэмтдэд баяр хүргэсэн Ким Чен Ун харилцаа холбооны зэрэг янз бүрийн зориулалттай хиймэл дагуулыг сансарт хөөргөж, хүчирхэг тээвэрлэгч пуужин зохион бүтээхийн чухлыг онцлон тэмдэглэжээ. “Дэлхийн ямар ч хүчин манай улсын амжилт ололтыг зогсоож, сөрөн зогсож чадахгүй. Манай агуу ард түмэн намаа тойрон нягт хүрээлж байна” хэмээн Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун мэдэгджээ.