Б.ДОЛЖИНЖАВ

 

“Манай ажлын гурван залуу хэдхэн хоногийн зайтай харваад нас барчихсан. Миний толгой эргээд, хааяа зүрх өвддөг ч тоодоггүй байсан. Харин сүүлийн үед айгаад түгшүүртэй болчихлоо. Шөнөдөө нойр ч хүрэхгүй юм” гэж ярих Т.Өнөр одоо 26 настай. Сар хүрэхгүй хугацаанд түүнтэй хамт ажилладаг 30 орчим насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэй артерийн даралт ихсэх гэсэн ижил оноштойгоор хорвоог орхижээ. Тэдний нэг нь олон жилийн шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж тушаал дэвшээд тав ч хоноогүй байхдаа таалал төгсч, шинэхэн залуухан даргын өрөө эзгүйрсэн энэ сэтгэл шимшрүүлэм түүх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тун саяхан болсон юм. Яг ийм гашуун түүх Т.Өнөрийн эргэн тойронд гурвантаа, өөр хэн нэгэнд хоёронтоо гээд л маш олон удаа тохиолдох болсныг эрхэм уншигч та сонссон болов уу.

Т.Өнөрийн ажлын газрын шинэхэн дарга агсан Г эрт ирж их ажил амжуулахын тулд цайгаа уухгүйгээр гэрээсээ гардаг байжээ. Тийн ажил дээрээ ирээд өлөн элгэн дээрээ нойроо сэргээхийн тулд нэг аяга найруулсан хар кофе уудаг. Энэ нь эцэстээ зуршил болж кофе уухгүй л бол нойр нь хүрдэг болсон байж. Кофегоо ууж сэргэсэн Г гурван цаг орчим тасралтгүй нөтбүүкнийхээ ард сууж ажилласныхаа дараагаар 11:00 цагийн орчимд өглөөний цайндаа зэргэлдээх зоогийн газраас мантуун бууз эсвэл хуушуур авч иддэг байсан гэнэ. Үүнийхээ дараагаар мөн л тасралтгүй сууж ажилласаар 14:00 цагийн үед оффисийнхоо доор байрлах сүлжээ дэлгүүрээс савлаж бэлтгэсэн хоол авч иднэ. Тэндээсээ гаазтай ундаа, бургер, кимбаб зэргийг авч ажилдаа буцаж ирээд оройны 22:00 цаг хүртэл ажиллана. Г энэ хуваарийн дагуу ижил төрлийн хоол идэж, ихэнх өдрийг өнгөрөөдөг байсан хэмээн Т.Өнөр бидэнд дурслаа. Цусны даралт ихсэх өвчин нь хооллолттой салшгүй холбоотой байдаг учир Г-гийн хооллолтыг бид асууж, нарийвчлан тэмдэглэж авсан нь энэ. Дахин нэг хүн унтах нойр, идэх хоолондоо зарцуулах цагаа хумслан зүтгэчхээд хүсэн хүлээсэн тушаалдаа очсон мөртлөө буруу хооллолтоос үүдэлтэйгээр цэл залуугаараа хорвоог орхихгүй байгаасай гэсэндээ энэхүү түүхийг бичиж сууна.

 

“18-20 насныхан даралт ихсэх зовиуртай их ирж байна”

 Цусны даралт ихсэх өвчний нас яагаад ийн залуужсан хийгээд үндсэн үүдэл шалтгааныг олохоор бид Баянзүрх дүүргийн I хорооны “Хүн төвт” өрхийн эрүүл мэндийн төвийг зорилоо. Тус өрхийн эмнэлэгт 10278 иргэн бүртгэлтэй байдаг агаад эмнэлгээр үйлчлүүлэгч иргэдийн 70-80 хувь нь даралт ихсэлттэй орж ирдэг байна. Үүнээс гадна цар тахалтай холбоотойгоор цусны өтгөрөл ихэсчээ.

Энэ талаар I хорооны “Хүн төвт” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Э.Эрдэнэцацрал “Манай эмнэлэг даралтаа үзүүлж байгаа хүн бүрт артерийн даралтаа хэмжих карт нээдэг. Даралтаа өдөрт гурван удаа үзээд тэмдэглэхийг зөвлөдөг. Насанд хүрэгчдийн 70-80 хувь нь даралт ихсэлттэй орж ирдэг. Энэ нь  хоол, чихэрлэг ундааны хэрэглээ, хөдөлгөөний дутагдалтай холбоотой байдаг. Үүнээс гадна шинжилгээ өгч байгаа хүмүүсийн ихэнхид нь холестериний хэмжээ их гарсан учир нарийн мэргэжлийн эмч нар цус шингэлэх эм бичиж өгдөг болсон. “Толгой өвдлөө, даралт ихэслээ” гэж ирдэг нь хүчилтөрөгчийн дутагдал, цусны өтгөрөлтэй холбоотой байна. Эдгээр үйлчлүүлэгчдийн 90-95 хувь нь COVID-19 халдвар авсан байна. Даралт ихсэх оноштой иргэдийн ихэнх хувийг 40-70 насныхан эзэлдэг. Гэвч сүүлийн үед 18-20 насныхан даралт ихсэх, зүрхний цохилт түргэсэх гэсэн зовиуртайгаар их ирж байна. Шалтгаан нь хооллолт, хөдөлгөөнтэй холбоотой. Бага насны хүүхдүүд түргэн хоол их иддэг, ус бага, ундаа их уудгаас жингийн илүүдэлтэй орж ирдэг. Эдгээр хүүхдүүд артерийн даралт ихсэх өвчнөөр залуудаа өвчлөх магадлал маш өндөр” гэсэн юм.

Үүний дараагаар бид тус дүүргийн XVI хорооны Насан-Урт өрхийн эрүүл мэндийн төв рүү очлоо. Тус эмнэлгийн хувьд ч цар тахлаас шалтгаалахгүйгээр артерийн даралт ихсэх өвчний тоо ихсэж, нас нь залуужиж байгааг эмч Б.Цэрэнпунцаг онцолж байв.Энэ нь буруу хооллолт, нэмэлт амтлагчтай бүтээгдэхүүний хэт их хэрэглээ, хөдөлгөөний  хомсдолтой холбоотой аж.

Энэ талаар Насан-Урт өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Б.Цэрэнпунцаг “Монголчууд давсны хэрэглээ өндөр, ногоо бага хэрэглэдэг нь артерийн даралт ихсэх өвчний суурь шалтгаан болж байна. Энэ өвчний тоо ихэссэн нь цар тахалтай холбоогүй. Харин эрт илрүүлэгтэй холбоотой болов уу. Артерийн даралт ихсэх өвчин нь анхдагч, хоёрдогч гэсэн хоёр төрөлтэй. Аль эрхтнээс шалтгаалснаараа өөр байдаг. Анхдагч даралт ихсэлт их залуужсан. Манай эмнэлэгт 17 настай хүүхэд ирсэн. Тэр хүүхэд багаасаа амтлагчтай чипс иддэг байсан. Энэ нь бөөрийг нь гэмтээгээд бөөрнөөс хамааралтай даралт нь ихэссэн зовуурьтай ирсэн. Илэрч байгаа нь даралт ихсэлт боловч цаашлаад бөөрний дутагдал болох эрсдэлтэй. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд давсны хэрэглээгээ багасгаж, идэвхитэй хөдөлгөөн хийж, бүх төрлийн ундаа, чихэр, чипсийг багасгаж хориглоорой гэж зөвлөе. Учир нь даралт ихсэлтийн дундаж нас 38-40 байдаг ч жил ирэх тусам залуужиж байна” гэсэн юм.

Ийн толгой өвдөх, шилэн хүзүү хөших, дотор муухайрах гэсэн шинж илэрвэл хамгийн эхэнд даралтаа хянана. Ихэссэн тохиолдолд дур мэдэн эм хэрэглэх биш хамгийн ойрын эмнэлэгт хандах хэрэгтэйг эмч санууллаа. Ямар эрхтний тогтолцооноос шалтгаалан даралт ихсэж байгааг эмчээр үзүүлээд тохирсон эмээ авах нь чухал юм. Үүнээс гадна жилдээ нэг удаа гурван төрлийн шинжилгээгээ өгч хэвших нь артерийн даралт ихсэхээс үүдэлтэй өвчлөл, нас баралтаас сэргийлнэ гэдгийг эмч нар зөвлөсөн юм.

Дэлхийд сүүлийн 30 жилийн хугацаанд 30-79 насныхны артерийн даралт ихсэх өвчний тоо 650 саяаас 1.3 тэрбумд хүртлээ өссөн гэж эрүүл мэндийн төрөлжсөн сэтгүүл “Lancet” мэдээлэв. Артерийн даралт ихсэлт нь зүрх, тархи, бөөрний өвчлөлийг нэмэгдүүлж, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэгт тооцогдож байна. Тодруулбал, дэлхийн хэмжээнд нийт нас баралтын 13 хувь нь артерийн даралт ихсэлттэй холбоотой байна. Мөн дэлхийд цусны даралт ихсэх өвчин залуужиж, 20-40 насныхан их өртөх болсон гэж “The Washington post” мэдээлсэн байна. Эдгээрийн талаас илүү хувь нь Ази тивд амьдарч байна. ДЭМБ-ын мэдээлснээр артерийн даралт ихсэлт нь дөрвөн эрэгтэй тутмын нэг, таван эмэгтэй тутмын нэгт нас барах шалтгаан болж байна. Харин Монгол Улсад зүрх судасны тогтолцооны өвчнөөр өнгөрсөн онд 6213 хүн нас баржээ.  Энэ нь нийт нас баралтын 32 хувийг эзэлж байна. ЭМЯ-наас мэдээлснээр нийт цус харвалтын 20-26 хувь нь залуус байгаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдээгүй үзүүлэлт аж. Харин ДЭМБ-ын судалгаанд дурьдсанаар 2019 оны байдлаар нийт насанд хүрэгчдийн 24 хувь нь цусны даралт ихсэх өвчинтэй байжээ.

Цусны даралт ихсэлт нь гагцхүү хувь хүний амьдралын хэвшилтэй салшгүй холбоотой байна. Буруу хооллолт, давсны хэт их хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, чихэрлэг бүтээгдэхүүний зохисгүй хэрэглээ нь нийтлэлийн эхэнд дурдсан “Г”-гийн түүхийг давтах үндсэн шалтгаан болдог байна. Тиймээс  амьдралын хэв маягаа өөрчлөх нь эрүүлээр урт нас­лахын чухал суурь болж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 186 (6918)