С.Алтанцэцэг: "Ялгуун"-ыг зорьж ирсэн хүүхдүүд урлагаар явахгүй ч байж болно

0
хуваалцах
346
үзсэн

Б.ОДМАГНАЙ

 

“Зууны мэдээ” сонин “Өөр зочин” буландаа “Yalguun special School” сургалтын төвийн захирал, жүжигчин С.Алтанцэцэгийг онцолж байна. Тэрбээр “Адтай жаалууд” киноны Ялгууны дүрээр олонд танигдсан авьяаслаг уран бүтээлч билээ.

 

-Багаасаа кинонд тоглосон нь таныг жүжигчин болоход нөлөөлсөн үү?

-Жүжигчин болох нь миний багын мөрөөдөл. Урлагийн хүн харахаар яагаад ч юм сайхан харагддаг байлаа. Ээж маань намайг сонсож, үзэл бодлыг маань хүндэлж, дэмждэг. Тиймдээ ч “Лоолойгийн найзууд” дугуйланд явуулсан. Сургалт дээрээ бүтэн өдрийг завгүй дуулж, бүжиглэх дэндүү жаргалтай. Үүрдийн найзуудаа би дугуйлангаасаа олж авна гэж бодоогүй. Одоо бид үргэлж холбоотой байдаг. Дараа нь кинонд тоглож өөрийн мөрөөдлөө биелүүлсэн. Ээж маань намайг ийм сайхан дугуйланд явуулж байгаа болохоор үр шимийг нь гаргаад киноны шалгаруулалтад ороод үзье гээд зориглосон. Тэгээд тэнцэж “Адтай жаалууд” кинонд дүр бүтээсэн.

-“Адтай жаалууд” киноны Ялгуун баян айлын их зантай охин байдаг?

-Тухайн үед цагаахан хүсэл мөрөөдөл тээсэн хүүхэд өөрөөсөө мундаг хүүхдүүдтэй өрсөлдсөн юм. Би сайн хичээж энэ дүрийг тултал нь гаргахыг хичээсэн. Ялгуун надаас эсрэг дүр л дээ. Миний хувьд их даруухан, ээжийн үгнээс гардаггүй, томоотой охин. Харин Ялгуун хоол унд, хувцсаа голсон надаас тэс өөр хүүхэд. Дүрээ сайн гаргахын тулд баян айлын хүүхэд ямар байдгийг судалсан. Кинонд тоглохдоо мэргэжлийн олон багштай ажилладаг байлаа. Эрх ямбатай байдлыг дүрээрээ гаргахын тулд өөрийгөө өөрчилсөн. Ер нь хүн “Чи чадна гэсэн итгэлтэй байж дүрээ сайн гаргана” гэж багш нар маань захьдаг. 

-Та СУИС-ийг 2020 онд төгсөөд хоёр жилийн дараа “Ялгуун” хэмээх хүүхэд хөгжүүлэх цогц сургалтын төвөө нээсэн. Сургалтын төвийн зорилго нь юу вэ? 

-Жүжигчний мэргэжил өөрийгөө тал бүрээр хөгжүүлэхийг шаарддаг. Тиймээс миний хувьд хөтөлнө, дуулна, бүжиглэнэ, хөгжимдөнө. СУИС-ийн Хөгжимт драмын жүжигчний ангийг төгссөн. Өөрийн сурч мэдсэн зүйлээ хүүхэд багачуудад өвлүүлэх зорилгоор дугуйлангаа эхлүүлэхэд багахан санаа зовнил, сандралтай байлаа. Шинэ зүйл эхлүүлэх тусам илүүг хийх сэдэл төрдөг юм билээ. Дугуйлан маань үйл ажиллагаагаа явуулаад зургаан сар болж байна. Сургалтад дуу, төгөлдөр хуур, бүжиг, жүжиглэх ур чадвар, хэл ярианы хичээл багтсан. Манайхыг сонгон суралцахаар ирж буй хүүхдүүд ирээдүйд урлагаар явахгүй ч байж болно. Хамгийн гол нь урлагийн гоо зүй хүнийг хүмүүжүүлдэг болохоор тэр гоё мэдрэмжийг авч өөрсдийгөө хөгжүүлээсэй гэж боддог.

Би бяцхан шавь нартаа хандаж нэгнээ халуун дулаан уур амьсгалаар угтаж авч байгаарай. Мөн шинэ найзуудаараа бахархаж байхыг зөвлөдөг. Сурах хүслээр хөтлөгдөж ирсэн хөөрхөн хүүхэд багачуудад өөрийн мэддэг чаддаг бүхнээ зааж байхдаа үнэхээр их аз жаргал, эрч хүчийг мэдэрдэг. Мэргэжилдээ илүү дурлаж байна. Шавь нартаа зориулаад клип гаргасан. Мөн жижиг хэмжээний зохиол бичсэн. Наадмын бичлэг хийгээд TV9 телевизээр үзэгчдэд хүргэсэн. Шат шатаар ахиж бүтээж явна. Намайг илүү ихийг хийж бүтээх урам зоригийг шавь нар маань өгдөг. Тиймээс би зөв зүйлээ хийж байгаа юм билээ. Хүүхдүүд маань сургалтаар сууж сурах, бусдыг сонсох, тэвчээртэй байж сурна. Тухайлбал, хөгжим тоглохоор нэг цаг 30 минут суухад тэвчээрт суралцдаг. Хүний өөдөөс үг хэлж чаддаггүй хүүхэд өөрчлөгдөж өөртөө итгэлтэй, тогтуун болно. Мөн зөв төлөвшлийг олж авна.

-Амаргүй үед өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

-Өнөөдрийн хийж буй зүйлээ эхлүүлэхдээ шантарч байсан. Бие даагаад хийх зүйлээ эхлүүлж байхад л бага зэрэг хэцүү санагдаж байсан. Одоо бодоход би зориглож эхлээгүй бол нэг цэгтээ байх байсан болов уу. Тулгарч буй зүйлийг давж гарах хэрэгтэй. Бодож төлөвлөсөн санаагаа хийж эхэлье гээд шийдсэн.

-Шинэ санаа олох, сэтгэхүйн цар хүрээгээ нэмэгдүүлэхийн төлөө юу хийдэг?

-Драмын театрт очиж жүжиг үздэг. Тэнд амьд харилцаа оршдог болохоор сайхан санагддаг. Өөрийн юу хүсээд байгаа зүйлээ олж хардаг шүү. Гутрах үедээ эрч хүчээ нэмдэг. Мөн ном унших цаг гаргадаг.

-Таны мэргэжлийн багш Ц.Батнайрамдал. Багшийн захиас юу вэ?

-Миний хувьд Ц.Батнайрамдал багшийн удирдлага дор сурч төгссөн. Оюутан байхдаа хурдан төгсөх юмсан гэж боддог байлаа. Харин одоо бодоход их хөгжилтэй, дурсамж дүүрэн цаг хугацаа байжээ. Ангийн найзуудаа их санадаг. Хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа бүр минь үнэ цэнтэй. Багш маань тэвчээртэй байхыг сургасан гэж боддог. Бидэнд аав шиг минь санаа тавьж, төлөвшил өгч байсан. Хариуцлагатай байхыг зөвлөдөг. Хүүхэд бүрийн төлөө санаа зовнидог сэтгэлтэй багш шүү.

-Урлагийн хүн болоогүй бол ямар мэргэжил сонгох байсан бэ?

-Хэрэв жүжигчин болоогүй бол эмч болно гэж бодож байсан. Учир нь надад байдаг зан чанар бусдын төлөө сэтгэл байдаг. Эмч хүнийг эрүүл энх болгох буянтай. Нэг хүнийг ч гэсэн амьдралаас нь эрт явуулахгүйн тулд эрүүл болгох байсан.

-Эмэгтэй хүний гоо үзэмж гэх ойлголтыг өөрийнхөөрөө тайлбарлахгүй юу?

-Эмэгтэй хүн бүр онцлог, гоо үзэсгэлэнтэй. Тиймдээ ч цор ганц хувилбар, дахин давтагдашгүй царай төрх, зан араншинтай. Гэвч хүмүүжлээрээ бусдаас ялгарч болно шүү. Миний бодлоор эмэгтэй хүн хүмүүжилтэй байснаар бусдын хайрыг татна.

-Та урлагийнхан дотроос хэнээс үлгэр дууриал авдаг вэ?

-Дуучин Т.Ариунаа эгчийг харж, биширч өссөн. Ариунаа эгч олон талын чадвартай, бүх зүйл заяасан гэж боддог. Дуугаа амилуулахын тулд бүжиглэдэг. Үе үеийн жүжигчдээ хүндэлж, суралцдаг.

-Өөрийгөө хөгжүүлэхийн тулд юу хийдэг вэ?

-Сургалтынхаа төвд хичээлээ зааж байгаа ч өөрийгөө олон талаас нь хөгжүүлэх хэрэгтэй гэж санадаг. Өөртөө дүгнэлт өгөөд би болоогүй юм байна гэж бодсон. Одоогоор чөлөөт цагаараа бие бялдраа хөгжүүлэхэд анхаарч байна. Мөн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй. Боловсролоо дээшлүүлж сайн мэдлэгтэй болсноор дугуйлангаа өргөжүүлнэ. Гадаад хэлний сургалтад суралцаж байгаа. Цаашид гадаадад суралцана. Мөн сургууль байгуулахыг хүсдэг. Хэдий надад хол санагдаж байгаа ч биелүүлэхийн төлөө хичээнэ. Гадагшаа яваад эрдэм сурна, тэндхийн сургуулиуд хэрхэн үйл ажиллагаа явуулж байгааг судлах мөрөөдөлтэй. Аливаа зүйлийг хийж дууссаны дараа сэтгэл амарч, тайвширдаг. Хөдөлмөрлөж байж амжилтад хүрнэ. Сонгосон мэргэжилдээ эзэн болж зөв явж байгаа минь  ээжийнхээ ачийг хариулж байгаа нэг хэлбэр гэж боддог. Бага багаар олон зүйл хийж байна. Ээжийн хүмүүжлээр хийж бүтээхийн хүсэлд хөтлөгдөн зөв явж байна.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 190 (6922)