Б.ЖАВХЛАН
ХЭҮК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан “Олон нийтийн сүлжээнд хүүхдүүд нэгнийхээ бие махбодод халдах, доромжлох, заналхийлэх, хүчирхийлэл үйлдэх, мөн бусдын зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр нийгмийн сүлжээнд байрлуулах зэрэг асуудал гарч байгаад харамсаж байна. Хүүхдүүддээ эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, зөв хүмүүжил олгож чадаагүй нь бид бүхний хариуцлагын алдаа гэж харж байна.
Хүүхдийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт нь ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх боломжгүй асуудал юм. Манай комисс сүүлийн жилүүдэд үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг удаа дараа хөндөж, сүүлийн гурван илтгэлдээ энэ үзэгдэл ноцтой хэмжээнд хүрснийг онцолж, арга хэмжээ авах шаардлагатай талаар санал, зөвлөмж хүргүүлсэн.
Тухайлбал, ХЭҮК-оос 22 дахь илтгэлдээ дотуур байр дахь үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг хөндөж, урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргасан. Харин 23 дахь илтгэлдээ боловсролын салбарт гарч буй үе тэнгийн дээрэлхэлтийг зогсоохын тулд цогц, үе шаттай арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт зөвлөсөн. Мөн 24 дэх илтгэлдээ цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийн асуудалд зайлшгүй анхаарах шаардлагатайг онцолсон. Манай байгууллага энэ асуудлаар тогтмол судалгаа хийж, зөвлөмж хүргүүлж байгаа ч бодит үр дүнд төдийлөн хүрэхгүй байгаад харамсаж байна.
Хүүхэд хамгааллын тухай хууль 2024 онд шинэчлэн найруулагдсан боловч хэрэгжилт нь хангалтгүй байна. Хүүхэд хамгаалах асуудал нь ганц байгууллага, эсвэл зөвхөн эцэг эхийн оролцоогоор шийдэгдэхгүй. Олон салбар хамтран ажиллаж байж бид хүүхдүүдээ хамгаалж чадна. Хүүхэд хамгааллын хамтарсан багууд хороо, дүүрэг, сум, сургууль бүрд ажиллаж байгаа. Эдгээр багийн үндсэн чиг үүрэг нь үе тэнгийн дээрэлхэлтийг илрүүлэх, хүүхдийг хамгаалах, дээрэлхэлт гарахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах явдал юм. Гэвч бодит байдал дээр энэ чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байна. Бидний хийсэн судалгаагаар санхүүжилт болон мэргэшсэн боловсон хүчний дутагдал байгаа нь ажлын үр дүнд нөлөөлж байна.
Саяхан гарсан үйл явдлыг харахад энэ нь энгийн үе тэнгийн дээрэлхэлтээс давж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудал болсон. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж, дүгнэлт гаргах байх.
Мөн хүчирхийлэл үйлдсэн хүүхдүүд хариуцлага хүлээлгүй өнгөрнө гэх яриа цахим орчинд гаарах болсон. Монгол Улсын хууль тогтоомжоор 14 нас хүрсэн хүн эрүүгийн хариуцлага хүлээх зохицуулалттай байдаг.
Гэхдээ хариуцлага хүлээлгэж байна гээд тухайн хүүхдийг нийгмээс тусгаарлах, сошиал орчинд “цаазлах” байдлаар хандаж болохгүй. Хүүхэд буруугаа ухамсарлаж, засарч, эргэн нийгэмших боломжийг нь олгох ёстой" гэлээ.