Хаврын урьтай хамт шинэ эхлэл, гэрэл гэгээ, эв нэгдлийг авчирдаг нэгэн баяр бол Наурыз. Тэгвэл шинэ бүхний эхлэлийн бэлгэдэл Наурызын баяр энэ сарын 22, 23-ны өдрүүдэд тохиож байна.
“Казах түмний үндэсний соёлын төв байгуулна”
Дэлхийн нүүдэлчдийн өв уламжлалыг шингээн түүчээлж ирсэн монголын ард түмэн казахуудын энэ өдрийг 50 гаруй улсын 400 сая хүн урин цагтай золгосон хийгээд алтан нараа шүтэж, дээдэлж ирсний баяр хэмээн хүндэтгэн тэмдэглэдэг байна. Энэ нь өдөр шөнө тэнцэж орчлонгийн нэгэн сайхан улирал золгож буй мөч юм.
Наурызын баяр нь дэлхий нийтээр хэрэглэж буй цаг тооны хуанлигаар гуравдугаар сарын 22-нд буюу өдөр шөнө хоёр тэнцсэн өдөр тохиодог. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2010 оны 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО (НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага) Наурыз баярыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн байна. Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 400 сая гаруй хүн Наурызын баярыг тэмдэглэдэг. Тиймдээ ч Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр юм.
“Наурыз” гэдэг нь перс гаралтай үг бөгөөд “нау-шинэ”, “рыз- өдөр” буюу “шинэ өдөр” гэсэн утгатай үг юм.
Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай учран золгосны баяр болгон тэмдэглэдэг. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдгоороо онцлогтой. Шинэ өдөр эхэлж байна гэж үзэх тул “Шинэ он”-ы буюу хаврын баяр ч гэж нэрийдэх нь бий.
Тэгвэл өв соёл, уламжлал, ёс заншлаа эрхэмлэн дээдэлж, үеэс үед өвлүүлэн түгээж, хөгжин дэвжиж буй казах түмний Нарны баяр буюу Наурызын баярын хүндэтгэлийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд боллоо.

Наурызын баярын нээлтэд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, хэлсэн үгэндээ “Эх орныхоо өнгөрсөн болон өнөө, ирээдүйн хөгжил, дэвшлийн төлөө хөдөлмөрч казахын ард түмний оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Улс орны хөгжлийн бүтээн байгуулалт өрнөсөн газар бүхэнд бусдыг үлгэрлэн уриалан дуудаж чаддаг, алдар, гавьяа амжилтын эзэд билээ.Засгийн газраас үндэстний цөөнхийн хэл, соёлыг хамгаалах, өвлүүлэн уламжлуулахад онцгойлон анхаарч Хос хэлний боловсрол, сургалтын талаар баримтлах чиглэлийг баталсан. Ингэснээр Монгол хэлний тухай хуульд заасны дагуу хос хэлний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, казах хүүхэд багачууд хос хэлээр боловсрол эзэмших боломж нээгдсэн” гэлээ.
Мөн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд казах түмний үндэсний соёлын төв байгуулахаар болсныг дуулгасан юм.
“Наурызын баяр бол хавар болж бүх зүйл шинээр ирж байгааг бэлгэддэг”

Дэлхийн 44 улсад хагас тэрбум хүн Наурызын баяр тэмдэглэж байна. Манай улсын 150 мянган казах иргэдийн 40 мянга нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг.
Үндэсний хувцас, зүүсгэл гоёлоороо гоёсон мянга мянган казах иргэн Наурызын баярын арга хэмжээг үзэж сонирхож, оролцохоор ирж Сүхбаатарын талбайг дүүргэж байлаа. Хээ хуар, цацаг чимэглэлээр гоёсон бүжигчин охид шиг харагдах бүсгүйчүүд нүд алдам сайхан харагдана. Яахын аргагүй үндэстний соёлын тод илрэл нь үндэсний хувцас, зүүсгэл байдаг гэлтэй.
Энэ үеэр казах түмний төлөөлөл Таттекей Мейрам хаврыг угтаж буй сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Тэрээр “Наурызын баяр эрт дээр үеэс уламжлагдан ирсэн бөгөөд Иранаас гаралтай гэж ярьдаг. Социализмын үед тэмдэглэхийг хориглож байсан. Бид хүүхэд байхдаа өргөн дэлгэр тэмдэглэж байгаагүй. Харин зах зээл эхэлснээс хойш өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон. Одоо Чингэлтэй дүүрэгт амьдарч байгаа. Улаанбаатар хотод орж ирээд 22 жил амьдарч байна. Манайх гэр бүлийнхээ хүрээнд Наурызын баяраа тэмдэглэдэг. Анхны Наурызын баярыг их сайхан тэмдэглэсэн. Ах дүү, хамаатан саднаараа орж, ахмадууд нь ерөөл айлдаж золгодог. Наурызын баяр бол хавар болж бүх зүйл дэлгэрч, шинээр ирж байгааг бэлгэддэг. Мөн ахмадаа хүндэтгэн золгож, ахмадаасаа ерөөл сонсдог утга учиртай баяр” гэсэн юм.
“Хаврын эхний өдрөө цэвэр цэмцгэр угтахыг эрмэлздэгээрээ цагаан сарын баяртай төстэй”

Наурызын баяр нь олон утга учрыг агуулж, ураг саднаараа учран золгох, сайн шинэ бүхний эхлэлийг бэлгэддэгээрээ Цагаан сарын баяртай төстэй. Цаашлаад Наурызын баярыг угтаж эзэгтэй нар хэд хоногийн өмнөөс гэр орондоо их цэвэрлэгээ хийж, шинэ он буюу хаврын эхний өдрөө цэвэр цэмцгэр угтахыг эрмэлздэгээрээ цагаан сарын өмнө үйлддэг зан үйлтэй нэлээд төстэй. Энэ нь шинэ ондоо хир буртаггүй, ариун орвол тухайн жилдээ тийм сайхан явах болно гэдэг бэлгэдэлтэй салшгүй холбоотой аж.
Энэ талаар Хабыл Асемгүл “Наурызын баяраа тэмдэглээд сэтгэл өндөр байна. Би Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрж өссөн. Одоо Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Өнөөдөр үндэсний хувцсаараа гоёх их сайхан байна. Бид байнга үндэсний хувцас зүүсгэлээ өмсөөд байдаггүй. Бидний хувцас зүүсгэлд маш их утга учир агуулагдаж байдаг. Мөн казах түмэн хаврын баярыг угтаж бүх зүйлсийг цэвэр цэмцгэр байлгахыг хичээдэг” гэлээ.
Наурызын баярт зориулсан арга хэмжээгээр дамжуулан казах түмний зан заншил, өв соёлыг харуулсан төрөл бүрийн бүтээгдэхүүний худалдаа дэлгэсэн байв. Мөн ирсэн зочид хамт зургаа авхуулж, дурсгалын цомгоо нэмэх боломжтой бүргэд шувууд ч байлаа. Наурызын баярыг зорин ирсэн анч бүргэдүүд нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас гаралтай бөгөөд гурав болон таван настай аж.
Ийн байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр Наурызын баярыг тэмдэглэх нь хүүхэд залуусын хүмүүжилд чухал нөлөөтэй төдийгүй ахмадуудаа хүндэтгэн хайрлаж, тэднийхээ үг, сургаалийг ёсчлон хэрэгжүүлэх өндөр хариуцлага залууст ирдэг байна. Түүнчлэн Наурыз нь хахир өвлийн хүйтнийг өнтэй даван, хаврын урь орж, хүн амьтны зоо тэнийсэн, өдөр шөнө тэнцэн гэрэл гэгээ нэмсний баяр билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 54 (7796)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn