Цахим дэлгүүрүүдэд албан ёсны эрх өгдөг больё

0
хуваалцах
184
үзсэн

Б.БАЯРЖАВХЛАН

XXI зуунд хүн төрөлхтний хамгийн том дэвшлийн нэг нь цахим хэрэглээ юм. Дэлхийн хүн амын 55 хувь нь буюу 5.2 тэрбум хүн интернэт хэрэглэдэг. Манай улсын хувьд ч дэлхий нийттэй хөл нийлүүлэн цахим үндэстэн болсон. Цахим орчныг ашиглаж өөрийн цаг хугацааг хэмнэх, харилцах зэрэг олон давуу талтай ч түүнийгээ дагаад сөрөг үр дагаврууд их байна.

 Манай интернэт хэрэглэгчдийн  хувьд фэйсбүүкийг өргөнөөр ашигладаг.  Фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2012 онд 654 мянга байсан бол өнгөрсөн жил 2.9 сая болж нэмэгджээ. Дээрх үзүүлэлтээс харахад хүн амын 80 гаруй хувь нь интернэт ашигладаг ба үүнээс 96  хувь нь фэйсбүүк ашигладаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг байна. Түүнчлэн цахим орчны хэрэглээгээрээ бид Ази тивд өндөртөө ордог.

Гэвч түүнийгээ дагаад цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо огцом өссөөр байна.

Тодруулбал, 2016 онд 916, 2018 онд 659, 2021 онд 1400 цахим гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь 2016 онтой харьцуулахад 79 хувиар өссөн үзүүлэлт юм.

Түүний дотроос хамгийн ихээр үйлдэгддэг олон тооны хүнийг хамарсан нь Онлайн худалдааны залилан. Тодруулбал, Фэйсбүүк нь өдөр бүр 50 мянга гаруй гүйлгээ хийгддэг цахим худалдааны хамгийн эрэлт ихтэй платформуудын нэг бөгөөд Монголын нийт фэйсбүүкийн хэрэглэгчдийн 25 хувь нь онлайнаар худалдаа эрхэлдэг гэсэн тооцоо гарчээ. Мөн Цар тахлын нөхцөл байдал болон хэрэглэгчийн эрэлт, цаг хугацаа хэмнэлт гээд олон хүчин зүйлсээс шалтгаалж цахим худалдааны олон төрөл бий болсон. Гэвч цахим худалдааны эрх зүйн орчин хангалтгүй байгаа тул хуурамч худалдааны хохирогч болсон иргэн өнөөдөр хохирлоо барагдуулж чадахгүй байна. 


Цахим орчин дахь гэмт хэргүүдийн кейсийг хүргэж байна.


Кэйс 1

Бусдын фэйсбүүкийн нууц үгийг хууль бусаар олзлон авч ойр дотны хүн, хамаатан садангаас нь мөнгө зээлэх нэрийдлээр залилан авах эсвэл интернэт банкнаас мөнгийг нь хууль бус гүйлгээр шилжүүлэн авдаг.

-Иргэн Б.Эрдэнэбаяр өөрийн фэйсбүүк хаягаа бусдад алджээ. Түүний хаягаар “Яаралтай зээл төлөх гэсэн чинь мөнгө дутаад байна. Гурав хоногийн хугацаанд 500 мянган төгрөг зээлээч. 600 мянга болгож өгье” хэмээн 30 гаруй иргэнээс долоон сая төгрөг авсан байна.


Кэйс-2

Онлайн худалдаа гэх нэрээр залилах буюу зээлийн картын залилан, урьдчилгаа төлбөрийн залилан, интернэт маркетинг болон жижиглэн худалдааны луйвар.

-Иргэн Ү.Номин “U onlain shop” гэх хаятай цахим дэлгүүрээс даашинз захиалсан байна. Турхайн даашинз тус цахим дэлгүүрт зах зээлийн үнээс хямд байжээ. Захиалаад жил болж байгаа ч одоо хүртэл бараа нь ирээгүй. Мөн ямар ч хариу өгдөггүй байна.


Кэйс 3

 Өгөөш бүхий мэдээллийг уншихаар сонирхон дарж нэвтрэх нэр, нууц үгээ алддаг, “зээл олгоно”, “илгээмж явуулна” “сугалаанд хожсон”, гэх байдлаар иргэдийг төөрөгдөлд оруулж, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, сэдлийг төрүүлж улмаар уг зүйлсийн татвар хураамж, тээврийн зардлыг шилжүүлнэ үү гэх зэргээр цахим мэдээллийн хэрэгслээр түгээгдэж буй мэдээлэл үнэн зөв эсэх талаар нягтлан судалж үздэггүй.

-Энэ төрлийн гэмт хэрэг түгээмэл гардаг. Хамгийн сүүлд гэхэд 50 настай эмэгтэй О гадаад улсаас илгээмж явуулсан. Тиймээс та над руу тодорхой хэмжээний мөнгө явуулаач гэснээс үүдэж мөнгө алдсан хэрэг гарсан байна.

 

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

Хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа: кибер аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй

 

-Кибер гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа нь Монгол Улсад кибер аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчин хангалттай бүрдээгүйтэй холбоотой юм. Гэмт хэрэг үйлдэж буй хүмүүс ихэвчлэн гадаад сервертэй вэб сайтуудыг хэрэглээндээ ашигладаг. Тухайлбал, Фэйсбүүк, твиттер нь АНУ-д бүртгэлтэй компани бөгөөд эдгээрт бүртгүүлсэн хэрэглэгчийн мэдээлэл Америкийн хуулиар хамгаалагддаг, манай улсын хуулиар зохицуулагдах боломжгүй тул иргэн гомдол гаргасан тохиолдолд тэр улсаас нь тухайн сайтыг шалгаж өгөх, мэдээлэл авах хүсэлтийг явуулдаг. Цахимаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн мэдээллийг автоматаар олж авах технологийн боломж дэлхийн аль ч улсад хязгаарлагдмал байдаг тухай мэдээллийн технологийн мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Мөн Фэйсбүүк /Facebook/ компани нь терроризм, хүний амь нас хохирох нөхцөл байдал бий болсон, хүүхдийн садар самуун, секс сүрдүүлэг, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг /хар тамхи, хүн худалдаалах, мөнгө угаах/ зэрэг тодорхой төрлийн цөөн хэргээс бусад хэрэгт мэдээлэл гарган өгдөггүй нь олон төрлийн гэмт хэргийг таслан зогсооход хүндрэл учирч байна. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт зөвхөн цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн зохицуулалт байгаа бөгөөд тус хуульд заасан зарим төрлийн гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн нь хүндрүүлэх шинжид хамаарахгүй байна.

 

Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаны мөрдөн байцаах албаны мөрдөгч, Ахмад Э.Доржсүрэн: Онлайн шоп болон гадаадын иргэнд залилуулах, цахим хаягаа хакердуулах зэрэг хэргүүд элбэг байна

 

-Иргэдийн эрэлт хэрэгцээнээс үүдэж 9-11 дүгээр сард орон сууц худалдах, түрээслэх гэмт хэргийн тоо өсдөг. Одоогийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэг дээр илүү ажиллаж байна. Мөн онлайн шоп болон гадаадын иргэнд залилуулах, цахим хаягаа хакердуулах зэрэг хэргүүд элбэг байна. Иргэд судалгаа муу, итгэмтгий байна. Нэг үгээр хэлбэл хямд зүйлсийг авах, олох гэж байж залилах гэмт хэргийн хохирогч болж байна. Тиймээс тухайн хүн болон цахим дэлгүүрээ судлах хэрэгтэй. Гадаадын иргэдтэй харилцаа холбоо үүсгэх хэрэггүй байна. Энэ талын мэдээ мэдээлэлтэй болгох нь зүйтэй.

 

Цаашид ч бид цахим худалдаа болон цахим орчныг ашиглаж түүнтэй дасан зохицож амьдрана. Цахим дэлгүүрээр үйлчлүүлэх нь ч иргэдийн цаг завыг хэмнэсэн таатай үйлчилгээ. Тиймээс бид цахим дэлгүүрүүдэд хяналт тавих, албан ёсны эрх олгож, татвар төлдөг болгох шаардлага нийгэмд үүсээд байна. Мөн хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, худалдан авагчийн аюулгүй байдлыг хангах нь зүйтэй. Ингэж байж бид цахим дэлгүүр нэрээр залилан луйвар хийж байгаа хүмүүсийг зогсоох боломжтой. Цахим дэлгүүр буюу онлайн шоп нээхэд өнөөдөр маш амархан. Фэйсбүүкээсээ пэйж нээх эсвэл грүпп нээхэд л хангалттай байдаг. Тэгвэл дэлгүүр нээхийн тулд улсын бүртгэлд бүртгүүлэх, дансаа холбох зэргээр албан ёсны болж хуулийн хариуцлага  хүлээх чадамжтай болгох нь зүйтэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 185 (6917)